ШҮҮГЧ НАРЫГ “ШҮҮХ” ЦАГ БОЛЖЭЭ

19216

“Шөнөжин эхнэрээ тэвэрч хоносон шүүгчийн цалин 3-6 сая төгрөг байхад шөнөжин хүний амь насыг дэнсэлж хоносон эмчийн цалин 500 мянган төгрөг байна” хэмээн эмч нар 2017 онд салбарын сайддаа ил захидал бичиж байжээ.

Монгол Улсад хамгийн өндөр цалинтай төрийн албан хаагчид бол шүүгчид юм. Анх тэдний цалингийн хэмжээг нэмэгдүүлж олон нийтэд мэдээлсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулж байсан удаатай. Хяналтын шатны шүүгчээс анхан шатны шүүхийн цалингийн хэмжээ бол өнөөдрийн байдлаар 1.5-3.3 сая төгрөг хүртэлх цалинтай ажиллаж байна.

Тэд яагаад ийм өндөр цалинтай ажилладаг вэ гэсэн асуултад шүүх хүний амьдралын алдаа онооны үнэн худлыг дэнслэхийн тулд шударга шийдвэр гаргадаг байх ёстой хэмээн тайлбар хийдэг. Авлигаас ангид байх ёстой гэсэн агуулгаараа шүүгчийн цалинг бусад төрийн албан хаагчаас өндөр тавьж өгсөн. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед шүүгч нарын цалинг хасах саналыг төсөв батлах үеэр оруулж ирсэн ч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл хийсний эцэст бууруулаагүй. Тус зөвлөлийн удирдлагуудын ярьснаарр Шүүгчийн цалинг бууруулбал шүүгчийн хараат бус байдал алдагдана хэмээн эсэргүүцэж байв.

Үүнийг иргэд шүүмжилж цалинг нь бууруулчихвал авлига авна гэсэн логиктой үг хэлж байгаад ихэд харамсч байсан билээ. Харин энэ логиктой холбогдуулан шүүгчдийн цалинг нэмсэнээр шүүхийн шударга байдал нэмэгдсэн эсэх нь ямар ч баталгаагүй.

2016 онд шүүгчдийн цалинг хасах тухай оруулахдаа Засгийн газраас “Өнөөгийн шүүгчийн цалин хөлс нь төрийн албан хаагчийн дундаж цалингаас өндөр, адил мэргэжил, ур чадвар шаардах төрийн бусад адилтгах албан тушаалын цалингаас хэт өндөр байгаа нь хуулийн зарчимд нийцэхгүй байна” гэсэн үндэслэлийг оруулж ирж байжээ.

Тухайлбал, адил мэргэжил ур чадвар шаардах прокурорын цалин шүүгчдийнхээс гурав дахин бага. Өөр бусад мэргэжилтэй харьцуулахад ч хэцүү. Тодруулбал, өвөлжин цалингаа нэмүүлье хэмээн жагссан багш нарын мөрөөдлийн цалин шүүгч нарын голсонтой тэнцүү.

2015 оноос шүүгчийн албан тушаалын цалинг 2.7 сая төгрөгөөс 3.3 сая төгрөг болгон баталсан бол багш нарын цалингаа ядаж л нэг сая төгрөг болгож өгөөч хэмээн сурагчдынхаа өмнө нэр төрөөрөө барьцаа тавин байж ажлаа хаяж жагсаал хийж байсан билээ.

Засгийн газраас шүүгчдийн цалинг бууруулах саналаар бол ердөө 519 шүүгчийн цалин 61-63 хувиар бууруулахад улсын төсөвт 3.2 тэрбум төгрөгийн хэмнэлт гарна гэж тухайн үед тооцоолж байсан юм. Ийнхүү бууруулсан бол шүүгчдийн цалин 1.2-1.3 сая төгрөг болох байв. Өөрөөр хэлбэл өнөөдөр багш нарын Засгийн газраас хүсч шаардаж буй мөрөөдлийн цалинг л тэд авдаг болох байсан юм. Гэхдээ шүүгч нар одоо багш нарын авахыг хүсч буй цалингаас 2-3 дахин өндөр цалинтай хэвээр байгаа.

Гэвч шүүгч нарын хараат бус байдал цалинтайгаа дүйхгүй байгааг хууль тогтоох засаглалын гишүүд нь хүртэл хэлж байгаа. Анхан, дунд гэхчлэн шат шатанд шүүгчид тогтсон ханштай бөгөөд шүүгчийн таван настай хүүгийн дансанд 500 сая төгрөг байна хэмээн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ярьсан.

Тэрээр “Шүүх засаглал сүүлийн 28 жил нэг нэг ч ард түмнээр дүнгээ тавиулаагүй. Захиргааны хэргийн шүүгч нар хөрөнгөжсөн. Зарим шүүгчийн дансанд сая доллар байсан шүү дээ. Хэдхэн жилийн өмнө. Эхнэр нь нотариат хийдэг. Тэр орлогоор сая доллар олсон гэсэн. Таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая төгрөг байна. Анхан шатны шүүх дээр 50 мянган ам.доллар, давж заалдах шатны шүүх дээр 100 мянган ам.доллар, Хяналтын шатны шүүх дээр 200 мянган ам.долларын авлига авдаг гэдэг яриа явчихлаа. Энэ хүмүүст бид хамгийн өндөр цалинг өгч байна, бүх насаар нь албан тушаалд тавьж байна. Бид үүнийг өөрчлөөгүй цагт шударга ёсны талаар яриад хэрэггүй” гэж ярилцлага өгөхдөө хэлсэн билээ.

Ингэж ярьсныхаа дараа тэрээр шүүгчдийн тухай нотлох баримтыг УЕП-т өгч байгаагаа өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн хурал хийж мэдэгдсэн.

Гэтэл шүүгчдийн цалин тойрсон, авлигын тухай барим тавим мэдээллийг УИХ-ын гишүүд нь хийхтэй зэрэгцэн бас нэг асуудал сөхөгдөж ирлээ. Өндөр цалинтай шүүгчдийн талаар хамгийн сүүлд гарсан мэдээлэл гэвэл “ХААН” банкнаас 180 шүүгч 1 хувийн хүүтэй орон сууцны зээл авсан тухай мэдээ байна. Үүний 2008 онд сарын нэг хувийн буюу жилийн 12 хувийн хүүтэй зээл гэсэн тайлбар гарч буй ч нэг дор 180 шүүгч нэг банкнаас зээл авч буй нь л зөвхөн хараат бус байдалтай нь харгалдах үйлдэл юм.

“Шүүгч ч гэсэн хүн. Тэд зээл авч болно” гэж үзэх хэсэг байх ч нэг банкин дээр нийтээрээ очоод хөнгөлөлттэй зээл авч байгаа шүүгчийн ёс зүйтэй нийцэх үү. Тэднийг шударга ёсны төлөө ажиллаарай гэж хамгийн өндөр цалинг төр өгч байхад шударга бусаар шүүгч нар нь бөөндөж зээл авч байгаа нь яав ч шударга бус юм биш үү.

Энэ мэт баримтуудаас харахад шүүгч нараа “шүүх” цаг болсон юм шигээ.

Эх сурвалж: eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих