Билл Гейтс Хятадуудтай хамтран атомын рейктор байгуулна
Манай гарагийн хамгийн баян хүмүүсийн нэг болох «Майкрософт» компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс Хятадын Үндэсний цөмийн корпорацитай /ХҮЦК/ хамтран шинэ үеийн атомын реактор байгуулах гэж байна. Энэ тухай «Саут Чайна морнинг пост» сонин мэдээлжээ.
«Гейтсийн эзэмшилд байдаг «Терра пауэр» компани шинэ үеийн атомын цахилгаан станц байгуулах төслийн асуудлаар бидэнтэй хамтран судалгаа явуулж байгаа» гэж ХҮЦК-ийн ерөнхий менежер ярьсан байна. Түүний хэлснээр, Америкийн тэрбумтан энэ асуудлаар хэлэлцээ хийх зорилгоор Хятадад хэд хоногийн дараа хүрэлцэн ирэх гэнэ.
Билл Гейтс хятадуудтай хамтран баяжуулсан уранаар ажиллах чадвартай Traveling Wave Reactor /TWR/ гэдэг реактор байгуулах гэж байгаа гэнэ. Ийм төхөөрөмж дээр түлш маш удаан шатдаг учир шатахуунаар бүрэн цэнэглэхгүйгээр хэдэн арван жилийн хугацаанд цахилгаан эрчим хүчийг тасралтгүй үйлдвэрлэдэг байна. Түүнээс гадна, ийм реакторууд нь хэмнэлттэй, овор хэмжээ бага, найдвартай, хямд төсөр гэдгээрээ бусад реакторуудаас давуу талтай бөгөөд Хятад зэрэг орнуудад эрэлт ихтэй байх магадлалтай.
Гэхдээ одоогийн байдлаар эрчим хүчний ийм төхөөрөмж хараахан бүтээгээгүй байгаа юм. Дээрх хоёр компанийн хамтран ажиллах асуудлыг хэлэлцэх зорилгоор Гейтс өнгөрөгч зургадугаар сард Хятадад очжээ. Үүнээс гурван сарын дараа «Терра пауэр» компанийн гүйцэтгэх захирал Жон Жилленд ХҮЦК-ийн удирдлагуудтай хэлэлцээ хийсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ”
URL: