Сонгууль дөхөж, эрхэм гишүүний хулхи нь буужээ

Их удирдагч В.И.Лениний сургаалийг орчин үеийн үг данд тааруулж гуйвуулан, “Бэлгэвч бэлгэвч бас дахин бэлгэвч” хэмээн чуулганы танхимаас хоолой мэдэн бархирах их тайгийн ганц нөхөр сүүлийн үед дуу нь ч гарахаа больтлоо хүмүүжжээ.

Ангийн нөхөд нь ч мар мар хийлгэх хүн байхгүй, их л гунигтай хуралдах болсон юм байх. Ядаж байхад их сунгаа ойртсоныг ч хэлэх үү, сүүлийн үед нэлээд хуралддаг болсон аж. Харин саяхан төсөв мөнгө ярьж, олон цагаар хуралдахад л парламентын “хөхөө”-гөө нөхдүүд нь томоожсоныг нь анзаарсан гэнэ.

Ямар сайндаа л үг, өгүүлбэр бүрээрээ хэг ёг гэлцэж суудаг байсан Ц.Нямдорж сайд хуралдаанд чилээсэндээ “Энэ Л.Гүндалай хаагуур яваад байгаа юм бэ” хэмээн хайж суусан гэнэ. Гэтэл үнэн дээ, эрхэм гишүүн хуулийн төслөө харсан шигээ, ширээнээ тухалж байсан аж. Харин энэ явдлыг ангийнхан нь сонсоод, түр ч болов нойроо сэргээжээ.

Гэхдээ л сурсан занг сураар боож болдоггүй гэж яаж зүгээр байх вэ, сонгууль ч дөхөж байна. Жижиг сажиг ч гэсэн олны анхаарлыг татаж, бусдыг алмайруулах боломж олдвол алдана гэж огт үгүй шүү. Саяхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны нэгдсэн төсвийн төслийг эцэслэн батлах зуур тэрбээр ээлжит номоо хэвлүүлсэн бололтой хэдийг барин Ерөнхий сайдын индэр лүү мацаж очоод гарын үсгээ зуран гардуулж, ангийнхандаа төдийгүй зурагтын камерын өмнө өөрийгөө үнэгүй “реклам”-дав.

Харин Д.Арвин гишүүн хавтастай бичиг савчуулан Х.Баттулга сайдын ширээний өмнө нуруугаа үүрч нэг зогсоод, тэгснээ ташаагаа тулж нэг зогсоод чухалчлан уулзав. Гэтэл хэсэг хугацааны дараа Л.Гүндалай гишүүн нүүр дүүрэн инээмсэглэлтэй суудал руугаа гүйж, Д.Арвин гишүүн хошуугаа унжуулан бичгээ савчуулсаар ширээ рүүгээ алхав. Тэгэхээр энэ чинь л Л.Гүндалай гишүүний жинхэнэ имиж шүү дээ.

Гэтэл сүүлийн үед эрхэм гишүүн улс орны томоохон асуудалд хошуу нэмэрлэж, гар дүрэхгүй, хойш суух болов. Тэрбээр том дуугарч, далайцтай хөдлөхгүй олны өмнө томоотой гэгч нь амаа хумхин даруухан гишүүний дүр эсгэх болжээ. Энэ нь ч аргагүй юм, хөөрхий. Төрийн ордны улаан буйданд эл удаан жил тухлахдаа хоёр ч удаа Ганц худагт саатаад амжсан. Өөрийн ярьсан зүйлдээ өвдөг шороодож, хийсэн үйлдэлээ хүчин мөхөстдөг амьдралын туршлага бий, түүнд.

Тэр ч утгаараа сонгууль дөхсөн энэ жилүүдэд аминд хүрэхгүй бяцхан зүйлүүдээр өөрийгөө рекламдаж суух нь түүний хувьд, оносон сонголт юм уу даа. Яах вэ, ардчилсан орны хэл ам гаргахгүй дипломатч хатагтайг үнсэж, хэдэн ном тараасан шигээ аяглах түүнд хэн, ямар юмны хуулийн хариуцлага, энэ тэр байхав. Олны нүдийг өөртөө нааж л байвал болоо шүү дээ.

Харин тэрбээр ойрмогхон юм уу даа “Томчуудаас асуух зуун асуулт” шоу нэвтрүүлгийн зочноор оролцож, зуун асуултаар “бөмбөгдүүлэхдээ” тэвдэв үү, яав өнгөрөгч үеийнхээ бүхий л жаргал, зовлонг илэн далангүй тоочих шиг болсон . Түүний хувьд, хэдийгээр нэг замаар явахыг хүсдэг ч улс төрд шударга зүйл ховор байдаг учир ямар нэгэн дэмжлэг, жүжиглэлт зайлшгүй хэрэгтэй байдгийг ч үнэнээр өчсөн юм.

Тэрбээр хэлэхдээ “Би ганцаараа шударгаар зүтгэж, бусармаг бүхнийг илчилсэнийхээ төлөө түмэн олон дайсантай болсон. Тэр үед үнэхээр дэмжлэг хэрэгтэй юм байна гэж ойлгосон учир АН-даа эргэж ирсэн” гэв. Мөн “Авлигатай тэмцэх газраас хийсэн шалгалтаар надаас 10 дахин хөрөнгөтэй хүмүүс нь надаас 10 дахин ядуу болж хувирсан.

Тиймээс би хамгийн шударга, хамгийн баян нь юм байна гэдгээ мэдсэн” хэмээсэн юм. Гэхдээ түүнд өөрийгөө асуудлаас цэвэрхэн аваад гардаг тийм нэг чанар бий. Ямар сайндаа л Германы Канцлер Ангела Меркелийн хацрыг үнсэж, хэвлэл мэдээллийн бай болохдоо “Би Ангела Меркелтэй герман зангаар мэндчилээд л өнгөрсөн. Тэгээд ч би ямар эрхэмсэг хатагтайн уруул дээр нь үнссэн биш, сүртэй юм” “нам дарсан” нь энгийн нэгэн л жишээ юм.

Тэгэхээр эрхэм гишүүний улс байсангүй. Гэхдээ өнгөрөгч жилүүдэд ганцхан тойргоос дөрвөнтөө УИХ-д сонгогдсон “бурхи” түшээ гэж байгаа. Ер нь хэрийн хүн ийм амжилттай явахгүй шүү. Бөхөөр бол дахиад ганц сонгогдчихвол аварга юм уу даа. Анх 2000 оны парламентын сонгуульд Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшиж, нам бусчуудын цорын ганц төлөөлөл болон ялалт байгуулж байв.

Түүний үеийнхэн эх орондоо ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийг авчирч байх үед тэрбээр Берлиний хана нурах түүхэн үйл явдлын гэрч болж, ХБНГУ-д эмч мэргэжлээр суралцахын зэрэгцээ ,бизнесийн салбарт хүч үзэн ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан гэдэг. Бүр тэр үед л улс төр судлалын академид номын дуу сонсож, амьдарч буй нийгмээ ойлгохыг хичээж эхэлсэн нь түүний улстөрчийн замналын анхны алхам байсан гэх юм билээ.

Ямартай ч сонгууль дөхөж хурал хуй нэмэгдсэнийг ч хэлэх үү, Л.Гүндалай гишүүний томоотой болсныг ч гайхах уу, чуулганы танхим их л гунигийн хуралдах болсон гэнэ шүү.

О.Мөрөн

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих