Эрдэнэтийн экс захирал Ч.Ганзориг юу хийснээ мэдэхгүй яваа…
БНН-ын дарга Б.Жаргалсайхан Эрдэнэтийн экс захирал Ч.Ганзоригийг юу хийснээ мэдэхгүй яваа гэж егөөджээ. Үнэндээ Ч.Ганзориг мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Чимэддоржийн Ганзоригийн үед буюу 2008 оноос эхлэн “Жаст” групп Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банкинд тавьж, мөнгө зээлээд эхэлсэн байдаг.
Панамын баримтаар илэрсэн Монголын нэр бүхий 49 оффшорчноос 6 данстай буюу хамгийн баян оффшорчноор Ч.Ганзоригийн дүү Чимэддоржийн Батзориг тодорсон.
Ч.Батзоригийн хувьд ямар нэгэн томоохон бизнес эрхэлдэггүй гэх бөгөөд 6 оффшор дансан дахь их хэмжээний мөнгөний ард Монголын ганц саалийн үнээ Эрдэнэтийн дэлэнг шувтарч суусан Ч.Ганзориг бий гэж харддаг.
Архангайгаас УИХ-д сонгогдсон Г.Тэмүүлэн гишүүний аав Ч.Ганзоригийг нөгөө алдарт ”Гааль”-ийн Х.Баатарын хамтаар МАН-ын санхүүг босгогч гэж нэрлэх нь бий. Ч.Ганзоригийн хувьд 2007 онд Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлаар томилогдсон бөгөөд түүнийг муу нэрт, луу данст С.Баяр томилж байв. Ингээд л С.Баярын хуурай дүү ”Жаст”-ын Ш.Батхүү Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулж Өмнөд Африкийн Стандарт банкнаас мөнгө зээлээд эхэлсэн.
Ч.Ганзориг яаж яваад, юу хийсэн болоод богино хугацаанд “Долларын тэрбумтан” болсон нь хачирхалтай. Яагаад ч юм түүнийг Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байхад цол гуншин их олгогджээ. Яг л нөгөө эд хөрөнгө дагаж гавьяа шагнал ирдэг шиг.
Монгол Улсын Төрийн шагналт, Гавьяат эдийн засагч, Тод Манлай уяач, Алтай сарнайн эзэн, Олимпийн хорооны нэрт зүтгэлтэн тэрээр Хөдөлмөрийн баатарт хүртэл нэр дэвшиж байсан удаатай.
Үнэхээр сайн ажилласан байгааз, “сайн ажилласан”-ыг үнэлээд С.Баяр тэргүүтэй “Ах Нар” нь ийнхүү мялаасан бололтой. Өдгөө “Би мэдэхгүй, миний гарын үсгийг хуурамчаар зурсан байна лээ” гээд хэвлэлд ярьсан Ч.Ганзоригийн дүүгийн оффшор дахь мөнгөний эх үүсвэр, хүү УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн сонгуулийн зардал яг хаанаас гарав?
Ч.Ганзориг Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банкинд барьцаалсан талаар юу ч мэдэхгүй хэмээн гүрийсээр. Юу хийснээ мэдэхгүй хэрнээ шагнуулаад л яваад байж дээ…
Тиймээс түүнд юу хийснийг нь хэлж ойлгуулаад, бас ингэж болдоггүй юм, “ингэвэл ингэдэг юм” гээд заачих хүн байна уу?
Caaknews.mn
URL: