“Хоёрт нүүрт Ч.Улаан сүхбаатарчуудаар тоглож байна”
Ч.ЗОТОЛ
Сүхбаатар аймагт 2016 оны УИХ-ын сонгуулийн маргаан өнөө хүртэл үргэлжилж, өнгөрсөн хоёр жил засаглалын хямралд ард түмний амьдрал туйлдаж ирэв.Үүнийг нутгийн иргэд Сүхбаатар аймгаас 4-5 удаа сонгогдож, тус ард түмнийг төрд төлөөлсөн УИХ-ын гишүүн Ч.Улаантай холбон тайлбарладаг. Тодруулбал, аймгийн ИТХ нь 33 суудалтай бөгөөд 2016 оны орон нутгийн сонгуульд АН 17, МАН 16 суудал авсан. Гэсэн ч сонгуулийн луйвар булхайгаар МАН эрх мэдлийг авч, Засаг даргаар З.Энхтөрийг хууль бусаар томилуулсан. Үүнд Ч.Улаан гол үүргийг гүйцэтгэсэн. Ингэхдээ аймгийн ИТХ-ын тамгагүй албан баланк дээр З.Энхтөрийг батламжлуулах бичгийг авч, “ Сүхбаатар аймаг нь тамгаа гээгдүүлсэн” гэсэн утгатай бичгийг өгч тамга тэмдэг хийлгэн баталгаажуулснаа олны анхаарал сарнисан баяр наадмын үеэр тухайн үед Ерөнхий сайд байсан Ж.Эрдэнэбатад өргөн барьж батламжуулжээ. Ийнхүү сүхбаатарчууд хууль бус Засаг дарга З.Энхтөрийг хүлээн зөвшөөрөхгүй, сонгуулийн луйвар булхайгаар нэг талын үйл ажиллагаа явуулж буй ИТХ- ын хурлыг үл хүндэтгэснээс ирц бүрдэхгүй, төсөв, үйл ажиллагааны чиглэлээ баталж чадахгүй өдий хүрсэн юм. Энэ байдлыг МАН-ын удирдлагууд, Засгийн газрын ХЭГ-ын дарга нар, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч газар дээр нь очоод ч шийдвэрлэж чадаагүй. Ч.Улааны хувьд нэр дэвшиж гарсанаас хойш Сүхбаатарт үүссэн асуудлыг үл тоож, З.Энхтөрийг томилуулсандаа сэтгэл ханаад алга болсон. З.Энхтөр нь УИХ-ын сонгуулиар Сүхбаатар аймаг дахь сонгуулийн шатбыг нь удирдсан түүний баруун гар юм. Харин саяхан ИТХ –ын 20 гаруй төлөөлөгчийн саналаар Засаг даргаа огцруулж, одоогоос найман жилийн өмнө тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэцогтыг томилуулах саналыг өргөн бариад буй юм. Энэ тухай тойргоос сонгогдсон гишүүний хувьд Ч.Улаан Засгийн газрын ХЭГ-т албан бичиг хүргүүлжээ. Түүндээ “Хууль зөрчсөн З.Энхтөрийг огцруулж, Р.Эрдэнэцогтыг томилуулах орон нутгийн ши йдвэрт хүндэтгэлтэй хандана уу” гэжээ. Өөрөө ч бас хууль зөрчин тамга хийлгэж, хууль бус Засаг дарга З.Энхтөрийг томилуулж байсан бол өдгөө суурин дээрээ хэдэнтээ эргэж, хоёр нүүр гаргасан байр суурийг ийнхүү илэрхийлжээ. Үүнийг нь нутгийн иргэд, сонгогчид “Хоёр нүүрт Ч.Улаан сүхбаатарчуудаар тоглож байна” хэмээн ярьж байна.
Эх сурвалж: www.polit.mn
URL: