Х.Нямбаатар: Шүүгч нарын ихэнх нь Туул голын орчимд Ривер Гарденд амьдарч байгаа

19034
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар өнөөдөр мэдээлэл хийж нэр бүхий 22 бүхий шүүгчийн ХОМ-ыг холбогдох газруудаар шалгуулна гэдгээ мэдэгдэв.

Тэрбээр ярихдаа, “Шүүхийн ерөнхий зөвлөлтэй холбоотой асуудлаар миний бие Цензургүй яриа нэвтрүүлгээр орохдоо “Шүүх засаглал ялзраад байна” гэж ярьсан. Үүнд Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Улсын дээд шүүх маш их эмзэглэж, надад хаяглсан албан бичгүүдийг хүргүүлсэн. Мөн 30 минутын хугацаатай шүүгчдийнхээ хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгоод, буцаагаад хаасан.

Эндээс харахад 3 сая төгрөгийн цалинтай шүүгч нарын ХОМ тэрбумаас давсан харагдсан. Өөрөөр хэлбэл нэг жилд шүүгч нар маань юу ч идэж, уухгүй амьдарчээ. Энэ нь ХОМ-ээр харагдсан. Өнөөдөр бид Шүүхийн Ерөнхий зөвлөлд хариу хүргүүлнэ. Мөн УЕП-т “мэдээлэл гаргах тухай” гэсэн албан бичиг өнөөдөр илгээнэ. Мөн энэ албан бичгийг бид өнөөдөр сошиалд тавина.

Бид өнөөдөр УЕП-оос шүүгч нарын  ХОМ болон түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийн хөдөлгөөнийг шалгаж, олон түмний эргэлзээг шалгаж өгөөчээ гэж хүсэж байна. Энэ шүүх засаглал үнэхээр хууль бусаар хөрөнгөжиж байна уу, үгүй юу гэдгийг шалгаж олон түмний эргэлзээг тайлж өгөөчээ гэж хүсэж байна.

Шүүхийн Ерөнхий Зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох учиртай. Тэгж байж дараа нь бид шударга ёсны талаар ярих хэрэгтэй. Идэж, ууж авлига авах болохоороо уургын морь шиг. Шалгагдаж, хоригдох болохоороо бүгд өвчин зовлонтой болдог. Энэ болгоныг шийдэх газар нь шүүх. Энэ шүүх нь өөрөө ингээд ялзарчихсан тохиолдолд нөгөө гүйцэтгэх, хууль тогтоох засаглалынхаа бусармаг үйл ажиллагааг бүрэн цэвэрлэж чадахгүй системийн хямралд шилжээд байна.

Өнөөдөр манай шүүгч нарын ихэнх нь Туул голын орчимд Ривер Гарденд амьдарч байгаа. Бид ХОМ-үүдээс харахад ихэнх нь энийгээ дурдаагүй байна лээ. Эсвэл зарим нь түрээсийн орон сууцад амьдраад байгаа юм уу. Ривер Гардены орон сууцууд ихэвчлэн тэрбум төгрөгөөс дээш үнэтэй байдаг. 3 сая төгрөгийн цалинтай манай шүүгч нар цалингаа огт үрэхгүй 30-40 жил цуглуулж байж ийм орон сууц авна шүү. Энэ бол зүгээр энгийн арифметик шүү” хэмээн мэдэгдэв.


URL:

Нэр: Зочин Огноо: 30 March 2018

Маш зөв. Алуурчин Лүндэндорж авилгачдынхаа хамтаар зайлах ёстой.

Сэтгэгдэл бичих