Жүжигчин ТӨТӨ 1жил 6 сарын хорих ял авсан гэв үү
Олны танил хүмүүс биеэ зөв авч явах бичигдээгүй хуультай. Бусдад үлгэр дуурайлал үзүүлэлгүй гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял авч байсан алдартнуудын хэргийг эргэн санацгаая. Энэ удаад жүжигчин Д.Түвшинтөр Өвөрхангай аймагт согтуугаар жолоо барьж байгаад хоёр хүүхэд дайрч гэмтээсэн хэргийг онцолж байна
Монгол улсын иргэн, 1977 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, “Эмоци” продакшиний захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Улаанбатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороонд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогтой Довдонгийн Түвшинтөр нь 2015 оны 07 дугаар сарын 12-ны орой 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутагт 88-04 УНЗ улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь заалт, 2 дугаар зүйлийн 2.5.а, 2.5.б, 2.5.в, 2.7.а, 2.7.е, мөн замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах заалтуудыг зөрчсөний улмаас зорчих хэсгээс гарч явган хүний зам дээр явсан хохирогч М.Уянга, насанд хүрээгүй хохирогч М.Хүслэн нарыг мөргөж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, зам тээврийн осол гаргаад осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан байдаг. Энэ хэргийг анхан шатны шүүхээр 2016 оны 06-р сарын 07-ны өдөр хэлэлцэж түүнийг гэм буруутай гэж үзсэн байдаг
Хэргийн талаар жүжигчин Д.Түвшинтөр: Би 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Хархорин суманд ирсэн. Орой найзтайгаа уулзаад пиво уусан байсан. Орой 23 цагийн үед гэрлүүгээ явж байсан. Надад 1 хүүхэд л харагдсан. Зүгээр үү гэсэн чинь зүгээр гээд би цааш явсан. Миний буруу болсон байна. Уянгаагийн мэдүүлэгт байгаа байх. Би санаатай зугтаагаагүй. Тухайн үед Уянгагаас асуугаад гайгүй юу гэхэд зүгээр гэсэн. Би тухайн үед 10 настай хүүхэд олж хараагүй. Жолоочийн курст сурсан. Дүрмээ мэдэж байгаа. Иргэний үүргээ ч мэдэж байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэж мэдүүлж байсан түүхтэй
Энэ хэргийн улмаас хоёр хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон. Тэдэнд хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №10366 тоот актын: “
… 1. Уянгын биед тархи доргилт, баруун зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…”
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №10365 тоот шинжээчийн дүгнэлтэд
“… 1. Хүслэнгийн биед тархи доргилт, хатуу бүрхүүлийн доор цус, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, хамар ясны хугарал, хуйханд шарх, 2 зовхинд цус хуралт, зүүн зовхи, хацар, дух, чамархай, хамар, уруулын дээр, нуруу, 2 өвдөг, зүүн сарвуунд зулгаралт, зүүн тохойд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна…” гэж бичсэн байдаг
Ослын дараа Д.Түвшинтөр хүүхдүүдийн эмчлгээний зардлыг гаргасан байдаг. Тиймээс хохирогч М.Уянга, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Саранбилэг нар “…Д.Түвшинтөр нь бид нарт учруулсан гэмт хэргийн хохирлыг бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн нь шүүхийн тэмдэглэлд үлджээ
Тиймээс Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхээс Д.Түвшинтөрд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эмчилгээний зардлыг сайн дураараа төлсөн нөхцөл байдал нөлөөлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна
иймээс хохирогч М.Уянга, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Саранбилэг нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлөгдсөн тул шүүх хуралд суухгүй оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул хохирогч М.Уянга, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Саранбилэг нарыг байхгүйд хэргийг хянан шийдвэрлэжээ. Тодруулбал Боржигон овогтой Довдонгийн Түвшинтөрийг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар Д.Түвшинтөрийг 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Түвшинтөрд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээри зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Д.Түвшинтөрд оногдуулсан 1 жил 06 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаад суллан явуулсан байдаг
Эх Сурвалж bestofadvice.com
URL: