НИТХ-ын төлөөлөгч Д. Амарбаясгалан, хотын засаг дарга С. Батболд, НИТХ-ын дарга С. Амарсайхан нарт санал хүргүүлэв
Турк улсад албан айлчлалтай яваа тул үүгээр дамжуулж саналаа хүргүүлье!
Наад нэг ямар ч судалгаагүй дугаарын хязгаарлалт тэгш сондгойн хязгаарлалт гэдэг балай юм аа одоо боль. Хотын иргэдээр хангалттай тоглож байна наад замын асуудал хариуцсан нөхөд чинь! Ядаж хийх гэж байгаа ажлаа хэдэн сарын өмнө ард иргэдэд мэдэгдээд амьдралаа зохицуулах боломжийг нь олгоод шийдэж байх хэрэгтэй шүү дээ. Иргэдээсээ бас саналыг нь сонсож амьдралд нь аль болох хүндрэл бэрхшээл бага учруулах шийдвэр гаргах хэрэгтэй!
Хот гэдэг хотын удирдлагын шийдвэр гэдэг нь гарсан даруйдаа иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг гэдгийг байнга санаж бодож тунгаах хэрэгтэй. Зүүн гар тийш эргүүлэхгүй , баруун эргэхийг нээлээ гэх мэтээр богино хугацаанд судалгаагүй шийдвэр гаргаж түүнийгээ хэрэгжүүлж чадалгүй татварын мөнгөөр тоглоод өнгөрснөө санах хэрэгтэй! Замын түгжрэлийг бууруулахаар дугаарын хязгаарлалтад шилжиж байсныг анхнаас нь бид (манай бүлэг 2012-2016) эсэргүүцэж ирсэн. Дугаарын хязгаарлалт нь хүний наад захын эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа зүйл. Иргэн өмчлөх эрхээ эдэлж чадахгүй атлаа татвараа бүтэн төлдөг балай шийдвэр. Одоо бүр 2 хоногийн хязгаарлалт гэдэг бол аль ч утгаараа гаргаж болохгүй шийдвэр. Энэ буруу шийдвэрийн уршгаар айлын машины тоо нэмэгдсэн үү гэхээс түгжрэл буурч шалиагүйг амьдрал бас харууллаа. Иймд наад дугаар хязгаарлаж асуудал шийднэ гэсэн хөнгөхөн бодлоо толгойноосоо авч хаяад зохицуулах өөр арга бод. Олон нийтээр хэлэлцүүлж саналыг нь ав! Шийдэх гарцууд зөндөө байна.
Жишээ нь:
1. Ажлын цагийн хувиар, хичээлийн цагийн хувиарт тодорхой хугацаанд өөрчлөлт оруулж зөрүүлэх (ид ачаалал 7:30-9:30, 17:30-20:00)
2. Он хуучирсан, техникийн шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийг хотын хөдөлгөөнд орохыг хориглох (нийтийн эрх ашгийн төлөө нэг хэсэгт таалагдахгүй хүнд шийдвэр байж болно)
3. Нийтийн тээвэрт явж байгаа эдэлгээний шаардлага хангахгүй он хуучин автобуснуудыг шууд хэрэглээнээс гаргаж нийтийн тээврийн цагийн хуваарьт зохицуулалт хийж өөрчлөх. (автобусны тоог цөөлж явах маршрут болон цагийн хуваарь өөрчлөх)
4. Таксины үйлчилгээ үзүүлэх эрхгүй мөртлөө өдөржин хотын гудмаар давхиж ачаалал ихэсгэж байгаа хувийн тэргийг журамлах, торгох, жолоодох эрхийг хаах маягаар хөдөлгөөний ачаалал бууруулах. (3 машин тутмын нэг нь зорчигч хайгаад дэмий сэлгүүцсэн байдалтай түгжрэлд нөлөөлж байгаа, мөн орон нутгийн дугаартай автомашин хотод ирж такси үйлчилгээ хийн мөнгө олдог) гэх мэт саналууд байна.
МАН 2012-2016 онд НИТХ-д цөөнх байхдаа иргэдийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргаж байсан хотын удирдлагатай иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцэж ирснийг бүү мартаарай!
МАН-ЫН ЕНБД, НИТХ-ын төлөөлөгч Д. Амарбаясгалан.
2018/03/28
URL: