Б.Цолмон: Шүлхийн бүсэд өвс тараах гэж хүн, машин оруулсанаас Булганд олон голомт үүссэн

18997

Малын гоц халварт шүлхий өвчин, тэр дундаа зургаан суманд шүлхий өвчин тархаад буй Булган аймаг дахь хорио цээрийн хэрэгжилтийн талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлэг үржлийн газрын Мал эмнэлгийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий эпидмиологич Б.Цолмонтой ярилцлаа.

 — Малын гоц халдварт шүлхий өвчин 12 аймгийн 30 гаруй суманд гарч хорио цээр тогтоосон. Одоо өвчний тархалт хумигдаж байна уу? 

— Хумигдсан. Булган аймагт хоёр, Орхон аймагт нэг,  Сүхбаатар аймагт хоёр, Говьсүмбэр аймагт нэг гээд нийтдээ дөрвөн аймагт хорио цээрийн дэглэм буурч хязгаарлалтын дэглэм хэрэгжсэн байдалтай байна. Яг одоогийн байдлаар найман аймгийн 21 суманд хорио, цээртэй байна.

— Булган аймгаас  ямар сумдад дэглэм буурсан бэ?

— Гурван булаг, Рашаант суманд хорио цээрийн дэглэм буурсан.

 — Хорио цээр нь үргэлжилж байгаа таван сум үлдсэн гэсэн үг үү?

— Бугат сум орохгүй байгаа. Аймгийн төвдөө ойрхон учраас голомтыг нь Булгантай нэгтгэж тооцож байгаа.

 — Булган аймагт хамгийн олон суманд шүлхий гарлаа. Хариуцлагын асуудал ч яригдаж байна. Онцгой байдлын хэрэгжилтийн явц бусад аймагтай харьцуулахад Булганд хэр байсан бэ. Та газар дээр нь очиж ажилласны хувьд энэ тал дээр баримттай тайлбар хэлэх байх? 

— Нэгдүгээр сарын 11-нд Рашаант суманд шүлхий өвчнийг ононшилсон.  Үргэлжлээд Гурванбулаг суманд оношлогдсон байгаа. Тухайн сумдад хорио цээр хэрэгжүүлсэн, ажилласан боловч хоёрдугаар сард Булган аймгийн Булган сум буюу төв дээр нь анхны сэжигтэй тохиолдол илэрсэн. Үүний дагуу холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан. Эндээс Улсын онцгой коммисоос хоёр удаагийн шуурхай бүлэг яг Булганы төвд очиж ажилласан. Эхнийх нь ОБЕГ-ын дэд дарга  Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг буюу Хөдөө аж ахуйн мэргэжлийн хяналтын дарга н.Энх-Амгалан болон миний бие ажиллаад ирсэн. Нийт арав хоног ажиллаад үүрэг даалгавар өгөөд ирсэн байгаа. Гурванбулаг, Рашаант сумын хувьд халдвар нэлээн дэлгэмэл байсан бол Сайхан, Хишиг-Өндөр сумын хувьд 1,2  айлын хүрээнд байгаа.  Хавтгайраад сумаараа тарсан зүйл байхгүй. Булган сумын хувьд эсрэгээрээ тархалт ихтэй байсан.  Хүн ам олон, хөл хөдөлгөөн ихтэй учраас халдварын тархалт их байсан. Одоо бол халдварын түвшин харьцангуй гайгүй, өвчлөл буурч байна гэсэн ийм мэдээллүүд ирж байна.Булганы төвийн хувьд нэгдүгээр сарын 10-ны хавьцаа эхэлсэн болов уу гэж харагдаад байгаа юм. Малчин нь мэдээллээ өгөөгүй шүлхий гэдгийг нь мэдэлгүй удаасан байгаа юм. Өөрөө бас тэр хооронд олон сумаар нааш, цааш явчихсан байсан. Тухайн иргэний явсан сумдаар ерөнхийдөө өвчлөл харагдаж байгаа. Үүнийг хууль хяналтын байгууллагууд шалгаж байна. Тэр хүнээ ямар ч гэсэн олоод тогтоочихсон,  явсан сумдад нь өвчлөл бүртгэгдсэн байгаа. Малчин нь дуудлага өгөөгүй учраас Булган аймгийн төвийн хүндрэл түүнээс шалтгаалж гарсан. Булганы хувьд нөхцөл байдал ийм байна. Өвчлөлийн хувьд бүрэн хяналтдаа авсан, вакцинжуулалтын эхний ээлж хийгдээд дууссан.

 — Та нэгдүгээр сард Булганы төвд гарсан гэж үзэж байгаа гэлээ. Нутгийн иргэд болон бусад эх сурвалжууд энэ тухай мэдээлж байсан. Биднийг хоёрдугаар сарын 24-нд түүгээр зорчиход ариутгалын нэг ч пост гараагүй байсан. Тийм учраас би алдсан гэдгийг тодруулаад байгаа юм л даа

— Ер нь ингэсэн л дээ. Булган аймгийн Рашаант сумын хувьд би өөрөө долоо хоног ажилласан. Рашаант сум анх төвдөө гарсан байсан юм. ОБЕГ-аас томилогдсон  хурандаа н.Дамдинсүрэн бид хоёр долоо хоног ажиллаад тэр дор нь халдварыг цомхотгосон. Ерөнхийдөө хаанаас нь вакцинжуулалтаа эхлэх, өвчтэй малыг яаж тусгаарлах, устгал хэрхэн хийх гэхчлэн энэ бүх асуудлуудаа  шийдвэрлээд ерөнхийдөө Рашаант сум цэгцэрсэн. Бид нар Рашаант сумын иргэд биш учраас ажлаа хийж дуусгаад та нар энэ эрчээрээ ингэж ажиллана гэдэг зааварчилгааг нь өгөөд гарсан. Гэсэн хэдий ч 8-9 дэх хоногоос эхлээд задарч эхэлсэн байхгүй юу. Энэ нь мэдээж хэрэг тэнд байгаа хүмүүсийн буруутай үйл ажиллагаа байх, тэрийг хянаж тогтоодог байгууллага нь албан шаардлагаа өгөөд тэр хүмүүст хариуцлагаа тооцуулсан байх аа. Ер нь тооцуулсан сурагтай байсан.   Цаашаа Эрдэнэсант сум руу алдсан асуудлыг Рашаанттай холбож үзэж байгаа. Цаашаа Бүрэг хаан, Бүрдэд гарсан асуудлыг мөн Рашаант сумын хорио цээртэй холбоотой гэж үзэн асуудлууд яригдаж байгаа. Уг нь нэгдүгээр сарын 11-нд шүлхий гарсан даруйд Рашаант сумын бүх хөдөлгөөнийг нь хаасан. Мэдээж төв магистрал явдгаараа явсан. Ямар нэг хаалт тавиагүй. Яагаад гэвэл энэ замыг Засгийн газар хаадаг болохоос биш нэг сумын Онцгой комисс шийдэх боломжгүй. Хоёрдугаарт, чигээрээ өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг дамжин өнгөрүүлье, ард иргэдийг хүндрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Рашаантын гуанзууд дээр хөдөлгөөнт хоёр пост гаргаад, мөн хоёр талд нь хяналтын  цэг ажиллуулсан. Яг Рашаант сумаас гарч байгаа хүмүүст зориулсан ариутгалын цэгтэйгээр зохион байгуулсан байгаа. Намайг ажиллаж байх хугацаанд Рашаант сумаас зөвхөн нэн шаардлагатай, өвчтэй зовлонтой, жирэмсэн, хорт хавдартай гэхчлэн 13 хүнийг би өөрөө байхдаа хорио цээрийн бүсээс гаргасан.  Гэтэл тэрнээс хойш 500 хэдэн хүний асуудал яригддаг. Энэ тал дээр мэргэжлийн хяналт ажиллаад албан ёсны дүгнэлт хяналтаа гаргаад Аймгийн засаг даргад албан шаардлагаа биднийг ажиллаж байх үед өгсөн. Гурван булаг, Рашаантын хувьд хэдийгээр тийм асуудал байсан. Дараа нь 20-д гаргаад Булганы төв дээр очиход үзлэгээр нэлээн тарчихсан байдал ажиглагдаж байсан. Та нарын хэлж байгаачлан дэглэмийн асуудал маш хүнд байсан. Яг яахаа мэдэхгүй байдалд орчихсон хүмүүс байсан. Тэр хүмүүсийг буруутгах бас аргагүй юм. Гоц халдварт өвчин огт гарч байгаагүй, төв суурин газар гэдгээрээ бас онцлогтой. Зүгээр нэг хээр, хөдөө байгаа айлд гарчихаагүй учраас нэлээн сандралын байдалтай байсан. Яах, ийхээ мэдэхгүй байдалд орчихсон хүмүүс байсан л даа. Бид нар очсон даруйдаа, арав хоногийн хугацаанд бүх асуудлуудыг нь цэгцлээд, яаж хорио цээрээ тогтоох вэ, постоо хаана гаргах вэ, хаагуураа халдваргүйжүүлэх вэ гэдгийг нь хийж өгөөд ирсэн. Мэдээж төв, суурин газар учраас хүмүүс орж гарах асуудал яригдана. Өвчтэй зовлонтой хүмүүс оюутнууд гэхчлэн.  Ийм асуудлууд байсан учраас бид долоо хоногийн хугацаанд нийт 650 хүнтэй уулзаж хурал хийж нөхцөл байдлаа үнэнээр нь тайлбарлаад  ариутгалын камер барьж халдваргүйжүүлэх хүртэл гаргахгүй гэдгийг нь ойлгуулсан. Ингээд өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны ням гаригт хамгийн анхныхаа 90 хүнийг гаргаад одоо Булган руугаа очих, зорчих асуудал бол нийтийн тээврээр хэвийн явагдаж байгаа юм.

Энэ үеэр хаана халдваргүйжүүлэлтийн камераа байршуулах, халдварыг гадагш алдахгүй байхад хэрхэн анхаарах вэ гэдэ гчиглэл дээр нэлээн ажил хийгдээд явсан байгаа. Одоо Булганд нөхцөл байдал сайжирсан. Булганы төв дээрээ жоохон дуудлагууд байна гэж байна. Энийгээ вакцинжуулалттай хамт халдваргүйжүүлэлт хийж байна.  Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгсөн албан даалгаврын дагуу гурван хүнд арга хэмжээ тооцчихсон гэсэн мэдээллийг би бас авсан. Тэр Рашаант, Гурванбулаг сумдын Засаг дарга нар гэхчлэн хүмүүст албан хариуцлага нь тооцогдоод явж байгаа. Тэр халдвартай малаа хэлээгүй, нуун дарагдуулсан хүмүүсийг холбогдох хууль хяналтын байгууллага нь шалгаад явж байгаа.

— Шинийн зургаанд морь уралдуулсан гэсэн энэ тархалтад нөлөөлсөн үү? 

— Шинийн 6-нд морь уралдуулсан асуудал байгаа. Гэхдээ албан ёсны морин уралдаан биш юм байна лээ л дээ. Зүгээр уяачид нийлээд уралдуулсан юм шиг байна лээ. Уралдаанд ирсэн бүх газрынх нь судалгааг гаргасан. Ирээгүй газар гэж алга. 

 — Бүх сумаас ирсэн гэсэн үг үү? 

— Судалгааг нь аваад бүх суманд нь албан бичиг өгчихсөн. Намайг байхад аймгийн Засаг дарга нь бүх албан бичгийг илгээсэн. Эрдэнэтээс, Сэлэнгээс гээд ирээгүй газар гэж алга. Тийм, тийм уяач ирсэн байна. Эдгээр уяачдын ирсэн зам мөн хаана байрлаж байгаа гэхчлэн судалгааг ав гэдэг байдлаар. Адууны жүчээнээс гадна эргэн тойронд нь мэдрэмтгий мал байгаад түүгээр дамжин тархах магадлалтай. Мөн тэр хүмүүсийг гэр оронд нь хэрхэн ариутгах вэ гэдэг тал дээр,  орон гэрээ хэрхэн халдваргүйжүүлэх вэ гэдэгт талаар зөвл өмж өгсөн байгаа.Булган төвд сумын лед дэлгэц гэж байдаг. Тэрүүгээр хийж байгаа ажлынхаа талаар маш сайн заавар, зөвлөмжүүдийг өгч байгаа. Ариутгал халдваргүйжүүлэлтийг малтай айл бүрт байнга хийж байгаа. Зөвхөн өвчин гарсан айлуудад гэхгүйгээр тусдаа машин бас явж байгаа. Нийт хоёр  машин байнга явж байгаа гэсэн үг шүү дээ. Нэг нь эрүүл гээд байгаа. Одоо малд нь өвчин тусаагүй гэх айлуудад халдваргүйжүүлэлт хийж байгаа. Дээрээс нь Булган сумын голомт дотор олон нийтийг хамарсан үйл ажиллагааг бүгдийг нь зогсоосон байгаа. Эрүүл мэндийн шалтгаантай гуравдугаар зэргийн, эмнэлэгт зайлшгүй хэвтэх шаардлагатай,  эсвэл ах дүү хамаатан дээрээ очих зайлшгүй хүндэтгэх шалтгаан гарсан тохиолдлуудад халдваргүйжүүлэлт, ариутгал хийгээд нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг журам дүрмийн дагуу зөвшөөрч байгаа.  Бүх малын эмч нар үзлэг тандалтад явж байгаа. Булган сумын төв дээр байгаа гахайн аж ахуйн удирдлагуудыг дуудаж, тусгайлан үүрэг даалгавар өгөөд мэргэжлийн хяналтын байцаагч зөвлөмж өгөөд одоо гахайн аж ахуйг хаалттай горимд шилжүүлчихсэн байна. Ер нь шүлхий өвчнөөр бүх төрлийн салаа туурайтан мал өвчилдөг. Тэр дундаа хонь, ямааг бол чимээгүй тараагч гэж үздэг. Өөрөөр хэлбэл, сул өвчилөөд бусад малд тараадаг гэсэн үг. Харин үхэр энэ өвчнийг илрүүлэгч харин гахай вирусыг олшруулагч юм. Маш ихээр тараадаг гэсэн үг. Тэр утгаар нь гахайн фермийг  хаалттай байлгаж байгаа.

Булганд очиж ажилласан сүүлийн ажлын хэсгийг тэндээс өөрсдөө дуудсан.  Яагаад гэвэл халдвар тараад Хишиг-Өндөр,  Гурван Булаг, Рашаант,  Сайхан, Булган гээд зургаан суманд гарсан учраас. Тэр үед бас Орхон сум сэжигтэй байсан. Эдгээр сумдад мэргэжлийн ангиудыг ирүүлье, яагаад гэвэл зарим сумдад нь улсын байцаагч байхгүй учраас зохион байгуулалтыг нь хийх шаардлага гарсан. Онцгой байдлынхныг тухайн сумдад долоо хоног ажиллуулаад ерөнхийдөө голдиролдоо ороод учраа ойлгоод одоо Булган аймаг сайн ажиллаж байгаа гэж ойлгож байгаа Одоо хаанаас Булган аймаг руу нэвтрэхийг зөвшөөрөх вэ гэхээр Хутаг-Өндөр сум, Уртын гүүрнээс наашаа ямар нэгэн зам суулт байхгүй.  Харин Түлүүгийн давааны цайны газар богиносгосон цагаар ариутгалаа хийж ажиллана. Яг урагшаагаа Сайхан, Баян-Агт руу ордог замуудыг хаачихсан байгаа. Түлүүгийн даваанд хоол идсэн бол цаашаагаа Уртын гүүр орохоос нааш ямар нэгэн зам салж өөр сумд руу орохгүй. Бүх сум нэг орц, нэг гарцтай болсон байгаа

— Орхон аймгийн Жаргалант сум 24 цагийн дотор хориг тавьсан байгаа. Харин Булганы хувьд хугацаа алдсан. Яагаад зарим аймаг 24 цагийн дотор хорио цээр тогтоогоод голомт нэмж гаргахгүй арга хэмжээ авсан байхад Булган тэгж чадаагүй вэ. Дээжний хариу гарах гэж олон хоног алдсан байдаг, энэ тал дээр?

— Орхон аймгийн Жаргалант дээр би өөрөө ч ажилласан. Битүүний өдөр сэжиг илэрсэн гэдэг дуулдага өгсөн. Тэр оройдоо Улсын мал эмнэлэгийн лабораторийн эмчээ явуулсан. Угаасаа эмчийн маань ээж, аав нь Эрдэнэтэд байдаг учраас золгуутаа хийнгээ шинжилгээ ав гээд явуулсан. Тэр оройдоо дээжээ аваад Шинийн 1-ний өглөө шинжлээд өдөр нь хариу нь баталгаажсан. Би өөрөө ч тэр даруй очиж хорио цээрээ тавьсан байгаа. Булган аймгийн тухайд шүлхий өвчнийг ганцхан Улсын мал эмнэлгийн төв лаборатори шинжилдэг байхгүй юу. Яагаад тэнд шинжилдэг вэ гэхээр, Био аюулгүй ажиллагааны гуравдугаар зэргийн лаборатори зөвхөн Улаанбаатарт л байдаг. Гурван Булаг, Рашаант хоёр дээр анхаарлаа төвлөрүүлчихсэн байтал гэнэт Булган аймгий төвийн асуудал яригдаад эхэлсэн. Булган аймгийн төв өөрөө бүхэлдээ халдвар авсан учраас хүнд байдалд орж байсан. Бид хоёрдугаар сарын 23-нд мэдсэн санагдаж байна. Тэгээд 24-ний өглөө бид Булганд очиж ажилласан байгаа. Биднийг очиход ариутгалын камер ч байхгүй, яахаа мэдэхээ байчихсан хүмүүс л байсан. Яах вэ, ШТС, хөдөлгөөнөө хязгаарлаад эхэлж байсан л даа. Халдварын хүрээгээ тогтоож чадахгүй байсан учраас шууд хөдөлгөөнийг хориглож эхэлсэн. Бид тэр дороо дээр ярьсан бүх арга хэмжээнүүдийг авч ажилласан.

 — Та бүхэнд мэдээлэл яагаад ингэж оройтож ирсэн юм бол. Манай агентлагт түүнээс гурав хоногийн өмнө Булганы төвд шүлхий гарсан мэдээллийг нутгийн иргэдээс авч байсан. Энгийн иргэд шүлхий гэдгийг нь мэдээд хэлээд байхад “Биш” гээд нуун дарагдуулаад байна гэж ярьж байсан. Бид 23-нд Булган аймгийн Онцгой байдлаас энэ талаар тодруулахад “Булганы төвд шүлхийн сэжиг илрээгүй, ташаа мэдээлэл авсан байна” гэж үгүйсгэж байсан?

— Арай ч тэгээгүй байх аа. Ер нь Булганы хүмүүс ирж ууцаа чануулдаг тэр айлд. Тэрнээс ч эрт шүлхий гарсан гэж яригддаг, миний ойлгосноор. Тэр үед чинь морин уралдаан зохион байгуулаад малын эмчдээ ч хэлээгүй явчихсан юм билээ. Хууль хяналтын байгууллага үүнийг тогтоох байх.  Ер нь “Санаатай халдвар тараасан” гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсдэг. Ер нь нэг хүндрэлтэй асуудал бий. Анхны дуудлага өгсөн айлыг очоод л шууд хаачихаж болно. Би голомт руу орлоо, шинжилгээ аваад холоос шидчихээд тэндээ үлдэж болно. Гэтэл дахиад л дуудлага ирнэ. Тэр айлд нь өөр малын эмч очоод үзлэг хийлээ. “За, ер нь Малчдын хороололд л гараад байгаа юм байна” гэж үзээд хаасан. Харин бид очоод Малчдын хорооллоор хязгаарлагдахааргүй дэлгэмэл болчихсон юм байна гэж үзээд Булган даяар нь хорио цээр тогтоосон. Нийт арав хоног өдөр, шөнөгүй ажилласан. Гуравдугаар сарын 4-н гэхэд ер нь цэгцэрсэн. Зөв мэдээлэл өгөхөөр хүмүүс ойлгоод эхэлж байгаа юм л даа.  Хууль хяналтын байгууллага ч сайн ажилласан. Буруутай этгээдүүд, маршрутыг нь тогтоогоод. Би Булганыханд хэлсэн л дээ. “Та нар анхнаасаа Рашаант, Гурванбулаг дээр сайн арга хэмжээ аваад ингээд ажиллачихгүй дээ” гэж. Энэ бол мал эмнэлгийн байгууллага ганцаараа хийдэг ажил биш шүү дээ. Иргэд нь, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага хамтарч хийдэг ажил байхгүй юу. Жишээ нь Рашаант суманд гэхэд “Битгий хөдөлгөөн хийгээрэй, нэг ч хөдөлгөөн хийж болохгүй шүү. Би долоо хоногийн дотор ганцхан голомтод барьчихлаа шүү, энэ чигээрээ л байх юм бол та нар энэ өвчнөөс сална” гээд байхад л хэд хоногийн дараагаас хүн орж гарсан л гэнэ, өвс тараасан л гэнэ. Ийм байж болохгүй. 

— Дарга нар нь очоод хурал хуй зохион байгуулаад явсан гэдэг?

— Харин тийм. Гэх мэтчилэнгийн зүйл чинь огт байж болохгүй шүү дээ. Өвс тараах гэж байгаа хүн оруулаад л, тойруулж давхиулаад л. Тэгэх ямар ч хэрэггүй байхгүй юу. Хэрэв үнэхээр аргагүй бол хуваарь гаргаад, “Өнөөдөр Дорж ав, маргааш Цэцгээ ав” гэдэг зохион байгуулалт хийх ёстой. Тэр контакт бүрийг ариутгаж халдваргүйжүүлж хийх ёстой. Энэ замбараагүй байдал нь Эрдэнэсант, Бүрд рүү үсэрч гараад л Рашаантыг тойрсон олон голомтыг бий болгоход нөлөөлсөн. Мэргэжлийн хяналтын газар үүн дээр дүгнэлтээ гаргаад өгчихсөн. Анх Рашаантад 11-нээс 18-ны хооронд, эхний долоо хоногт яс тас хорио хэрэгжиж байсан. Энэ чинь ганц манай байгууллагын хийгээд шийдчихдэг ажил биш шүү дээ. Бүгд л оролцохгүй, хорио цээрээ сайн тогтоож мөрдөж чадахгүй бол  тэгээд өнгөрдөг. Би уг нь Рашаантын иргэдтэй уулзаад  хэлж, ярьж байхад нутгийн иргэд маш сайн хүлээж авч ойлгож, ухамсарлаж байсан. Тэгээд үүгээр дуусах юм байна даа гэсэн чинь замбараагүй байдлаас болж асуудал үүссэн л дээ.

— Хүмүүс малчдыг их буруутгаж байна л даа. “Малдаа вакциныг нь аваад хийчихгүй” гэж. Ер нь шүлхийн вакцин жил бүр малчид өөрсдөө аваад тарьж болдог зүйл юм уу, эсвэл заавал шүлхий гарсны дараа зөвхөн бусад эрүүл малыг сэргийлэх зорилгоор тарьдаг юм уу?

— Шүлхий гарсны дараа шинжилгээ авч үүсгэгчийн генийн эсийг тодорхойлж байж вакцины сонголт явагддаг. Би их олон хэлж байна л даа. Шүлхий өөрөө долоон хэвшилтэй, тэр дотроо 60 гаруй дэд хэвшилтэй. Тэр дотроо 1000 гаруй шугам гэж байдаг. Тэр дотроос үүсгэгчийг олоод түүний эсрэг вакцинаа олдог. Монгол Улс бол яах вэ, Ази, ОХУ-д гарч байгаа шүлхий өвчнийг харж байгаад нэвтрэх боломжтой шүлхийгээ тодорхойлж вакцинаа авдаг. Өмнө нь бид голомттой, нэвтрэх магадлалтай бүсэд вакцин хийдэг байсан. Би 2006 оноос хойш ажиллахдаа нийтд гурван удаагийн шүлхийн өргөн хүрээтэй, том дэгдэлтийг үзэж байна. 2014, 2017, 2018 онууд үүнд багтаж байна. 2018 оны дэгдэлт маш том хүрээг хамарсан. Энд нөлөөлж байгаа хүчин зүйл нь хүн тээврийн хөдөлгөөний асуудал, хорио цээрийн хэрэгжилт, яг суман дээрээ хэрэгжүүлж байгаа хорио цээр маш чухал байна. Бид эндээс яриад л байдаг, гэтэл сум өөрөө хорио цээрээ тавьж чадахгүй, сум өөрөө халдвараа алдаад байдаг. Энийгээ л больчих хэрэгтэй. Нэг дураараа хүн гарна, орно гээд байж болохгүй, наад зах нь. Энэ дэгдэлтээс маш том сургамж авч байгаа зүйл нь, Мал амьтны эрүүл мэндийн хуулийн дагуу заавраа маш сайн нарийвчлах хэрэгтэй. Булганы ард иргэдийн яриад байгаа зүйл үнэн л дээ. Өөрөөр хэлбэл, 1000 гаруй малаас болж бүх иргэний эрх ашиг хохирч байна гэдэг үнэхээр үнэн. Гэтэл өөр арга одоохондоо байхгүй байна. Төв суурин газар гарч байгаа шүлхийн халдвар хүн, тээврийн хэрэгслээр их тардаг. Хээр, хөдөө, малчны хотонд гарч байгаа шүлхий бол мал худалдан авах гэхчлэн асуудлаас үүдээд байгаа байдал ажиглагддаг. Сэлэнгийн Мандал сумын хорио цээр маш сайн хэрэгжсэн. Мундаг ажилласан. Би 14 хоног ажилласан, тэд маш сайн ажиллаад хорио цээр нь сайн хэрэгжээд барьж чадсан. Яах вэ, хот суурин газар, өмнө нь огт гарч байгаагүй газар бас хэцүү л дээ. Бүх аймаг сумд ингээд ажиллачихдаг бол тархаахгүй бариад авч болж байгаа юм.

 — Шүлхий ор мөргүй арилж болох уу, энэ өвчнөөр мал үхдэггүй гэдэг талаар тодруулаач?

— Одоо бол доройтсон мал үхэж байна. Уг нь үхэл хорогдол харьцангуй багатай. Хамгийн гол асуудал нь худалдааны хорио цээртэй учраас энэ өвчин гарсан бүс нутгаас экспорт хаачихдаг. Одоо над дээр гэхэд ОХУ-ын Мал эмнэлэг, хорио цээрийн газраас албан бичиг ирж байна. 2017-2018 онд төвийн бүсийн өвчний мэдээллээ өгөөчээ гээд. Хамгийн том хохирол нь Монгол Улс мал, малын бүтээгдэхүүний экспорт уучлаарай, 5-10 жил баяртай болж бусад салбарууд магадгүй нүүрс гээд бусад бүх экспортууд уналтад орж эхэлнэ. Тийм учраас мэдээлэл ил байх нь эрсдэл дагуулаад байдаг. Шүлхий эдгэрнэ гэж байхгүй. Харин шинж тэмдэг нь бүдгэрнэ гэж байна. Шинжилгээ хийхэд л шүлхий илэрнэ.

 — Устгахаас өөр аргагүй гэсэн үг үү? 

— Сүүлийн үед манайхан устгахаа больё л гээд байгаа. Устгахаа больё гэхээр шинжилгээний дүгнэлтээр гараад ирнэ. Энэ шинжилгээний дүгнэлтийг Хятад, ОХУ, Дэлхийн Мал, Амьтны Эрүүл Мэндийн байгууллагад заавал мэдээлэх шаардлагатай байдаг. Энэ шинжилгээний дүнг хэн ч өөрчлөх боломжгүй. Ийм учраас нөгөө талдаа нуух боломжгүй гэсэн үг.

НУУЦ.мн


URL:

Сэтгэгдэл бичих