Намуудыг татан буулгах шаардлагыг Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдэд хүргүүлж байна гэв
Өнөөдөр Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооноос улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийг татан буулгах шаардлагыг Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдэд хүргүүлж буй талаар мэдээлэл хийлээ.
Тус холбооны зүгээс хаврын чуулганаар улс төрийн тухай намын хуульд өөрчлөлт оруулж, намын хатуу гишүүнчлэлийг үгүй хийх шаардлага тавьж байгаа юм байна. Энэ талаар Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяр хэлэхдээ “Албан тушаал хатуу гишүүнчлэлийн дор эвлэлдэн нэгдэж Монгол Улсыг үгүй хийх гэж байгаа энэ байдлыг таслан зогсоохын төлөө Нам бус иргэдийн нэгдсэн холбоо 2011 оноос хойш зүтгэсэн. Тодорхой албан бичгүүдийг албан газруудад хүргүүлж байсан. Тэд ямар ч хариу өгөөгүй. Харин одоо бол бүх намуудыг татан буулгъя. Гурван сая хүн амтай улсад 30 нам байх шаардлага байна уу. Хэдхэн намтай, нам нь өөрөө хатуу гишүүнчлэлгүй байдлаар шийдье гэсэн санааг Ерөнхийлөгчид дэвшүүлж байна” хэмээн ярилаа.
Албан шаардлагад: “Улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийг зогсоож, намуудыг татан буулгахыг шаардаж байна.
Монголын нийт ард иргэд ээ, эрхэм Ерөнхийлөгч өө, УИХ-ын гишүүдээ! Ард түмэн намуудыг хүлээн зөвшөөрөхөө больсон цаг үе ирээд байна. Нам бол өнөөгийн бидний соёлт ертөнцийн хамгийн муухай бүтээл, аюултай дарангуйллын зэвсэг болж хувираад байна.
Намуудаас болж ард түмэн өөр хоорондоо, ах дүү, хамаатан садан, нутаг усаа үл хүндлэх, төрийн эрх мэдэл, өмч хөрөнгийн төлөө ичгүүргүйгээр эвлэлдэн нэгдэж, луйврын гар хөл болон хагаралдан тэмцэлдэж байна.
Монгол Улсыг 29 жилийн турш намын хатуу гишүүнчлэл дор дангаар болон хамтран удирдсан МАН, АН, эвсэл нэрээр хамтран зүтгэсэн бусад кармааны намуудтай хариуцлага тооцож, татан буулгах шаардлага тавьж байна” гэжээ.
П.УРНАА
URL: