С.БАЯРЦОГТЫН ОФФШОР ДАНСАН ДАХЬ МӨНГӨ МАХН-ЫН ДАРГА Н.ЭНХБАЯРЫНХ УУ

18943

АН эрх барьж байхад буюу 2013 оны дөрөвдүгээр сарын 4-нд С.Баярцогтыг Швейцарийн банкинд нэг сая гаруй ам.долларын данстай талаар The Guardian сайтад мэдээлж байв. Мэдээлэл гарсан даруйд тухайн үед УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан С.Баярцогт “Швейцарийн банкин дахь дансанд 1658 евро буюу 2.9 сая орчим төгрөг бий” гэж хэвлэлийн бага хурал хийж байсан юм. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум С.Баярцогтын 2008 онд Монгол Улсын Сангийн сайд байхдаа нээсэн Их Британийн Виржинийн арлууд дахь “Лэгэнд плюс капитал лимитэд” компанийн 2.5 сая ам.долларын нууц хөрөнгийн нотлох баримтыг олсон бөгөөд С.Баярцогт тус компанийн нэрийг Швейцарийн банкинд данс нээх зорилгоор ашигласан байж болох тухай таамаглалыг дэвшүүлж байлаа. Харин С.Баярцогт энэ талаар “Швейцарийн банкны дансан дахь нэг сая ам.доллараас 200 мянгыг нь гэр бүлийн бизнесийн орлого, 800 мянган ам.доллар нь бизнесийн хамтрагч, гурван найзынх” гэж тайлбарласан ч найзуудынхаа нэрсийг дурдахыг хүсээгүй юм. Гэвч С.Баярцогтын Швейцарийн банкинд хадгалуулаад “мартсан” нэг сая ам.долларын тухай дуулиан Монголд өндрөө авч тэрбээр УИХ-ын дэд даргаас өөрийн хүсэлтээр огцорч байв.

УИХ-ын 2016 оны сонгууль. АН-ын дарга сонгуулийн марафон эхлэхээс өмнөхөн “Оффшор хөрөнгөтэй нөхдийг намаасаа нэр дэвшүүлэхгүй” гэж мэдэгдсэн ч С.Баярцогтыг Сэлэнгэд нэр дэвшүүлсэн. Гэвч сонгуулийн санал хураалт болохын өмнөхөн С.Баярцогтыг “Мөнгө угаасан байж болзошгүй” гэх үндэслэлээр Швейцарийн ерөнхий прокурорын газраас шалгаж эхэлсэн талаар тус улсын төв хэвлэлд мэдээлэв. Сонгууль ч дуусч, МАН эрх баригч хүчин болсны дараа буюу 2016 оны арванхоёрдугаар сард Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос “Одоогийн байдлаар С.Баярцогтын дансанд 2009 оны аравдугаар сарын 27-ны өдөр орсон 9.2 сая ам.доллар байгаа бөгөөд энэ нь Швейцарийн “Credit Suisse” банкнаас илгээсэн мөнгөний эх сурвалжийг баталгаажуулах хүсэлтээр нотлогдож байгаа” гэж мэдээлсэн юм. Өөрөөр хэлбэл, С.Баярцогтын “мартсан” гэх нэг сая ам.доллар 9.2 сая ам.доллар болж ийнхүү “өссөн”. Энэ дуулиан хэсэг намжсаны дараа буюу 2018 оны гуравдугаар сарын 19-нд “Ройтерс” агентлагийн вэбсайтад “Рио Тинто” ба Монголын уул уурхайд холбогдох хэргийн хүрээнд Швейцарийн банкны дансуудыг битүүмжлэв” гэсэн гарчигтай нийтлэл гарч сураг тасраад байсан С.Баярцогтыг олны анхаарлын төвд дахин авчрав. Тэрбээр мөн л энэхүү нийтлэлийн талаар хэвлэлийн бага хурал хийж “Намайг 2006 онд таягтай явж байсныг санаж байгаа байх. Тэр үед би “Бизнес хийх нь зөв юм байна” гэж бодсон. Тэгээд Монголын томоохон бизнесмэнээс 8.2 сая евро зээлж дансандаа хийсэн. Удалгүй зээл өгсөн хүн маань мөнгөө буцааж авсан. Царцаасан данс гээд байгаа нь 10 жилийн өмнө надад тусалж данснаасаа мөнгө гаргаж өгч байсан монгол хүнийх. Үүнийг Оюутолгойтой холбох нь хэний ашиг сонирхол вэ” гэсэн тайлбарыг өглөө. Түүнийг ийм мэдээлэл өгсний дараа буюу 2018 оны гуравдугаар сарын 20-нд АТГ-аас “Сангийн сайд асан С.Баярцогтод үүсгэсэн эрүүгийн хэрэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс нь Швейцарийн ерөнхий прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ ажлын хүрээнд С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг битүүмжиллээ” гэж мэдээлсэн юм. Тэгэхээр С.Баярцогтын оффшор дансан дахь мөнгөний эх үүсвэр, мөн түүнд их хэмжээний мөнгө зээлсэн томоохон бизнесмэн, АТГ-аас мэдээлсэнчлэн “Нэр бүхий хүмүүс” хэн бэ.

С.Баярцогтын найзаасаа зээлсэн гэх мөнгөний тухай дуулиан “С.Баярцогтод 8.2 сая ам.доллар зээлсан гээд байгаа хүн нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан бололтой. Түүний “Болд төмөр Ерөө” компани Сэлэнгэ аймгаас төмрийн хүдэр олборлож, Хятад руу экспортолдог” гэх сэдвээр үргэлжиллээ. Хэдийгээр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан энэ талаар тайлбар хийгээгүй ч тэрбээр 2005 оны аравдугаар сарын 18-нд “Forever profit (Asia) Holdings limited” компанийн захирал гэж бүртгэгдсэн, түүний нэр дээр 2008 оны долдугаар сарын 19-нд “Eiffel view universal holdings LTD” компани байгуулагдсан тухай хэвлэлүүдэд мэдээлж байлаа. Энэ хоёр компанийнхаа нэрийг Б.Дэлгэрсайхан гишүүн АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогодоо дурдаагүй гэдэг. Ямартай ч оффшорын дуулианаас үүдэлтэйгээр С.Баярцогт, Б.Дэлгэрсайхан гэх хоёр эрхэм нэр холбогдлоо. Тэдний цаана харин өөр хэн хэн байгаа вэ.

“С.Баярцогтын оффшор дансан дахь мөнгө бол экс Ерөнхийлөгч Н.Энхбаярынх”. Улс төрийн хүрээнд ийм яриа өрнөх болов. С.Баярцогтын оффшор дахь их мөнгөний дуулиан АТГ-ын мэдэгдлээр үргэлжилсний дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр гэнэт гарч ирж хэвлэлийн бага хурал хийсэн нь анхаарал татна. Тэрбээр “М.Энхболдод Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулж нэрээ цэвэрлэх боломж байна” гэсэн зөвлөгөөг нэгэн цагт хуурай дүү явсан М.Энхболдод хэвлэлээр даймагц М.Энхболд Н.Энхбаярын үгэнд оров уу гэлтэй Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийг УИХ-аас байгуулав. Харин Н.Энхбаяртай түнжин хагарсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү твиттер хуудастаа “Манай Н.Энхбаяр дарга одоо хамгийн даруу байх ёстой шүү дээ уг нь. Нэг сайн дүү Шийлэг нь шоронд. Нөгөө сайн дүү С.Баярцогт нь хэл аманд орчихоод байна. С.Баярцогтын мөнгө Оюутолгойн мөнгө биш гэдгийг Д (Б.Дэлгэрсайханыг хэлсэн бололтой) уг нь мэдэж байгаа. Би Швейцарьт байна” гэж жиргэснээс гадна “Alpha Energy-Glencore Warwick гэх компанийг бас Швейцарьт шалгаж байна. 60, 70 сая ам.долларын хоёр удаагийн гүйлгээ. Монголтой шууд холбоотой. Н.Энхбаяр даргаас энэ компанийг мэдэх үү гэж нэг асуугаад өгөөрэй, сэтгүүлчид ээ. Би Швейцарьт байна” гэж твиттерт бичсэн нь “С.Баярцогтын оффшор дансан дахь мөнгө хэнийх вэ” гэх зүг чигийг зааж өгөв үү гэмээр мессэж!

Дэд доктор Б.Ганбатын улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн талаарх “Аалзны тор” цуврал нийтлэлийг уншигчид сайн мэднэ. Тэрбээр “Аалзны тор-1” нийтлэлийнхээ “Монголын зэсийг хэн зуучилдаг вэ” гэх дэд сэдэвт О.Баасанхүү гишүүний нэр дурдсан Glencore Warwick буюу “Глинкор”, “Марко Ричи интернэшнл”, “Капитал Рисорс”, “Трафигура”, “Жеральд металл” гэсэн таван компани 1988 оноос эхлэн Монголын зэсийг худалдан авч биржид хүргэдэг тухай дурджээ. Тэр ч атугай “Дурдсан компаниудын сүүлчийнх буюу “Жеральд металл” АНУ-д, бусад нь Швейцарьт бүртгэлтэй. Эзэд нь бүгд еврейчүүд. Бүгд хаалттай компаниуд. Эдгээр таван компани Монголын зэсийн 90 хувийг атгадаг” гэсэн байна. Түүнээс гадна дэд доктор Б.Ганбат “1992-1996 оны Засгийн газрын үед “Глинкор” компани абсолют ноёлогч байв. Чухам энэ үед “Эрдэнэт” үйлдвэрийн даргыг гол баяжуулагч нь байлаа. Тухайн үеийн Засгийн газар ч эдний үйлчлэгч, хээл хахуулын үйлчлүүлэгч нь байв. Харин 1996 оны сонгуулийн дараагаас “Марко Риччи интернэшнл” товойн гарч ирсэн юм. Гэтэл 2000 оны наймдугаар сараас “Жеральд металл” үнэмлэхүй ноёлогч боллоо” хэмээн нийтлэлдээ онцолжээ. Тэгэхээр С.Баярцогтын оффшор дансыг Швейцарийн ерөнхий прокурорын газраас битүүмжилсэн, энэхүү мэдээлэл олны сонорт хүрмэгц МАХН-ын дарга Н.Энхбаяр цочсон мэт гэнэт гарч ирж Оюутолгойн гэрээг өөрчлөх тухай мэдээлэл хийсэн зэрэг нь гинжин урвалаар холбогдож байгаа нь сонирхол татаж байна. С.Баярцогтод мөнгө зээлсэн эзнээр тодроод буй Б.Дэлгэрсайхан гишүүний хувьд цагтаа “Н.Энхбаярын хүн” гэгдэж явсан билээ. Тэгэхээр С.Баярцогт-Б.Дэлгэрсайхан-Н.Энхбаяр ба гадаад дахь компаниуд… “Тэр их мөнгө, энэ бүхний учиг нэг зүгээс эхлэлтэй. Тэр нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр” гэх хувилбарыг улс төрийн хүрээнийхэн дэвшүүлж байгаа юм.

Эх сурвалж: analiz.mn Ө.Онон


URL:

Сэтгэгдэл бичих