ХЭРЭГЛЭГЧИД ОРГАНИК ХҮНСИЙГ ЭРХЭМЛЭЖ БАЙНА

Монголын хүнсний үйлдвэрлэлийн  салбарт томоохон байр суурь эзэлдэг үндэсний үйлдвэрлэгч UFC групп эх орныхоо хөрсөнд ургасан байгалийн цэвэр түүхий эдийг ашиглаж, үйлдвэрлэлийн нарийн технологийн дагуу эко шат дамжлагаар үйлдвэрлэсэн органик бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх зорилготой “Органик үйлдвэрлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд удаагүй байна.  Энэ талаар UFC группын захирал О.Амаржаргалтай цөөн хором ярилцлаа.

UFC групп “Органик үйлдвэрлэл” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү.

Хүн төрлөхтний түүхийн ихэнх хугацаанд хөдөө аж ахуй нь органик байсан бөгөөд 20 дугаар зуунд дэлхийн хүн амын өсөлтийг даган хүнсний бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ эрчимтэй өссөөр ирсэн. Энэхүү өсөлтийг хангахын тулд ХАА-н бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх зорилгоор аливаа шинжлэх ухааны дэвшлүүдийг ашиглан шинэ төрөл сорт бий болгон, гарцыг нэмэгдүүлэх болсон. Энэ нь хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж байгаа боловч органик шинж чанараа алдаж хүний биед үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдэж эхэлсэн байдаг.

Иймд UFC групп бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй түүхий эд материалаас эхлэн эцсийн бүтээгдэхүүн болтол зөвхөн байгалийн буюу органик үйлдвэрлэлийг бий болгон, өөрийн улс орны болон олон улсын байгууллагуудын органик бүтээгдэхүүний стандартуудыг баримталж үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн. Манай компанийн хувьд МҮХАҮТ-аас гаргасан ОРГАНИК БРЭНД бүтээгдэхүүний шаардлагуудыг бүрэн хангаж Монголын анхны органик бүтээгдэхүүнээр шалгарсан, мөн олон улсын стандартад нийцсэн байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүнд олгодог барааны тэмдэг болох “Ногоон зураасан код” эзэмших эрх бүхий анхны бүтээгдэхүүнээр Монгол Улсаас шалгарсан. Монгол Улсаас анх удаа олон улсын нэр хүндтэй шагналуудыг хүртэж, хэрэглэгчдэдээ органик бүтээгдэхүүн хүргэхийг зорьж “Органик үйлдвэрлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Бид химийн бордоо болон ямар нэгэн химийн нэмэлт бодис  ашиглалгүй,  Монгол орны эрүүл хөрсөнд ургасан улаан буудай, чацаргана зэрэг түүхий эдээр, байгалийн гаралтай шүүлтүүр технологийг ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.

Монголын хүнсний бүтээгдэхүүний зах зээлд шинэлэг өнгө аястай, шинэ бүтээгдэхүүн худалдаанд гарч Морьтой Чингис гэж хэрэглэгчид нэрийдсээр одоо Монголын №1 бүтээгдэхүүн болжээ. Бүтээгдэхүүнийхээ нууцлал, чанарыг хамгаалах талаар яаж ажиллаж байна вэ?

Бид зах зээлд шинээр Чингис бүтээгдэхүүн худалдаанд гаргаад 3 жилийг ардаа үдэхэд багагүй зүйл хийж дотоод гадаадын зах зээлд амжилт үзүүлсээр байгаад баяртай байна. Анх Чингис брэндийн сав баглаа боодол болон чанарын судалгааг хийж байх үед тус брэндийн шошгыг “Чингис хаан ба 9 өрлөг” хэмээх уран зургаас сэдэвлэсэн бөгөөд энэхүү зураг нь Монголын нууц товчоонд гардаг баатруудын дүрийг тусган туурвисан бүтээл байдаг. Шилний мөрөн дэх цацаг хэлбэрийн зураас нь есөн хөлт цагаан тугийг, хормойн хээ нь газар шороог, шилний ёроол нь дэлхийн бөмбөрцгийг төлөөлсөн бэлэгдлээр бүтээсэн юм. Чанарын хувьд улаан буудайн тансаг зэрэглэлийн спирт, зөөлрүүлсэн ус зэргийг ашиглаж, эко шат дамжлагыг дамжин үйлдвэрлэгдсэн цэвэр байгалийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж байна.

UFC групп шинийг санаачлагч, анхдагч байж чаддаг давуу талтай сүүлийн үед ямар шинэ зүйл сэдэж бүтээж байна?

Шинжлэх ухаан технологийн хурдацтай хөгжлийн энэ үед аливаа шинэ нээлт ололтийг өөрсдийн бүтээж буй органик үйлдвэрлэлд хослуулна гэдэг бас нэгэн дэвшил гэж хэлж болно. Орчин үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн чанартай бөглөөгөөр бүтээгдэхүүнээ хамгаалах зайлшгүй шаардлага гардаг. Энэ нь тохиолдож болзошгүй сөрөг үр дагвараас урьдчилан сэргийлэх нэгэн төрлийн баталгаа болж өгдөг. Европын холбооны улсуудад нэвтрээд буй сүүлийн үеийн шилдэг технологи болох далд бөглөө, давхар хамгаалалттайгаар хийгдсэн бөглөөгөөр Органик үйлдвэрлэлийн бүтээл болох  “Морьтой Чингис” бүтээгдэхүүнээ хамгаалан баталгаажууллаа. Уг бөглөө нь онгойлгосны дараа дээш гарч ирээд, буцаж ордоггүй онцлогтой. Мөн шингэнийг буцаан савлах боломжгүйгээрээ давуу талтай юм. Энэ сард Морьтой Чингис бүтээгдэхүүн шинэ бөглөөтэй худалдаанд гарч байна. Энэ нь эцсийн дүндээ хэрэглэгчдийн худалдан авч байгаа  бүтээгдэхүүн улам илүү найдвартай болж, баталгаажиж буйн нэг илрэл юм.

Монголын шилдэг 10 компанийн нэг UFC групп Монголын төдийгүй дэлхий нийтийн зайлшгүй хэрэгцээ болоод байгаа эрүүл, чанартай органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хэрэглэгчдэдээ хүргэхийг зорин ажиллаж байгаад  сэтгүүлч миний бие  талархаж байгаагаа илэрхийлье.

Сэтгүүлч Э.Ганчимэг


URL:

Tags: