Манай кинонууд яагаад ийм амьдралаас хол логик алдаатай хийгддэг юм бэ
Өчигдөр юнвишнээс “Үүр цайгаасай” гэж монгол кино үзлээ. Үзээд ичлээ. Өвөл шуургатай эргэн тойрон цасан далайд машин нь суучихлаа. Гэтэл машиндаа ачиж явсан үхрийн бололтой ширэнд боодолтой махыг буулгаж ирээд ширийг нь нарийхан зүсээд машинаа хунгараас татаж гаргах татлага болгох юм. Тийм хүйтэн өвөл өнөөх шир чинь хөлдүү байх ёстой атал нойтон шир болж хувираад тонгорогоор юу юугүй зүсээд машинаасаа уячихаж байна. Хөлдүү ширийг зүгээр л даавуу шиг зангидаж байгааг харж болно. Энэ алдаа шүү дээ. Эсвэл өвөл шир хөлддөг гэдгийг мэддэггүй юм уу. Тэсгим хүйтэнд хөлдүү ширийг тийм амар зүсдэггүй гэдгийг бараг хүн болгон мэдэх байлгүй. За тэгээд хөлдүү газарт модон гадсыг хөлдүү гуяар цохиод шаачихаж байгаа юм. Киноныхон тэс хөлдүү газарт модон гадас шааж болдгийг туршаад үзчихгүй. Бас болоогүй машин шөнө нүдгүй цасан шуурганд төөрөөд уруу газар давхиж яваад хунгарт суучихаж байгааг харуулдаг. Гэтэл өглөө нь харахад тэгш цасан талд хунгарт суучихаж. За энэ ч яахав гэж бодьё. Кинонд цас шуураад машин давхисан замыг харагдахгүй болсоноос төөрч хунгарт суусан гэдэг. Гэвч өглөө нь машин давхиж ирсэн зам зурайтал харагдаж байх жишээний. Хэн ч харсан өнөөх зам он удаан жил машин явсаар дагтаршиж ил болсон зам харагдах… Манай кинонууд яагаад ийм амьдралаас хол логик алдаатай хийгддэг юм бэ. Дээр үеийн байдлыг харуулсан монгол кинонуудад жүжигчдийн өмссөн дээл нь гэхэд л цоо шинэ бүр индүүдлэгтэйгээ харагдах нь бараг ёс болж дээ. Гэтэл жүжигчин Анхнямын тоглосон Хятадын “Чонон сүлд” кинонд гэхэд л Анхнямын хумсанд хир суулгасан нь харагддаг. Хөдөөний эгэл боргил амьдралд буй авгайн хумсанд мэдээж хир байлгүй дээ. Гэтэл манайхны кинонод маникюртэй гар л “давхиад” байх нь тэр. Зүүн хөл нь доголон байсанаа зарим хэсэгт баруун хөл доглох энэ тэрийг олж харж болно. Гадныхан энэ мэт өчүүхэн зүйлийг хүртэл кинондоо харж суулгаж чадаж байхад манайхан яагаад анзаардаггүй юм бэ. Агуу Сэнгэдоржийн найруулсан “Үүр цайгаасай” киноны энэ мэт алдааг хотынхон мэддэггүй гэхэд хөдөөнийхөн харж л байгаа шүү дээ. Сэнгээг ийм алдаа хийнэ гэхэд итгэмгүй. Кинонд жүжигчин Навчаа сайн тоглосон байдаг. Гэхдээ энэ мэт алдаа чинь киног чинь унагаад байна. Цаашид анхаармаар биш гэж үү, найзууд аа. Уг нь утга санаа нь зөв кино байсан ч ийм алдаанаас нь болоод өмнөөс нь иччих юмаа.
URL: