Чимээгүй тахал “амиа хорлолт” нийгэмд газар авсаар…/Асуудал дэвшүүлсэн өгүүлэл/
Цөөхөн хүн амтай Монголчууд маань амиа хорлолтын тоогоороо дэлхийд гуравдугаарт орох болжээ. Сүүлийн таван жилийн хугацаанд манай улсын 2361 хүн амиа хорлож, жилд дунджаар 411 амиа хорлосон тохиолдол бүртгэгджээ. Хүйсийн харьцааны хувьд нийт тохиолдлын 1,729 нь эрэгтэй, 326 эмэгтэй байна. . Хамгийн эмзэглүүштэй нь эдгээр иргэдийн насыг авч үзвэл 8-90 насны хүмүүс байна. Найман настай балчируудыг амиа хорлолт биш хэмээн сэжиглэсэн ч эцэст нь амиа хорлолт байсан байна. Мөн амиа хорлосон иргэдийн ихэнх хувь нь урьд өмнө ямар нэгэн байдлаар амиа хорлох үйлдэл хийж байсан байна. Судлаачид “хүн амьдралын явцдаа нэг бус удаа амиа хорлох бодол төрдөг” хэмээжээ. Удаа дараа эрсдэлтэй үйлдэл хийгээд байгаа хүмүүст тохиолдоод буй асуудлыг нь сонсож, шийдвэр гаргахад нь туслах, гэр бүлийн хүрээнд ярилцаж ойлгож дэмжиж туславал хүн ам багатай манай улс амиа хорлолтоор ийм их хүнээ алдахгүй.
Амиа хорлолтын хамгийн гол шалтгаан нь сэтгэл санаа, бие бялдрын дарамт байдаг байна. Сэтгэлээр унаж түүнийгээ тээсээр яваад эцэст нь ийм үйлдэл хийдэг. Судлаачдын үзэж байгаагаар эрэгтэйчүүдийн дундах архины хэрэглээ өндөр, амьдралын буруу хэв маяг, эмэгтэйчүүдтэй харьцуулахад сэтгэлзүйн хувьд асуудлаа нээлттэй ярилцаж чаддаггүй зэрэг байдал нөлөөлсөн гэж дүгнэж байна.
Бид ажилтай завгүй гэх нэрийн дор хайртай дотны хүмүүстэй цаг гаргаж, тэр бүр ярилцаад байдаггүй. Энэ бол амиа хорлолтод нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл. Хүн “сэтгэлийн амьтан” гэдэгчлэн та бид хоорондоо ярилцаж, сэтгэлээ нээгээгүйгээс тэр нэгэн маргааш нарт хорвоод үгүй болж байна.
Харин хүүхэд багачуудын хувьд ихэвчлэн гэр бүлийн хэрүүл маргаан, хойд эцэг эх, сургууль дээрээ дарамтад орох зэрэг нь амиа хорлох шалтгаан болоод байна. Хүүхдийн хувьд гэр бүлийн халуун дулаан харилцаа хамгаас чухал.
Ийнхүү дүр зураг нь хагацал үзэж буй гэр бүлийн эмгэнэл бус нийгмийн эмгэнэл юм. Төрөөс хүн амынхаа төрөлтийг нэмэгдүүлэх, өсөлтөд анхаарах халамжын бодлогыг ихээр хэрэгжүүлж байгаа ч хэн нэгэн цаг бусаар одхоос сэргийлэх арга хэмжээ авч буй салбар нэгээхэн ч үгүй. Нэгэн айл өрхөөс эхлээд төр засаг хүртлээ анхааралдаа авч нялхасаас эхлээд өтгөс өвгөд бүгдийг нийлэн нэгдэн энэхүү чимээгүй тахалд өртүүлэхээс сэргийлэх нь бидний нийгмийн үүрэг юм.
А.Дүүрэнжаргал
URL: