Д.Загджав: Авлига өгсөн нь тогтоогдвол манайх 34 хувиа 100 хувь болгох боломжтой
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджавтай ярилцлаа.
–Оюутолгойн гэрээг тойрсон олон асуудал ярилцаж байна. Та энэ талаар ямар байр суурьтай байна?
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон маргаан олон жилийн турш үргэлжилж байна. Энэ төсөл Монгол Улс газрын баялаг нөөц ихтэй гэдгийг дэлхий дахинд таниулж ихээхэн хэмжээний гадаадын хөрөнгө оруулалтыг татсан нь маргаангүй үнэн. Энэ төслийг эхлэн хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз” ХХК бас Монгол Улсын их өрийг дарахад чухал үүрэг гүйцэтгэсэн нь мартагдах ёсгүй гэж би хувьдаа боддог. Энэ дуусдаггүй, их маргаан нь Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтын үүд хаалгыг хааж, төрд итгэх ард түмний итгэлийг бууруулж байгаа нь тодорхой. Цаашлаад энэ асуудлыг улс төрийн өшөө авалтандаа ашиглаж нэр бүхий улстөрчид нийгмийг хагаралдуулж байгаа нь ноцтой үр дагавартай болоод байна.
Энэ төслийн хууль эрх зүйн үндэслэлийг бүрдүүлж байгаа Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан асуудлаар Монгол Улсын Засгийн Газрыг тэргүүлж байсан хоёр ч Ерөнхий сайдыг авлигын асуудалтай холбоотой байж магадгүй хэмээн хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа тухай мэдээ ойрмогхон гарлаа. Оюутолгой компанийн зүгээс ч саяхан мэдэгдэл гаргаж энэ талаар шалгалт хийж буй тухай олон нийтэд зарласан байна билээ. Хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон хардлага сэрдлэгээс гадна төслөөс Монголд орж буй орлого ашгийн хуваарилалт ихээхэн маргаан дагуулж байгаа. Өнөөдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдэхгүй, Монгол Улсын эдийн засагт үзүүлэх өгөөж нь чамлалттай байгаа хэдий ч Оюутолгой Монголын эдийн засгийн томоохон тоглогч, хамгийн том татвар төлөгч болоод зогсохгүй олон мянган ажлын байр бий болгож олон айл өрхийг тэжээж байгаа.
–Гэхдээ одоо Оюутолгойн гэрээтэй холбоотой авлигын хэрэгт зарим хүмүүсийг шалгаж эхэлсэн гэх юм?
-Энэ асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бол хоосон хардлага сэжиг нь Оюутолгой ХХК-ийн ажилд ч саадтай байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил сунжирч хойшилсноос болоод тус компанийн ашиг орлого 2017 онд 22 хувь буурлаа гэсэн утгатай мэдэгдэл тэд хийсэн байна билээ. Тэгэхээр Монгол Улсын төр 34 хувийг нь эзэмшдэг Оюутолгой компанийн үйл ажиллагааг Монголын эдийн засагт өгөөжтэйгөөр саадгүй үргэлжлүүлэх, олон нийтийн дунд тархсан сөрөг ойлголт, хардлагыг цэгцлэх шаардлагатай байна. Түүгээр ч барахгүй нэг үе жилдээ 1-2 тэрбум ам.доллар хүрч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012-2016 онд бараг тэг заахад хүрсэн нь Монгол оронд эдийн засгийн хөгжил саарч, ард түмний амьжиргаа доройтож, ажилгүйдэл нэмэгдэхэд нөлөөлсөн. Ийм ноцтой үр дагавартай байгаа учраас Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахтай холбогдуулан авлигатай холбогдсон асуудлыг нэгмөсөн шийдвэрлээд урагшаа явах, мөн Оюутолгойгоос Монголын ард түмэнд өгөх ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр төр засгийн зүгээс хэд хэдэн чухал арга хэмжээ авах нь зүйтэй гэж салбарын дэд сайдын хувьд үзэж байгаа.
–Энэ авлигатай холбогдуулан холбогдох байгууллагууд нь хэрэг нээж мөрдөн байцаалт хийж байгаа юм биш үү?
-Миний ойлгож байгаагаар энэ асуудлаар Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд өмнө ч шалгаж байсан, одоо ч үргэлжлүүлэн шалгаж байгаа гэж ойлгож байна. Тэгэхдээ тэр ажлыг тойроод бас асуудал байна. Нэгдүгээрт, өмнө нь шалгаад илрүүлж чадаагүй болохоор ард түмний итгэл үнэмшил буурсан. Одоо илрүүлж чадахгүй бол олон нийтийн зүгээс АТГ-ыг дахин хардана, шүүмжилнэ, төр засагт итгэх итгэл үнэмшил нь буурна. Хоёрдугаарт, үнэхээр авлига өгсөн эсэхийг тогтооход боломж, чадавхийн асуудал байгаа юм.
–Тэр нь юу гэсэн үг билээ?
-Юу гэхээр авлига авсан нь Монгол хүн, улстөрч байлаа гэхэд авлига өгсөн нь гадаадын компани, хөрөнгө оруулагч болж таарна. Гадаадын компанийг шалгах эрх зүйн үндэслэл, боломж чадавхи нь Монголын хууль хяналтын байгууллагуудад хомс байгаа нь хэнд ч ойлгомжтой. Хэрэв гадаадын хөрөнгө оруулагчид үнэхээр Оюутолгойн гэрээтэй холбогдуулан авлига өгсөн байгаад түүнийг илрүүлвэл энэ нь туйлын эх оронч, баатарлаг үйлс болох юм.
–Яагаад эх оронч гэж?
-Өнөөдөр Монгол Улс Оюутолгой компанийн 34 хувийг эзэмшиж байгаа, үлдсэн 66 хувийг Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Тюркойз Хилл” компани эзэмшдэг. Хэрэв үнэхээр Канадын хөрөнгө оруулагчид болон Рио Тинто компани нь олон нийтийн хардаад байгаа шиг С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нарт цаашлаад Дубайн гэрээ гэгчийг байгуулсан Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан нарт авлига өгсөн бол Оюутолгойн эзэмшлийнхээ хэмжээг Монголын төр 34 хувиас 100 хувь болгож нэмэгдүүлэх, эзэмшилдээ авах боломжоор хангагдана гэж бодож байна. Гэхдээ энэ хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн хүмүүсийг шууд буруутгаж бас болохгүй. Монгол Улсад хөрөнгө оруулалтыг татаж чадсан гавьяа бас бий. Өнөөдөр Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй, Оюутолгой компанийн 66 хувийг эзэмшиж байгаа “Тюркойз Хилл” компанийн зах зээлийн үнэлгээ 6 тэрбум орчим ам долларын үнэлгээтэй байгаа. “Тюркойз Хилл” компанид Оюутолгойгоос өөр хөрөнгө байхгүй. Өөрөөр хэлбэл, авлигад холбогдсон нь тухайн компанийн эзэмшлийг цуцлах үндэслэл бий болно гэсэн үг.
–Тэгэхээр авлига өгсөн эсэхийг яаж тогтооно гэж?
-Мөнгө угаалт болон Авлигын эсрэг олон улсын холбогдох гэрээ хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орсон байдаг. Тэр хүрээнд Канад, АНУ болон Рио Тинто компанийн эзэмшил нь оршдог Англи, Австралийн талд Монголын Засгийн газар хандаад авлига өгсөн эсэхийг тогтооход эрх зүйн туслалцаа үзүүлэх хүсэлтийг тавих шаардлагатай байна. “Тюркойз Хилл” компани ч, Рио Тинто компани ч хөрөнгийн биржид хувьцаа гаргасан нээлттэй компаниуд. Тэгэхээрээ тэдний санхүүгийн үзүүлэлтүүд олон нийтэд нээлттэй гэсэн үг. Өөрөөр хэлвэл үнэхээр энэ компаниуд авлига өгсөн бол тэр авлигын зардал нь тэдний санхүүгийн бүртгэлд хаа нэг газар суусан л байгаа. Тэрийг л илрүүлэхийн тулд Канад, Америк, Англи, Австралийн хууль хяналт, санхүүгийн хяналтын байгууллагуудад албан ёсоор хандах шаардлагатай гэж бодож байна. Авлига өгсөн юм бол авлигын эх үүсвэрийг тогтоосноор гэмт үйлдлийг илрүүлэх боломжтой болно гэсэн үг. Энэ боломжийг ашиглах талаар Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам ажиллах шаардлагатай байх. Манай Сангийн яам, Татварын Ерөнхий газар, цаашлаад Монголын талын 34 хувийг хариуцаж байгаа Эрдэнэс-Оюутолгой ХХК ч бас Оюутолгойн бүртгэлээс ийм зардал гарсан эсэхийг тодруулах талаар санаачлагатай ажиллах ёстой.
–Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахын тулд УИХ-ын 40 гишүүнд Оюутолгой компани авлига өгсөн гэсэн яриа байдаг, хэвлэлүүд ч бичсэн?
-Тэр гэрээг байгуулах үед би УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Хэрэв авлига өгсөн бол мэдмээр юм. Лав л надад өгөөгүй. Хэрэв хэн нэг нь авсан бол зургаан тэрбум ам.долларын хөрөнгийг Монгол төрийн мэдэлд авахын тулд гарч ирээд авсан гэдгээ хүлээчих гэж уриалмаар байна. Тэгвэл ёстой эх оронч гэдгээ харуулна гэсэн үг. Ерөнхийлөгч ч гэсэн хэрэв аль нэг улстөрч авлига авснаа хүлээвэл уучлал үзүүлнэ гэдгээ зарлачих хэрэгтэй.
–Оюутолгойн төслийн ашиг орлогыг бага байна, “Зууны луйвар” болсон, ногдол ашгийг 2037 он хүртэл хүртэхгүй нь гээд шүүмжилдэг. Энэ байдлыг хэрхэн засах вэ?
-2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Монгол Улс 34 хувийнхаа ногдол ашгийг 2023 оноос эхэлж хүртэх ёстой байсан юм билээ. Дубайн гэрээний дагуу тэр хугацаа 2037 оныг хүртэл хойшилсон гэж ойлгож байгаа. Түүгээр ч барахгүй Монгол Улсын дотоодын эх үүсвэрээс эрчим хүчний хэрэгцээгээ 2017 оноос хангах ёстой байсныг 2012-2016 оны Засгийн Газрын үед хойшлуулсан нь тодорхой болсон. Байдал тийм болсон учир Монголын талын оролцоо, хувийг нэмэгдүүлэх үүднээс дөрвөн төрлийн арга хэмжээ авах шаардлагатай тухай би урьд нь ч ярьж байсан. Тавантолгойн нүүрсийг ашиглах Цахилгаан станц барих, Тавантолгой, Оюутолгой, Гашуун сухайтын төмөр зам болон автозамын бүтээн байгуулалтанд оролцох, гуравдугаарт Зэс хайлуулах үйлдвэр барих, Ханбогдод хот байгуулах гэсэн чиглэлээр санаачлагатай ажиллахыг цаашид ч шаардах болно. Ер нь бол өвөг дээдэс, үе үеийн эх орончдын баатарлаг тэмцэл, алтан амиар дархлан хамгаалагдаж үр хойчдоо үлдээсэн эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнол, газар шороогоо хайрлан хамгаалж, ирээдүй үедээ өвлүүлэх эрхэм үүргээ монгол хүн бүр ухамсарлан ойлгож ажиллаж амьдрах ёстой юм.
–Тухайлбал?
-Оюутолгойн төсөл болон Хөрөнгө оруулалтын гэрээг ямар үр өгөөжтэй болох, Олон улсын хэмжээнд харьцуулахад аль зэрэг шударга болсон талаар нухацтай судалж үзмээр байгаа юм. Манайхан өөрсдөө судлахаараа улстөржөөд, цээжний пянгаар, зөвхөн “Эрдэнэт”-тэй харьцуулаад яриад байдаг. Гэтэл зэсийн баялагтай, зэсийн уурхай, үйлдвэрлэлээр манайхаас хавьгүй илүү олон орон байгаа. Тэгэхээр энэ ашиг орлогын хуваарилалтын асуудлаар хөрш орнууд, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк, Герман, Япон, Швейцарын Хөгжлийн агентлагуудад хүсэлт тавиад хөндлөнгийн харьцуулсан судалгаа хийлгэж дүгнэлт гаргуулж энэ талаар дуусахгүй байгаа маргааныг эцэслэмээр байгаа юм.
Саяхан Канадад уул уурхай, геологи хайгуулын асуудлаар олон улсын хуралд оролцсон хүмүүс Монголд хөрөнгө оруулалтын талаар тааруу хандлагатай байгааг анхааруулсан байсан. Энэ маргааныг дуусгахгүйгээр, хандлагаа өөрчлөхгүйгээр энэ сөрөг хандлагыг эерэг болгох боломж маруухан. Тэгээд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг өргөнөөр хэлэлцэн шүүмжлүүлсний үндсэн дээр бодитой дүгнэлтэд тулгуурлан Монголын төр ард түмэн нэгдмэл ойлголттой ажиллах шаардлагатай байгаа юм.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: