Сонгуулийн хууль дээр намууд хаврын тэнгэр шиг хуйсганаж байна
Энэ парламент мэндэлснээсээ хойш л Сонгуулийн хуулийг шинэчилнэ гэсээр тодорхой шийдэлд хүрээгүй өнөөдрийг хүрлээ. Сонгуулийн хуулийг батлах хуулийн хугацаа хэдхэн хоноод дуусна. Үгүй бол хуучнаараа явах дээрээ тулна. Наанаа бол хуулиа энэ долоо хоногт баталчихна гэж байгаа ч цаанаа ямар бодолтой нь эргэлзээтэй. Мөн хэл ам таталж, хаврын тэнгэр шиг ааштай айлын эрх эхнэр шиг аашилж байж санасандаа хүрлээ гэхэд Үндсэн хуулийн Цэц дээр очоод унах магадлал өндөр. Тэгэхээр улстөрчдийн хэлж байсанчлан сонгуулийн тогтолцоо хуучнаараа ирэх сонгуульд орж болох юм. Хэрэв ингэхдээ тулбал нөгөө хамтарсан засгаа байгуулахад хийсэн гэрээгээ зөрчихөд хүрнэ. Уг гэрээн дээр “Сонгуулийн тогтолцоог өөрчилнө” гэж хоёргүй сэтгэлээр заасан байгаа. Хэрвээ энэ гэрээгээ зөрчвөл сонгууль энээ тэрээ ойртлоо гэж шалчганахгүйгээр засаг огцорно гэдгээ гишүүд нар сайн мэдэж байгаа. Зориудаар үүнийг отон суугаа УИХ-ын гишүүд болон фракц хүчин бэлэн байгаа гэдгийг сүүлийн үед болоод байгаа үйл явдлууд батлаад байна.
Сонгуулийн хуулийн шинэ хувилбар эмэгтэйчүүдэд 20 хувийн квот олгох дээр эхний байдлаар санал яригдсан. НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтод тусгаснаар бол 2015 он эхэд эмэгтэйчүүдэд 30 хувийн квот олгоно гэсэн. Энэ удаа ямар ч байсан тэр амлалт бүтэлгүйтэв. Мөн жижиг гэгдэх намуудад долоон хувийн босго гэж ярьж байсан бол сая таван хувийн босго тавихаар тохирч байгаа. Бусад улс орнуудын жишиг ч иймэрхүү байдаг юм билээ. Ингэхэд гудамжны гэгдэх жижиг намууд парламентад орох сайн талтай. Ингэвэл гудамжны хөдөлгөөн тэмцлүүд дотор ордог гэдэг. Гэхдээ хэт олон нам парламентад орвол засаг төрийн ажил явц муутай болдог гэцгээдэг. Сонгуулийн энэ босго жижиг гэх намуудад боломж олгож байгаа мэт харагдавч намуудын төлөвшилд саадтай байдаг. Хэн дуртай нь нам байгуулж парламентад суух гэж зүтгэдгээс намууд төлөвшиж томрох нөхцөл бололцоо тэр бүр олдоод байдаггүй гэнэ.
Цаашид сонгууль болоход намууд эвсэх үү, аль намтай аль нь эвсэж сонгуульд орохов гэдэг дээр албан ёсоор тохирсон нам одоогоор алга. Харин МАХН-ыг МАН-тай арван суудлаар тохиролцсон гэсэн мэдээллийг аль, аль талын албаны эх сурвалжууд үгүйсгэв. Уг нь МАН, МАХН эвсэж орохыг үгүй гэх газаргүй. Эвсэж орохдоо МАХН-ын эвсэл гэсэн нэртэй байх юм гэж дуулдаж байсан. Яг цагаа тулахаар энэ л ортой байж магадгүй. МАН-ын эртнээс улбаатай бичигдээгүй заншил бол том эрх ашиг дээрээ нэгдэж чаддаг. Тиймээс ч Ц.Нямдорж, У.Хүрэлсүхээс авахуулаад Н.Энхбаярыг өрөөсөн нүдээрээ ч хялайж харахгүй байгаа хүмүүс намынхаа ирээдүйг бодоод яаж ч болох шүү дээ. Тэгээд ч энэ хэрүүл маргаанд намын дарга Сү.Батболд оролцохгүй байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Эвсэл энээ тэрээ болохдоо тулбал “Ямар бид хоёр хэрэлдэж муудалцаж байсан биш” гэсээр л хоёр талаасаа уулзах нь байна.
Н.Энхбаярын хувьд ирээдүйг нь хоёр талтай ярьцгааж байна. Нэг хэсэг нь МАХН МАН-тай эвсэхгүй сонгуульд орсноор боломжоо алдаж байна гэж байхад зарим нь Н.Энхбаяр эвсэж байж л ял мултарна гэх. Ямар ч байсан Н.Энхбаяр өөрийнх нь хэлээд байгаа шиг сөрөг хүчин болчихож одоохондоо амжаагүй байгаа. Энэ бол зүгээр л хэвлэлийн пиар төдий зүйл.
Орост өөрчлөлт шинэчлэл ид өрнөж байх үед жирийн иргэдээс энэ талаар асуухад “Яг л Сибирийн ой шиг..” гэж хариулж байсан гэдэг. Энэ нь дээр ой шуугиад л газарт ганц нэг боргоцой унахын дайтай нэг их сүйдтэй юм биш л гэж хэлснийх.
Нэг үгээр хэлбэл тэртэй тэргүй хоёр том нам үзэлцэж байхад Н.Энхбаяр бол газар унаж байгаа ганц нэг боргоцойтой л адил айхтар их нөлөө үзүүлж чадахгүй.
Тэгэхээр яг өнөөдөр бол Н.Энхбаяр өөрийгөө сөрөг хүчин гэж нэрлээд хэрэггүй юм. Маргааш яахыг нь харин хувь төөрөг нь мэдэх хэрэг. Н.Энхбаярын намын шинэ мэдээлэл гэвэл М.Энхсайханы МҮАН албан ёсоор сонгуульд эвсэл болж орохоо санал болгоод байгаа гэсэн. Мөн Либерал ардчилсан нам, Нэгдсэн хөдөлмөрийн намуудтай эвсэх эсэхээ ирэх долоо хоногт хуралдах Гүйцэтгэх товчооныхоо хурлаар хэлэлцэх юм билээ.
Ардчилсан намын хувьд одоогоор албан ёсоор эвсэж сонгуульд орох санал тавьсан нам байхгүй байгаа. Гэвч Ардчилсан холбоо эвсэл нэрээр ардчиллын төлөөх бүх намуудыг нэгтгэж сонгуульд оролцвол их горьдлоготой байгаа гэх судалгаа бий. Одоохондоо ИЗН эвсэл болж магадгүй. Дээр нь Ногоон нам ч мөн эвсэх гэж магадгүй хэмээн яригдаж байгаа. Энэ сонгуулиар ийнхүү улс төрийн хоёр том эвсэл болж өрсөлдөж магадгүй байгаа.
Гэвч сонгуулийн хуульд босго оноог намсгаснаар жижиг намуудын амбиц хөдөлж тус тусдаа сонгуульд орж нэг нэг суудал зулгаах тухай бодож байгаа гэх сураг байна. Тэд ганц суудал аваад сонгуулийн дараа аль олон суудал авсантай нь эвсэж Засгийн газарт орж сайд болж дөрвөн жил тендер авч засгийн мөнгөөр туйлах юм ярьцгааж эхэлжээ. Мөн бүр өөр ч хувилбар байгаа бөгөөд тэд улс төрд гурав дахь ч хүчний байр суурь байх л ёстой хэмээн горьлогсод юм. Тэдний бодлоор гурав дахь хүчний эвслийг Н.Энхбаяр даргатай МАХН-аар удирдуулан сонгуульд оролцох бөгөөд дор хаяж бүлгийн хэмжээний санал авна гэж үзэж байна. Нэгэнт УИХ дээр бүлэгтэй болсон учир мөн л Засгийн газарт хүнээ шургалуулна хэмээн үздэг гэнэ. Хүнээ засагт оруулаад харин яаж юу хийхээ экс ерөнхийлөгч хүнээр заалгахгүй хэмээн улстөрчид ярилцдаг.
Одоо яригдаж байгаа хуулиар 48 мандатын төлөө 26 тойрог дээр өрсөлдсөн хүмүүсээсээ шилжүүлэх үү, эсвэл шууд оруулах уу гэдэг дээр хоёр нам санал нэгдэхгүй байгаа. МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин өчигдөр бүлгийн хурлынхаа дараа Сонгуулийн хууль дээр ямар байр суурьтайгаа илэрхийлж “28 хүнээ оруулвал хэдэн хувиар оруулах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. АН-ын зүгээс 48 хүнээсээ сонгогчдын авсан саналын дагуу эрэмбэлэгдсэн дарааллаар бүрэн шилжилт хийх нь зүйтэй гэж үзсэн. Харин МАН-ын зүгээс 100 хувь 48 хүнээсээ шилжүүлэх нь учир дутагдалтай гэсэн байр суурьтай байна. 28 хүнээсээ огт орохгүй юм бол 28 хүнийг нэрсийн жагсаалтад оруулах нь утгагүй. Тиймээс шилжилтийг хийхдээ 48-аасаа ч хийе, 28-аасаа ч оруулъя гэсэн байр суурьтай байгаа” гэж хэвлэлийнхэнд мэдээлсэн.
Ерөнхийдөө МАН-ын энэ хувилбар хүн нь чихэлдээд болохгүй байгааг харуулж буй юм.
Сонгуулийн хууль хэрхэн батлагдахаас намуудын хувь заяанд янз бүрийн өөрчлөлт орж болох учраас тэд ингэж адган зүтгэцгээж байна.
Д.МӨНГӨНДАЛАЙ
URL: