Зам гэж үүнийг хэлэх үү

223304-22032018-1521690531-406282380-Zam -Нэг см гаруй зузаан авто замыг стандартад нийцсэн гэж хэлэв-

Сүхбаатар дүүргийн XX хороо, Сэлхийн авто зам хоёр хэсэг газар цөмрөв. Үүний буруутан нь уулын ус, түүний урсах голдирлыг өөрчилсөн хоёр айл гэнэ. Ус зайлуулах хоолойн голдирлыг өөрчилж, тухайн орчмын айлуудыг үерт автуулсан нь тэр хоёр айлын буруу.

Тэгвэл хоёрхон хоног урссан усанд эвдрэх хэврэг зам тавьсан нь хэний буруу вэ. Цөмөрсөн хоёр хэсэг хоорондоо арав хүрэхгүй метрийн зайтай. Гэтэл асфальтых нь зузаан өөр. Бид хэмжилт хийхэд нэгнийх нь зузаан хоёр см хүрэхгүй, нөгөөгийнх нь арай чүү гурван см хүрч байв

. Өөрөөр хэлбэл, тухайн авто зам стандартад нийцээгүй, чанаргүй учраас усанд идэгдэж, цөмөрсөн гэсэн үг. Авто зам нь чанаргүйн дээр ус зайлуулах хоолой нь тааруухан, бөглөрсний улмаас айлууд усанд автсан аж.

Уг нь Монгол Улсын стандартад авто замын зузаан хамгийн багадаа тав см, даацынх бол 10 см байх ёстой гэж заасан байдаг. Тэгэхээр дээрх авто замыг хоёр жилийн өмнө тавихдаа эл стандартыг огт мөрдөөгүй байх нь. Уг жишээнээс “Монголчууд шороо овоолж тэгшлээд, багахан асфальт түрхчихээд түүнийгээ зам гэж нэрлэдэг байх нь” гээд дүгнэчихэж болохоор. Ер нь манайхан зам тавих гэж ёстой “гурилддаг” аж.

Дээрээс нь замаа арчилж, засаж огт мэддэггүй, чаддаггүй. Эвдрээд гурав хонож буй замыг засаж эхлээгүй байгаа нь үүний нотолгоо. Цаг хүрэхгүй хугацааны өмнө оччихоод ирснээ дуулгасаар атал нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхан “Одоо засаж байгаа. Ус зайлуулах хоолойг нь цэвэрлэж эхэлсэн” хэмээн ажигч үгүй худлаа ярьж суув.

Тэгсэн атлаа засахад шаардлагатай хөрөнгийн тооцоо удахгүй гарна гэх юм. Төсвийн хөрөнгөөр ийм чанаргүй зам тавьж, хохирол учруулж байгаа нь гүйцэтгэгч компанитай холбоотой юу, эсвэл захиалагч байгууллагад “но” байна уу. Замын барилгын ажлыг чанартай болгохын тулд гүйцэтгэгч компанийн арчлалт хийх хугацааг гурван жил болгосон гэж нийслэлийн удирдлага ярьдаг.

Тэгэхээр эл эвдрэлийг тухайн замыг тавьсан хүмүүсээр засуулах нь зүйн хэрэг байлтай. “Байгалийн гамшгийг бид дийлэхгүй шүү дээ. Иргэд л бүтээн байгуулалтыг сүйтгэж байна” хэмээн хэдий болтол өөрсдийгөө өмгөөлөх вэ. Зам гэж үүнийг хэлэхгүй биз дээ.

Өнөөдөр сонин


URL:

Tags:

Нэр: шамбий Огноо: 22 March 2018

АН-ы гарамгайбаатар батүүлээсээ мөнгө аваад тавьсан зам шүү дээ

Сэтгэгдэл бичих