Багануурын уурхайд юу болоод байнаа…
Бид Эрдэнэт үйлдвэр гэж ганцхан зүгт харж улайран шуурч байх хоорондоо араараа Багануурын уурхайг тавиад туучих гэж байгаа юм биш биз. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед эхэлсэн цахилгаан станцыг барих ажил бол анх удаа уурхайн амаа түшиглэсэн бүтээн байгуулалт юм. Гэвч энэ бүтээн байгуулалтын эргэн тойрон дох шүүмжлэлүүд энд тэнд явсаар. Гэхдээ энэ удаад цахилгаан станцын асуудлыг хойш тавья. Харин 2012 он хүртэл улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, огт өргүй явсан компанийн өнөөдрийн бодит дүр зураг, учирсан хүндрэлүүдийн шалтгаан болон ер нь энэхүү стратегийн ордод ямар асуудал үүсээд байгаа талаар товч дурьдюу гэлээ.
Багануур ХК нь Төвийн эрчим хүчний системийн харьяа Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг бөгөөд жилд 4.0 сая тонн нүүрс олборлон борлуулж, 120.0 орчим тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж байна. Багануурын ордод 1974-1975, 1988-1989 онд хайгуул, 2014-2016 онд нэмэлт хайгуулын ажил хийж 812 сая тоннын хүрэн нүүрсний нөөц тогтоогдсон байдаг.
Асуудал1. Багануурын уурхай нь цахилгаан эксковатрууд ашигладаг бөгөөд 1990-ээд оны сүүл хүртэл цахилгаан хөдөлгүүр генератруудаа өөрсдөө засварлуулж байна. Монцахим ХХК нь монополь байдалтай ажилладаг бөгөөд хуучин оросын тоног төхөөрөмжөөр олон улсын стандартад нийцэхгүй, чанар муутай засвар хийж, уурхайн мөнгийг үргүй зарцуулж ашиг олж байна. Уурхай Монцахим ХХК-д жилд их хэмжээний төлбөр төлж байгаа боловч засварын ажил нь чанаргүй байдгаас зассан хөдөлгүүр, генератрууд нь эргэн засварлах шаардлагатай болдог байна. Түүнчлэн үүнээс болж уурхайн ажилд зогсолт, саатал их гардаг. Монцахим ХХК нь Оюутолгой ХХК-тай цахилгаан машины засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, засварын ажил гүйцэтгэсэн боловч олон улсын стандартад нийцээгүй, чанаргүй хийсний улмаас дахин хийлгээгүй байна. Эндээс харахад Монцахим ХХК нь ямархуу түвшинд засварын ажил хийдэг нь ойлгомжтой. Багануурын уурхай нь 1990-ээд оны сүүл хүртэл цахилгаан хөдөлгүүр генератруудаа өөрсдөө засварладаг байсан бөгөөд өртөг зардлаа бууруулах, засварын ажлын чанарыг дээшлүүлэх, эксковатруудын зогсолт, саатлыг бууруулахын тулд цахилгаан машины засварын ажлаа өөрсдөө хийх шаардлагатай. Уурхай нь засвар механикын хэсэгтэй бөгөөд цахилгаан хөдөлгүүр, генератрынхоо засварыг өөрсдөө хийх бүрэн боломжтой, бааз суурьтай, засварын ажилд шаардлагатай цөөн тооны тоног төхөөрөмжийг нэмж авахад л болох юм.
Асуудал2. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн үед дуулиан болсон “Нүүрс хөтөлбөр” хэрэгжиж байх үед уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан “Эл Эс Би” компани нь нүүрсийг буталж шигших тоног төхөөрөмжийг ашиглаж байгаад авсан нүүрснийхээ төлбөрийг төлж чадахгүй болонгуут нүүрсний өрөндөө тооцож 3.0 тэрбум төгрөгөөр буюу зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр шахаж компанийг хохироосон.
Асуудал3. Багануур ХК нь 1 тонн нүүрсийг ДЦС-уудад НӨАТ-гүйгээр 29500 төгрөгөөр, иргэд, аж ахуйн нэгжид 38000 төгрөгөөр борлуулж байгаа бол Багануурын Дулааны станцад 11000 төгрөгөөр буюу тонн тутмаас 18500 төгрөгөөр бага үнээр борлуулж, жилд 700 гаруй сая төгрөгийн алдагдал хүлээж байна. төрөс нүүрсний үнийг хүчээр барьж байдаг учраас уурхай алдагдалтай ажилладаг бөгөөд үүн дээр нь Багануурын Дулааны станцад борлуулж буй нүүрснээсээ алдагдал хүлээж ажилладаг нь уурхайг үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учруулж байна.
Асуудал4. 2013 оноос технологийн бус, карьерт ажиллах зориулалтгүй, шулуун тээвэрт ашиглах зориулалттай хятадын 40-60 тоннын даацтай автомашинуудыг түрээсийн гэрээгээр хөрс тээврийн ажил гүйцэтгүүлсэн нь ажилд нэмэр болохоос нэрмээс болж, төлөвлөсөн ажлыг бүрэн хийж чадаагүй, бөөн эвдэрсэн машинууд карьерт хэвтэх болж. Эдгээр машинууд нь карьерт ажиллах зориулалтгүй, зүтгэх хүч муу учраас хөрс ачаад 20-50 метрийн гүнээс гарч чадахгүй болж, бульдозероор чирүүлэх зэргээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд саатал, хүндрэл учруулж, үргүй зардал гаргаж байгаа юм.
Асуудал5. Сүүлийн жилүүдэд төлөвлөгөөгөө биелүүлж, сайн ажилласан болж харагдахын тулд 3-4 жилийн дараа ашиглах давхаргын хөрс хуулалтын ажлыг орхигдуулж байснаас Багануурын уурхайн технологи хүндэрч, зарим газраа нүх үүссэн байна. Үүнээс шалтгаалж хөрсний хоцрогдолд орж, нүүрсээ гаргаж авч чадахгүй болох эрсдэлтэй нөхцөл байдал тулгараад байна.
Асуудал6. 2013 оноос санхүүгийн удирдлага алдагдаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн, найдвартай явуулахад шаардагдах сэлбэг, шатахуун, цалин, татвар, нийгмийн даатгалд зарцуулах мөнгөө элдэв хэрэгцээгүй сэлбэгийн шахаанд зарцуулж байсан нь уурхайг санхүүгийн хүндрэлд оруулж, цалингаа байнга зээлээр тавих хэмжээнд хүргэж, зөвхөн татвар, даатгалд гэхэд л олон тэрбум төгрөгийн өртэй болгосон. Уурхай нь 2012 он хүртэл улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, улсын төсвийг бүрдүүлдэг татвар, төлбөрүүдийг бүрэн төлж, татвар, нийгмийн даатгалын байгууллагуудад ямар ч өргүй явж ирсэн. Гэтэл 2013 оноос эхлэн компани ажилчдын цалингаас эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж авчихаад төлбөрийг эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагад цаг хугацаанд нь шилжүүлэхгүй байгаагаас ажиилчид эрүүл мэднийн даатгалын үйлчилгээ, нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэмжүүдийг авч чадахгүй, сувиллын хөгнөлөлтөнд хамрагдаж чадахгүй болж, удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан жирийн уурхайчид хамгийн их хохирч байна.
Асуудал7. Төвийн бүсийн цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг бүрдүүлэхэд зориулж сүүлийн жилүүдэд улсын төсвөөс жил бүр олгож байгаа 20 тэрбум төгрөгийн төсвийн зээлийг үр ашиггүй, бруу зарцуулж, шаардлагагүй сэлбэг хэрэгслийг өндөр үнээр худалдан авч шахаа хийж байна. Хэрэгцээ шаардлагагүй сэлбэг худалдан авч складаа дүүргэж байгаагаас сэлбэгийн складын үлдэгдэл 30 орчим тэрбус төгрөгт хүрчээ.
Асуудал 8. Хэдийгээр хөрөнгө оруулалт, шинэ техник, тоног төхөөрөмж хэрэгтэй боловч зах зээлийн үнээс өндөр, эвдрэл гэмтэл ихтэй техникүүдийг банкны өндөр хүүтэй зээлээр авсан нь эргээд компанийг өрөнд оруулж, зээл, зээлийн хүүгийн дарамтанд байлгах боллоо. Таван жилийн өмнө авсан 50 тоннын даацтай Белазууд нь ирсэн цагаасаа эвдрэл гэмтэл ихтэй, ашиглагдахгүй шахуу байсаар сүүлийн хоёр гаруй хугацаанд эвдэрхий хэвтэж байгаа нь хөрөнгө оруулалтыг үргүй зарцуулж байгааг харуулж байна.
Энэ мэтчилэн дурьдвал их зүйл бий. Төвийн бүсийн 70 хувийг нүүрсээр хангадаг гол нийлүүлэгч Багануурын уурхайн өнөөгийн дүр төрх нэг иймэрхүү. Багануурын уурхайд бид анхаарлаа хандуулах цаг болсон. Цахилгаан станц барих ажил явагдаж байгаа тэр орчинд чухам юу өрнөж байгаа нь тодорхойгүй. Чих тавих нь ээ, их сүртэй хамгаалалттай байдаг сурагтай. БНХАУ-ын манайд тавьж буй шаардлага ч амьдралд нийцэхээргүй гэх мэтээр Багануурт бужигнах “бантан өтгөрсөөр”. Одоо л энэ бүгдийг шийдвэрлэхгүй бол үүнийг далимдуулж өнөөх өмч хувьчлалаар хувьд гарчихвал ёстой “өнгөрсөн борооны араас цув нөмрөх” гэгч нь болох вий. Өмчлөгчийн өлмий дор сөхрөхөөс аргагүйд хүрнэ. Үүнийг дагаад ойрын ирээдүйд бүхэл бүтэн улсын нийслэл Улаанбаатар хот “хөлдөөгч” болох эрсдэл энүүхэнд ирлээ.
http://undesten.mn/33234.html
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
үйлдвэрлэлийн өндөр дадлага туршлагатай, мэргэшсэн инженр, эдийн засагчдын баг бүрдүүлж, тус уурхайн үйл ажиллагаанд аудит хийж үйлдвэрлэлийн аль шат дамжлага, техникийн болон технологийн ямар хүндрэл байгаа цаашид төрөөс юунд анхаарах, уурхайн инженрүүд юунд анхаарч ажиллах шаардлагатай болсоныг тодорхой болгох хэрэгтэй. Удаж цаг алдах тусмаа уурхай үйл ажиллагаа доголдож цахилгаан станцуудад нөлөөлж засч залруулахад их хөрөнгө, илүү их цаг зарах болнодоо. Одоо аягүй бол усыг шүүрүүлээгүй нүүрс станцуудад өгч байгаа болов уу. хөрс дутуу хуулж цаашид нуралт үүсч нүүрсний хаягдал ихэсэх гээд тоочоод байвал олон юм бий.