Монголбанк 254 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, улсын төсөвт орлого бүрдүүлэхгүй байх нөхцөл бүрдүүлжээ
Үндэсний аудитын газраас Төв банкны өнгөрсөн оны үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Аудитын шалгалтаар Монголбанк өнгөрсөн онд 2.4 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгийг орлогод авсан хэмээж, санхүүгийн тайлангийн тодруулгаар 4.5 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгийн худалдан авалт хийснээр тайлагнасан аж. Үндсэн хөрөнгийн санхүүжилтийн дансаар дамжуулан хийсэн 2.1 тэрбум төгрөгийн худалдан авалтын орлого, зарлагын гүйлгээг давхар оруулан тооцсоноос ийм дүн гарсан байна. Тиймээс аудитчид “Монголбанк нягтлан бодох бүртгэлийн журам, бодлогыг шинэчилж, программ хангамжийн уялдааг сайжруулах шаардлагатай” гэж дүгнэжээ.
Монголбанк 2008-2010 оны Төсвийн тухай хууль дагуу улсын төсөвт жил бүр таван тэрбум төгрөг оруулах ёстой. 2007 онд 7.1 тэрбум, 2008 онд 29.4 тэрбум, 2009 онд 35.1 тэрбум төгрөгийн тус тус ашигтай ажиллласан бол өнгөрсөн онд 254 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Гэвч Монголбанк ОУВС-д төлсөн 4.6 тэрбум төгрөгийг эс тооцвол 2008-2010 оны Төсвийн тухай хуулийг бүрэн хэрэгжүүлээгүй байна. Монголбанкны тухай хуулийн 38 дугаар зүйлд “Цэвэр орлогын 40-өөс доошгүй хувийг ерөнхий нөөцийн санд хуваарилсны дараа үлдэх хэсгийг улсөн төсөвт шилжүүлэх”-ээр заасан нь Монголбанк улсын төсөвт орлого төвлөрүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлснийг Үндэсний аудитын газар дүгнэн гаргаж, тус банкинд зөвлөмж, УИХ-д асуудал болгон тавьсан байна.
URL: