ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд
Өчигдөр Оросын ард түмэн ерөнхийлөгчөө сонголоо. Дэлхийн 144 оронд ажиллаж, амьдарч байгаа Орос иргэдийн саналыг авахаар 400 гаруй сонгуулийн хэсэг ажиллаж, нийт 205 мянган сонгогч саналаа урьдчилан өгсөн тухай Сонгуулийн хороо мэдээлсэн.
Монгол улсад суугаа Оросын иргэдийн саналыг авахаар гурван байр ажиллуулах талаар өмнө нь ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Азизов Искандер Кубарович онцолсон.
Энэ удаагийн 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд нийт найман нэр дэвшигч өрсөлджээ. Тэд Оросын бүх ардын холбоо намаас өрсөлдөж байгаа Сергей Бабурин, Оросын коммунист намын Павел Грудинин, Либерал-Ардчилсан намын Владимир Жириновский, ганц эмэгтэй нэр дэвшигч болох Иргэний санаачлага намын Ксения Собчак, Оросын Коммунистууд намын Максим Сурайкин, Өсөлтийн намын Борис Титов, Алим намын Григорий Явлинский болон бие даан нэр дэвшигч, одоогийн ерөнхийлөгч Владимир Путин нар юм.
Сонгуулийн төв хорооны тэргүүн Э.Памфилова энэ удаагийн сонгуулийн ирц өндөр байсныг онцолсон. Орон нутгийн цагаар 17:00 цагийн орчимд сонгуулийн ирц 59.1 хувьтай байсан талаар Оросын Сонгуулийн төв хорооны орлогч дарга Н.Булаев мэдэгдсэн.
В.Путин сонгуульд ялах магадлал өндөр гэсэн үр дүн гарсан судалгааг социологичид өмнө нь хийсэн. В.Путин энэ удаагийн сонгуулийн компанит ажилдаа тийм ч их идэвхийлэл гаргаагүй ч илт давуу ялах магадлалтай байна. Одоогийн байдлаар нийт сонгогчдын 76.60 хувь нь түүнд саналаа өгсөн гэсэн дүн гарсан.
Сонгуулийн үеэр аюулгүй байдлыг хангах зорилгоор олон тооны ажилтан, албан хаагчийг дайчилсан. Түүнчлэн сонгуулийн бүхий л хэсэг, ойролцоох газар нутагт тусгай бэлтгэгдсэн албаны ноход болон техник хэрэгслүүд бүхий цагдаа нар жижүүрлэжээ.
Ugluu.mn
URL: