УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт шаардлага хүргүүллээ

18729

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын Их хурлын гишүүн Х.Нямбаатарт шаардлага хүргүүллээ.
Уг шаардлагад “Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлд заасны дагуу шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүгчийн эрх ашгийг нь хамгаалах чиг үүрэг хэрэгжүүлдэг.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Та 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “С1” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгөхдөө зарим шүүгчийн хууль бус хөрөнгөжсөн, авлига авсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар мэдэж байгаа, мөн үйлдлийг нотлох баримт байгаа гэж ойлгогдохоор мэдээллийг олон нийтэд түгээжээ.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Танд дараах шаардлагыг хүргүүлж байна.
1. Та өөрийн ярилцлагад дурдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэх шүүгчийн нэр, хууль зөрчсөн бурууг нотлох баримт, мэдээллийн эх сурвалжаа олон нийтэд ил болгож, хууль сахиулах, авлигатай тэмцэх байгууллага, прокурорт уг баримтаа өгч шалгуулах.
2. Хэрэв Та дээрх мэдээллийнхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажлын нэр хүнд, шүүгчийн нэр төрд халдсан үйлдэлдээ уг мэдээллийг түгээсэн арга, хэлбэрээр уучлалт гуйх.
Жич: Шүүх нээлттэй байх, олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу бүх шатны шүүхийн шүүгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд нийтлэв” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих