Монголын супермаркетуудаас “ЗУГТААХ” мянган шалтгаан бий

5aa5fc8ec18d03.66157228“Буян”-гийн Жагаа хэд хоногийн өмнө фейсбүүк хуудсандаа гадны сүлжээ супермаркетуудыг хөөж гаргах хэрэгтэй гэсэн утга бүхий бичвэр үлдээжээ. Чамгүй олон дагагчтай энэ хуудсыг зарим нэг хүн Б.Жаргалсайханых биш, нэр, зургийг нь ашиглаж буй этгээдийн “хулхи” хуудас гэлцдэг.

Гэхдээ маш олон хүн Б.Жаргалсайхан гэж боддог учраас бичсэн зүйлд нь итгэнэ, эсвэл сохроор дагана. Энэ удаад ч сэтгэгдэл үлдээгчдийн ихэнх нь “Абсолют”, “И-Март” зэрэг газрыг үтэр түргэн хааж, Монголын сүлжээнүүдийг “аврах” ёстой гэжээ.

Шалтгаан нь тун хялбар. Нэгдүгээрт, гадны сүлжээнүүдийн мөнгөн орлого гадагшаа урсдаг. Хоёрдугаарт, “хужаа” бараа зардаг байх өндөр магадлалтай. Иймийн учраас л гоё сайхан, тав тухтай, зогсоол сайтай, боломжийн хэр таарсан үнэтэй эдгээр супермаркетийг ойрын хугацаанд хаах шаардлагатай гэнэ.

Гэвч эдгээр сэтгэгдэл үлдээгч нэг зүйлийг ерөөс бодолцож үзсэнгүй. Ардчилалд хөл тавьснаас хойш өнөөг хүртэл Монголд гарын арван хуруунаас давж гарсан олон сүлжээ дэлгүүр нээгдэж, зах зээлд баттайгаар хөлөө олсон. Тэд өдгөө эх орны өнцөг булан бүрт хүрч, хүн ам олноор аж төрөх суурин газруудад салбаруудаа нээсээр байгаа. Энэ хэрээр иргэд өөртөө үйлчлэх дэлгүүрийн соёлд суралцаж, зах, нээлттэй худалдаанаас илүүтэйгээр тав тухтай супермаркетуудыг сонгох болсон билээ.

Харамсалтай эдгээр супермаркет цаг үеийн хөгжилтэй хөл нийлүүлэн урагшилж чадаж байна уу гэвэл үгүй. Бодит байдал дээр супермаркетуудад худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүн, ногоо жимс ихэнхдээ хуучирч муудсан байхын зэрэгцээ бусад худалдааны төвийнхөөс арай үнэтэй байдаг нь нууц биш. Тэд өөрсдөө гадны сүлжээг муучлахдаа гаргуун ч нөгөө яриад байдаг “хужаа” бараагаа л борлуулдаг.

Үгүй ядаж томоохон брэндүүдийн Хятад дахь аутсорсинг үйлдвэрүүдээс бараа татдаг. Үүнээс гадна томоохон супермаркетууд дотоод тохижилт, гаднах зогсоол гэхээр зүйл бараг байхгүйтэй адил гэхэд хилсдэхгүй болов уу. Харамсалтай нь манай хэд энэ байдлаа засах гэж хичээлгүй өнөөг хүрсэн.

Учир нь тэдэнд өрсөлдөгч байгаагүй. Уг нь олигтойхон өрсөлдөгчид гараад ирсэн бол үйлчлүүлэгчээ алдахгүйн тулд өөрсдөдөө анхаарах л байсан биз ээ. Харин одоо олон нийтийн тусын тулд онцгой ач холбогдолтой өрсөлдөгчид гарч ирсэн нь БНСУ-ын хөрөнгө оруулалттай “И-Март”, “Абсолют” зэрэг супермаркет.

Б.Жаргалсайханы гэх цахим хуудсанд бичсэнчлэн, эдгээрийг монголчуудыг шулж байгаа гэдэг ч яг үнэндээ хүмүүс илүү таатай нөхцөл рүү хошуурдгийг бүгд мэднэ. “И-Март”-аар жишээлэхэд л, хоёр давхар дотор зогсоол, гаднах талбай, үйлчлүүлэгчийн тав тухыг хангасан урсдаг шат, цэвэр цэмцгэр байдал, чанартай хямд бараа гээд олныг татах зүйл олон. Бодит байдлыг шударгаар дүгнэхэд, Солонгосын сүлжээ Монголд орж ирсэнд муучлаад байх шалтгаан нэгээхэн ч үгүй. Тэгээд ч хүмүүсийн яриад байгаа шиг өдөр өдөртөө л бүх орлогыг хуугаар нь хамаад Солонгос руу явуулдаг юм огт байхгүй. Харин тус брэндийн нэрийг ашиглаж буйнхаа төлбөрийг л зүй ёсоор шилжүүлдэг гэдгийг баримттайгаар тайлбарласан. “Абсолют” ч ялгаагүй. Энэ төвд Монголд “од” болж, өндөр үнээр зарагддаг хэд хэдэн хүнсний бүтээгдэхүүн тун хямд үнэтэй байгааг үйлчлүүлэгчид батлан хэлэх байх. Мөн супермаркетийн бүхий л шаардлагыг эндээс харж болно.

Тэгэхээр манайхан, ялангуяа бизнес эрхлэгчид зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг бодож, олон нийтэд ташаа мэдээлэл түгээхээ болих ёстой. Хууль хяналтынхан ч үүнийг шаардах ёстой.

Erennews.mn


URL:

Сэтгэгдэл бичих