ХООЛОЙД МИНЬ ҮГ ЗАНГИРЧ, НҮДНЭЭС МИНЬ ӨНӨӨДӨР НУЛИМС УРСАЖ БАЙНА
Өнөөдөр 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр жилдээ нэг өдөр “Эмэгтэйчүүд, ээжүүд үр хүүхдээсээ, нөхрөөсөө ажлын хамт олны залуусаас” цэцэг авч, баярладаг ганц өдөр. Уг нь бол энэ өдөр Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр л дөө. Гэвч Монголчууд бид энэ өдрийг баярын өдөр болгож, ганцхан өдөр эрчүүддээ эрхэлдэг өдөр болгочихоод олон жилийг үзэж байна. Харин 2017 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Зоригтой Гурван ээж Сүхбаатарын талбай дээр гарч ирж “Бидэнд баярлах шалтгаан алга” хэмээн хагас нүцгэлж, бидэнд бодож, эргэцүүлэх боломжийг нээж өгсөн. Тэр үйл ажиллагааны үргэлжлэл өнөөдөр боллоо. Тэд гурвуулаа биш харин 8-уулаа болоод өнөөдөр ирлээ. Ийнхүү ирэхдээ тэд ихийг өгүүллээ. Ихийг бодогдууллаа. Сэтгэл зүрхийг минь өмөллөө.
Арайч дээ, хоолойд минь үг зангирч, нүднээс минь өнөөдөр нулимс урсаж байна. Алаг үрийнхээ амьдралыг хараад зүрхэндээ уйлж, нулимсаа дотогш залгидаг мянга мянган ээжүүдийн төлөөлөл болсон Монголын найман сайхан ээж төв талбайдаа өнөөдөр хагас нүцгэн гарч ирлээ. Тэдний дундаас ГУРВАН ЭЭЖ өөрсдийнхөө нэр нүүрийг баран байж нүцгэлж зогслоо. Ямар их зориг, тэвчээр, хатуужил вэ?
Тэдний эх орныхоо төлөө, үр хүүхдийнхээ төлөө, өөрсдийнхөө нэр төр алдар хүндээзолиосолсон эр зоригийг түмэн олон минь уужуу ухаанаар ухамсарлаж,
тэдний эхлүүлсэнтэмцлийн галыг дүрэлзүүлэн асааж,
эх орондоо Монгол хүн бүхэн сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө нэгдэн тэмцэнэ гэдэгт гүнээ итгэнэм.
Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрийг нь дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ЭЭЖИЙГЭЭ хайрлаж яваарай… Тэд буруугүй ээ. Өнөөдөр улс орныг удирдаж байгаа төр засаг, эрх баригчид тэднийг нүцгэн тэмцэл хийхэд хүргэлээ.
Тэд бие биенээ хэмлэхээс өөрийг мэддэггүй өнөө маргаашаа аргацаасан төр засагт, олигарх бүлэглэлд, эрх баригчдад энэ нийгэм чинь уруудаад байна шүүгэдгийг ойлгуулах гэж энэ үйлдлийг хийв. Монгол эмэгтэйчүүд бүхэнд нэр төр гэж бий. Тэд нэр төрөө, үр хүүхдээ, эр нөхрөө, ах дүү хамаатан садангийнхаа нэр нүүрийг золислон байж, Монголчуудаа сэрээчээ, ойлгоочээ, ухаараачээ” гэдгийг хэллээ.
Гэвч эндээс хүмүүс юу ойлгож, хэрхэн сэрж, унтаа байдлаасаа хэрхэн гарахыг таашгүй. Энэ гурван эмэгтэйгийн хувьд ирээдүйд нь ямар их эрсдэл, ямар их сэтгэлийн дарамт бий болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Асгарах тэр нулимсыг нь ойлгох хүн хэд байх бол..!
Н.Цэндбат
http://mandtugai.mn/%D1%8F%D0%BC%D0%B0%D1%80-%D0%B8%D1%85-%D0%B7%D0%BE%D1%80%D0%B8%D0%B3-%D1%82%D1%8D%D0%B2%D1%87%D1%8D%D1%8D%D1%80-%D1%85%D0%B0%D1%82%D1%83%D1%83%D0%B6%D0%B8%D0%BB-%D0%B2%D1%8D/
URL: