Говьсүмбэрийн Засаг дарга Г.Батсуурийн “том толгой”

Говьсүмбэр аймаг 2017 онд халаалтын зуухаа өргөтгөн шинэчилжээ. Энд гайхах зүйл үгүй, иргэдээ дааруулахгүйн тулд төрийнхөн ажлаа л хийж. Харин хачирхал хэмээн гайхах зүйл нь өнөөх зуух нь бараг дахин шинэчлэх шаардлагатай “хог” болжээ. Тэгвэл нүгэлийн нүдийг хэн ингэж гурилаар хуурав?!

 18234

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь 2017 оны есдүгээр сарын нэгэнд БНХАУ-ын “Zhongsheng Economic and Trade” гэх компанитай “Аймгийн төвийн халаалтын зуухны өргөтгөл, шинэчлэлийн ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г байгуулж, гарын үсгээ зуржээ. Тэр гэрээний үнийн дүн нь хоёр тэрбум төгрөг. Санхүүжилтийн эх үүсвэр нь улсын төсөв. Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Хятад компанийн энэ хамтын ажиллагаанд но-той асуудал олон бий.

Хамгийн эхэнд халаалтын зуух шинэчлэх ажлын төсөв гэрээ байгуулсны дараа батлагдсан.Гэрээг нь есдүгээр сарын нэгэнд байгуулсан байхад хоёр тэрбум төгрөгийн төсвийг Засгийн газрын 187 дугаар тогтоолоор есдүгээр сарын 13-ны өдөр баталсан байна. Тэгэхээр энд тухайн үеийн Засгийн газар, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хариуцлагын асуудал ч яригдана. Нэг аймгийн, зуухны жижигхэн асуудал хэмээн Ерөнхий сайдаас эхлээд аймгийн Засаг дарга хүртлээ хуулийг гууль болгох ёсгүй.  Төрийн ажил явагддаг ёсоор бол эхлээд төсвийг нь баталж, дараа нь тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгох шалгаруулах учиртай. Гэтэл Говьсүмбэр аймгийн Засаг ноён эхлээд ажил хийлгэх гэрээ байгуулж.  Дараа нь Ерөнхий сайд нь төсвийг нь батлаад өгч. Яагаад төсөв батлаагүй байхад хоёр тэрбум төгрөг гэсэн үнийн дүн зохиож, яаран гэрээ байгуулав? Нэгэнт хийгдсэн гэрээний үнийн дүнг гүйцэтгэгчийн аманд багтаж, Засгийн газар баталж өгсөн байхыг ч үгүйгэхгүй нөхцөл байдал энд үүсчээ.

Дараагийн бас нэг асуудал хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй ажил хийлгэхдээ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаагүй. Өөрөөр хэлбэл тендер зарлаагүй гэсэн үг. Мөн л яагаад, Хятадын компанид давуу эрх олгож, шууд гэрээ байгуулав? Харьцангуй бага өртөгтэй ажилд дотоодын компани давуу эрхтэй оролцох хуулийн зохицуулалттай байтал юуны учир гадны компанид шууд гарын үсэг зурж өгөв?

Бас нэг асуудал нь  халаалтын зуухны өргөтгөл, шинэчлэлийн ажлын техникийн тодорхойлолт нь гэрээ байгуулсан өдөр буюу 2017 оны есдүгээр сарын нэгэнд батлагдсан. Тухайн ажлыг хийх бүхий л шаардлага, зааварчилгаа багтсан техникийн тодорхойлолт гэрээнээс өмнө гарч, батлагдсан байх учиртай. Гэтэл гэрээ байгуулахтай зэрэгцэн батлагдсан нь бас л хачирхал.

Энэ бүхнээс Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, БНХАУ-ын “Zhongsheng Economic and Trade” компанийн эрх ашиг юун дээр огтолцов гэсэн асуулт урган гаргана. Төсөв нь ч батлагдаагүй ажлын гүйцэтгэгчээр Хятад компанийг хэн аваачиж, чихэв? Улсын төсвийн, тендерийн хуулийн зөрчин байж, яаран байгуулсан гэрээний унацыг Г.Батсуурь дарга хүртэв үү, эсвэл…?

Монголын хууль дүрэм зөвхөн Улаанбаатарт хэрэгждэг гэх эндүүрэл зарим орон нутгийн удирдлагуудад байдаг. Нүднээс далд юу ч хийж болно гэдгийн сонгодог жишээг Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь харууллаа. Хоёр тэрбумаар шинэчлэгдсэн халаалтын зуухыг мэргэжлийнхэн хэдэн сая төгрөгөөр үнэлсэн болоод жилийн өмнө хийсэн тэр ажил нь өнөөдөр ямар өнгө төрх, ажиллагаатай байгаа талаар бид тун удахгүй мэдээлэх болно.

Б.Энэрэл

Эх сурвалж:Shuud.mn

http://www.shuud.mn/a/494526


URL:

Сэтгэгдэл бичих