Ш.Батхүү нарын гэм буруутай этгээдүүд ял завших боломжгүй гэв

18208

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Жаст групп” ХХК-ийн “Стандарт” банкнаас авсан зээлд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан асуудлыг шалгаж буй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Шалгалтын явцад хэргийн цар хүрээ нэмэгдэж байгаа тул Ажлын хэсэг томилогдож нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. “Жаст групп”-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү нарын нэр бүхий хүмүүст холбогдуулан шалгаж байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй бөгөөд гэм буруутай этгээдүүд ял завших боломжгүй гэв. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг прокурорын хяналтан дор явуулж байгаа гэдгээ албаны эх сурвалж мэдэгдэж байна.

Дашрамд өгүүлэхэд, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотойгоор ажлын хэсэг ажиллаж буй. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан Ш.Батхүүтэй холбоотой асуудлаар хэлэхдээ  “Энэ хэрэг нь өөрөө Ш.Батхүүд холбогдох хэрэг гээд АТГ-т шалгагдаж байгаа. Ш.Батхүүд холбогдох хэрэг шүүхээс эцэслэгдэж байж гарын үсэг хуурамч эсэхийг тогтооно. Харамсалтай нь, энэ хэрэг АТГ-т шалгагдаад, шүүхэд шийдэгдэхгүй маш их удлаа. Ш.Батхүүд холбогдох хэрэг шийдэгдэхгүй байсан нь тодорхой хэмжээгээр Арбитрын шийдвэр Монголд ашиггүй гарахад нөлөөлсөн гэж бодож байна” гэсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих