Г.Жамъян: Улстөрчид Монголын сэтгүүлзүй, сэтгүүлчид рүү дайрч эхэллээ

 712-15202994606788409b0fad52bba024fb069fd01c73fe75b2bb
Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Г.Жамъянтай ярилцлаа.
–Саяхан эх орончдын өдөр болж өнгөрлөө. Энэ  өдрийн утга учир, үнэ цэнийг та юу гэж хардаг вэ?
-Эх оронч гэдэг үгийг бидний үед нэг л утгаар ойлгож, сэтгэж ирсэн. Харин тэр сэтгэл өнөөдөр арай өөр болж байна. Монгол орноо хамгаалдаг зүрхэндээ тээж явдаг хүнийг эх оронч хүн гэж  хэлнэ. Түүнээс биш лоозон тавьчихаад хий хоосон ярихыг хэлэхгүй. Эх орныхоо эсрэг үйлдэл хийж байна. Ийм байж өөрийгөө эх оронч гэж хэлээд явж байгаа нь хамгийн харамсалтай юм.
–Сүүлийн үед сэтгүүлзүйн салбар руу улстөрчдөөс дайралт хийх нь олон боллоо. Танд мэдрэгдэж, ажиглагдаж байгаа зүйл юу байна вэ?
-Улс төрөөс Монголын сэтгүүлзүй, сэтгүүлчид рүү довтлох нь цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдэж байна. Хамгийн сүүлд гэхэд Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч сэтгүүлч Т.Баасансүрэнг УИХ-ын дарга М.Энхболд шүүхэд өгчээ. Түүнийг бичсэн нийт­лэлийнх нь төлөө арга хэмжээ авахуулахаар бүр захиалгатай үйл ажил­лагаа явуулж байна.  Үүнээс гадна Монголын сэтгүүл­зүй бохирдож байна. Үүний шалтгаан нь нам улс төрийн бүлэг­лэ­лүүд сэтгүүлчдийг арга мэхэндээ оруулдаг, дарамталдаг байдал газар авч байна.
–Ардчилсан нийгмийн эрүүл байх үндэс нь хэвлэлийн эрх чөлөө гэдэг. Гэтэл сэтгүүлч бид тийм ч эрх чөлөөтэй байж чадахгүй байна. Мэдээллийг нуун дарагдуулдаг, бүр мэдээлэл өгөхгүй гэсэн хэсэг ч бий?
-Сэтгүүлзүй, сэтгүүл­чид рүү халдаж байгаа зохион байгуулалттай ба­гийн толгойд М.Энхболд гэдэг хүн бай­гаа. Уг нь бол УИХ-ын дарга. Гэ­тэл манай салбар руу чу­луу шидээд сууж бай­на. Т.Баасансүрэн док­тор Ерөнхийлөгчийн сон­гуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар материал нийтлэв. Төр, засгийн удирд­лагуудад иргэд ямар дүн тавив гэсэн байдлаар эрдэм шинжилгээний материал нийтлүүлсэн. Үүнийг нь ч би уншлаа. Тухайн мате­риа­луудад ямар ч худал ташаа мэдээлэл байгаагүй бүгд үнэн. М.Энхболдын нэр хүнд сүүлийн үед олон нийтийн дунд маш их унасан. УИХ-ыг удирдаж чадахгүй болтлоо нэр хүнд нь унасан байна гэдгийг сэтгүүл зүйн онолын үүд­нээс маш тодорхой дэл­гэж тавьсан.  Энэ үнэнд М.Энхболд гэдэг хүн юунд ингэж бухимдаж хууль шүүхийн байгууллага хүртэл заргалдаад бай­гааг би ойлгохгүй байна. Нэр төрөө сэргээлгэнэ гэж шүүхэд хандсан өргө­дөлдөө 10 гаруй зүйлийг үндэслэл болгосон байна лээ. Яагаад хэвлэл мэдээлэлд гарсан, дүн шинжилгээ хийсэн үнэн бодит мэдээллийг эсэргүүцээд байгаа юм бол доо.  М.Энхболд хууль шүүхийн байгууллагаар хуягласан хүн шүү дээ. Шүүх, цагдаа, тагнуулын байгууллагын удирдлагууд бүгд  М.Энхболдын хүмүүс байна. Одоо тэр  үнэнийг бичсэн сэтгүүлчдийг захаас нь эхлээд шүүхэд өгч байна. Монголын шүүхийн байгууллага яаж шийдэхийг мэдэхгүй. Шударга ший­дээ­сэй гэж харж байна.
–Улстөрчид шүүх дээр ялчихвал нэр төр нь сэргэчих юм шиг харж байна?
-Монголыг хувааж идсэн хэдэн бүлэглэл тогтнож үлдэхийн төлөө, бага ч гэсэн нэр хүндтэй үлдэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй болжээ. Т.Баасансүрэнгийн судалгааны материалд ороогүй нэг зүйлийг би дурдмаар байна. 2016 онд Монголд ардчилсан чөлөөт сонгууль болоогүй. М.Энхболд, Ц.Элбэгдорж, С.Баяр тэргүүтэй мафийн бүлэглэл өөрсдийнхөө эрх мэдлийг тогтоохын төлөө хууль бусаар төрийн эргэлт хийсэн. Үүнийгээ далдлахын тулд бүх үйл ажиллагааг хийж байна. Сонгуулийн дараа хэд хэдэн хуулийн байгууллагын удирдлагыг солилоо. Дандаа М.Энх­болдын талын хү­мүүс томилогдсон. Цаг­даа­гийн газ­рын даргаар худ ураг нь ирсэн. Ингээд М.Энхболд, Ц.Элбэгдорж, С.Баяр нар Монголын төрийн толгойг хуяг­лачихсан байна. Хэн ч халдашгүй ийм улсууд болсон. Сэтгүүлчдээс үнэн үг гарвал тэр сэтгүүлчийг бут цохих, хуулийн байгууллагуудаар өөрсдийн зөв болгох ийм тогтолцоог бий  болго­хын төлөө эцсээ хүртэл тэм­цэж байна. Төр, засгийн эр­хийг хууль бусаар булааж авсан талаар 60 тэрбумын хэргийг дэлгээд тавьсан. Буруутай этгээдүүдийг яллаж болохоор ноцтой хэрэг. Үүнийг л хав дарахын төлөө хуулийн бай­гуул­лагуудыг хөдөлгөсөн. Ер нь энэ асуудлыг л шударга шийдсэн бол Монголд шударга ёсны эхлэл тавигдах байлаа.
–Шударга ёсны эх­лэлийг тавих үйл хэрэгт хам­гийн эхэнд сэтгүүлчид явж байна. Гэтэл тэднийг хууль шүүхийг байгуул­лагаар дарамтлах зүйл олон гарч байна. Түүний нэг жишээ нь дээрх хэрэг болж байна?
-Тийм ээ. Ер нь бол гашуун үнэнийг манай сэтгүүлчид гаргаж ирдэг.  Сэтгүүлчид Америк, Англи хүртэл яваад янз бүрийн баримт олж ирээд байна. Улстөрчдийн нууж байгаа хөрөнгө, бусармаг үйлдлүүдийг сэтгүүлч ил гаргаж байна. Манай сэтгүүлчид ямар нэгэн дарамтад мохохгүй, мөнгөнд урхидуулахгүй тэмцэх хэрэгтэй юм. Энэ л манай салбарын гол зорилго болчихоод байна.
–Оффшор  бүсэд  нуусан хөрөнгийн асуудал нэлээд яригдаж байна. Энэ нь мөн л одоогийн улстөрчдийн нэг нүүр царай биз?
-Миний үеийн удир­дагч нар энэ нөхдүүд шиг ханаж цадахаа мэдэх­гүй амьтад байгаагүй. Ю.Цэдэнбал дарга Москвад байр бариулахын тулд бөөн шуугиан болж байсан. Гэтэл одоо улстөр­чид арай л дэндүү давраад байна. Ард түмнээс хул­гайл­сан мөнгөө оффшор бүсэд нууж байна. УИХ-ын гишүүн Сү.Батболд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нар мөн­гөө авчирлаа л гэж байна. Энэ бол худал. Тэр мөн­гөө яаж угааж байгааг би нүдээр харж байна. Мөн  хуулийн байгууллага эрх мэдэлтнүүдийн харъяанд ажиллаж байгаа.
–Сэтгүүлчид улстөрч­дийн үнэн нүүр царайг гаргалаа гэхэд тэд эргээд хү­лээн зөвшөөрөхгүй байна. Ер нь биднийг янз бүрээр л мохоох гэж үзэж байна л даа?
-Ерөөсөө сэтгүүлч хүн бол ганцхан үнэнд захирагддаг байх ёстой.  Мөнгөнд, мафи бүлэглэлд захирагдах ёсгүй. Тэгж байж сэтгүүлч болдог юм. Манай сэтгүүлчид офф­шорчдыг олж ирэ­хээр Америкт очоод ямар их материал олж цуг­луулав. Эр­дэнэтийн 51 хувийг нээ­хэд маш их үүрэг гүйцэтгэж байна. Гадаадын аль ч улс орны сэтгүүлчдээс илүү сэтгүүлчид манайд байна шүү дээ. Тэд зөвхөн үнэнд захирагддаг байх ёстой. Мөн Саяхан МСНЭ-ийн их хурал болсон. Энэ хурлаар шинэ удирдлагатай боллоо. Тэр хүн мафийн бүлэглэлд үйлчлэх үү, сэтгүүлчдэд үйлчлэх үү гэдгээ харуулах цаг ирээд байна.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 


URL:

Нэр: bombs for kids Огноо: 28 February 2019

Thank you

bath

Сэтгэгдэл бичих