Яруу найрагч Г.Мөнхцэцэг сонгуулийн тойргийн наймааг эхлүүлээ
Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, яруу найрагч Г.Мөнхцэцэг 2000 оны “Болор цом” наадамд
тэргүүлсэн цагаас хойш уран бүтээлдээ төдийлөн шимтэхээ больсон төдийгүй бараг орхичихсон гэхэд болно. Харин нэг хэсэг сураг алдарсан найрагч бүсгүй маань 2009 оны Зохиолдчын эвлэлийн бүгд хурлаар Монголын зохиолчдыг даргалах болсноор уран зохиолын ертөнцөд орж ирээд байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд өөрийгөө улс төрд сорихоор шийдэж, МАН-д элсэн улмаар МАН-ын Бага хурлын гишүүн болоод байгаа билээ. Тиймээс тэрбээр ирэх сонгуульд Дорноговь аймгаас нэрээ дэвшүүлэх гэнэ. Харин тэр ялалтад төдийлөн улайрахгүй байгаа нь Ц.Анандбазарыг хамгаалж сонгуульд оролцох төлөвлөгөөтэй хэмээн эх сурвалж хэлж байна. Өөрөөр хэлбэл өнөөх тойргийн наймаа эхэлж байгаа бололтой. Дорноговьдоо нэлээд өндөр санал авч магадгүй гэсэн УИХ-ын гишүүн Я.Батсуурийн саналыг хуваах зорилгоор түүнд нэлээд өндөр шан харамж өгч сонгуульд оруулах аж. Г.Мөнхцэцэг төрсөн нутаг Дорноговьдоо нэлээд өндөр санал авах магадлалтай. Нэгд тэр өөрөө нутаг зондоо нэртэй яруу найрагч бөгөөд түүний нөхөр Улсын начин Ш.Лхагвасүрэн нь Дорноговийн ард түмэнд танигдсан нэгэн. Тэгэхээр уран зохиол, бөхдөө хайртай ард олны дунд тийм ч муу санал авахгүй нь мэдээжийн хэрэг. Үүнийг олж тооцоолсон Ц.Анандбазар Я.Батсуурийг хоёр талаас нь шахах тактик хэрэглэж байгаа гэдгийг эх сурвалж хэлэв. Тиймээс Ц.Анандбазар, Г.Мөнхцэцэг гэсэн МАН-ын гишүүд Дорноговьд нэгэн сонирхолтой шоу хийхээр бэлдэж байгаа сураг ч чих дэлсэв. Одоо хэлцэгдэж байгаа шинэ тогтолцоогоор явбал тойргийн наймаа гаарна гэж ажиглагчид хэлж буй. Ер нь сонгуулийн хууль хуучнаар ч яв, шинээр ч яв ирэх сонгуулиар тойргийн наймаа нэлээд газар авах хандлага байгааг ажиглагчид хэлж байгаа юм. Юутай ч найрагч бүсгүй маань ирэх сонгуулийн тойргийн наймааг эхлүүлчихлээ.
Б.Ням
URL: