ТАСС: Монголын УЦС омуль загасыг мөхөлд хүргэнэ гэж эрдэмтэд үзэж байна
Манай улсын төлөвлөж буй Шүрэнгийн УЦС-ыг байгуулвал Байгал нуурын омулийн нэг төрлийг мөхөлд хүргэнэ гэж Оросын ШУА-ийн Сибирийн хэлтсийн Ерөнхий болон туршилтын биологийн хүрээлэнгийнхэн үзжээ.
Сэлэнгэ мөрөн дээр баригдах усан цахилгаан станцын төсөл олон жил яригдаж байгаа ч өнгөрсөн жил Орос, Монголын нутаг дэвсгэр дээр явуулсан олон нийтийн хэлэлцүүлгийн дараа УЦС-ын нөлөөллийг үнэлэх зорилгоор түр хугацаанд зогсоогоод байгаа талаар ТАСС сануулсан байна.
“Байгал нуурын гол цутгалан болох сэлэнгэ мөрөн дээр усан байгууламж барьснаас үүдэх нөхцөл байдлыг загварчлан судалсан. Судалгаанаас харахад омулийн үржилд сөргөөр нөлөөлөн, тоо толгой нь аажмаар буурна гэдэг нь тогтоогдсон” гэж Ерөнхий болон туршилтын биологийн хүрээлэнгийн төлөөлөгч мэдэгджээ.
Шүрэнгийн УЦС баригдвал “омулийн тоо толгой буурах явц аажим явагдана” гэж хүрээлэнгийнхэн үзэж байгаа юм байна. “УЦС-ын зэрэгцээ хууль бус агнуурыг тооцвол Сэлэнгэ мөрний омулийн сүрэг тун богино хугацаанд мөхөлд хүрнэ” гэж эрдэмтэд үзжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар усан цахилгаан станц баригдснаар Сэлэнгэ мөрний урсацын хэмжээ багасч, үүний зэрэгцээ голын урсгалын хөдөлгөөн алдагдах гэнэ. Түүнчлэн усны гидрохимийн найрлага өөрчлөгдөх нь гарцаагүй гэжээ.
Оросын ШУА-ийн Сибирийн хэлтсийн Ерөнхий болон туршилтын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Биологийн ухааны дэд эрдэмтэн Наталья Базова болон Оросын загасны төвийн Байгалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, Биологийн ухааны дэд эрдэмтэн Андрей Базов нарын үзэж байгаагаар “УЦС Сэлэнгийн омулийн үржилд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг хэсэгт баригдах бөгөөд “гидрологийн нөхцөл өөрчлөгдөсний улмаас омулийн түрс хадгалагдах нөхцөл адагдаж, Сэлэнгэ мөрний омулийн үржлийн байгалийн нөхөн үржихүйн явц алдагдана” хэмээн дүгнэжээ.
ОРОСЫН САНАЛ
Ийнхүү Монголын УЦС Байгал нууранд сөргөөр нөлөөлнө гэсэн үндэслэлээр манай улсын энэ төслийг байнга эсэргүүцсээр ирсэн Оросын тал эрчим хүчээ хангах өөр хувилбарыг санал болгон зүтгүүлсээр байгаа юм. Тодруулбал Оросоос цахилгаан эрчим хүч нийлүүлэх нь экологид хор нөлөөгүйн дээр Монголд ашигтай гэж Оросын олон нийт болон эрдэмтэд үзсээр байна. Улмаар манай улс руу эрчим хүч нийлүүлэх хувилбаруудыг хойд хөрш өнгөрсөн оноос боловсруулж эхлэсэн юм.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хурал болж энэ хурлыг Оросын талаас тус улсын Байгаль орчны сайд Сергей Донской даргалсан. Тэрбээр хурлын үеэр “Монгол улс эрчим хүчний хүчин чадлаа нөхөхийн тулд Байгал нуурын цутгалан болох Сэлэнгэ мөрөн дээр УЦС барих болон Оросоос цахилгаан эрчим хүч импортлох гэсэн хоёр хувилбарыг авч үзэж байгаа ” хэмээн мэдэгдэж байлаа.
Мөн хоёр улсын Эрчим хүчний яам хэлэлцээрийн төсөл бэлтгэсэн бөгөөд одоо хэлэлцээрийг зөвшилцөх шатандаа явж байгаа юм байна. Монгол руу нийлүүлэх эрчим хүчний асуудлаарх цаашдын бүхий л хэлэлцээрийг энэхүү баримт бичгийн үндсэн дээр явуулах бөгөөд баримт бичигт ойрын үед гарын үсэг зурна гэж Донской онцолжээ.
Оросын тал эрчим хүч нийлүүлэх саналыг манай улсын хувьд хамгийн ашигтай санал гэж үзэж байгаа бөгөөд цахилгаан дамжуулах шугмаар нийлүүлэх 1кВт/цаг эрчим хүч усан цахилгаан станцын үйлдвэрлэх эрчим хүчээс 3,5 дахин бага үнэтэй байна гэж удаа дараа мэдэгдэж байгаа юм.
Б.Мөнхцэцэг
http://ekhsurvalj.mn/news/view/4662
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хямдхан эрчим хүч Монголд арилжина гэдгийг ойлгоход хэцүү юмаа. Хир тогтвортой хэдий хугацааны гэрээг ямар үнэ тарифаар хэрхэн нийлүүлэх саналаа Монголд ирүүлсэн үү. Зүгээр л сайхан хоолны нэр хэлба гэдэг шиг хоосон яриад байна уу. Үнэндээ Байгаль нуурт байгаа омуль загас зөвхөн Сэлэнгийн урсгалд дүрсээ шахдаг бусад голд шахдаггүй, Байгаль нуурнаас тэжээгдэн гарч байгаа мөрнүүдэд баригдсан томоохон хүч чадлын станцууд энэ загасанд огт нөлөөлдөггүй Зөвхөн Монголоос энэ нуурыг тэжээдэг ус л энэ загасны өсөлтөнд аюул учруулна гэж дүгнэлт гаргадаг агуу эрдэмтэдтэй Монголчуудыг уулзуулж учрыг нь тайлбарлуулаач. Юу гэж залах нь сонин бусуу.