Тавантолгой маний мэдлээс гарч одлоо
Талын Тавантолгой дашийн шог болов оо гэдэг л болж байх шиг байна. Эрдэс баялгийн эзэд билээ хэмээн хөөрөлхөгч монголчуудыг удирдан залагсад эх орныхоо баялгийг нэг л “хачин” аргаар өвгөдийн үлдээсэн буянг үрэн таран хийгээд байх шиг санагдах боллоо. Тавантолгой бол дэлхийн хэмжээнд яригддаг том орд. Тэр ч утгаараа нийгмийн шилжилтийн давалгаанд үерийн усанд хаягдсан зомгол мэт шидэгдэж, учраа олохгүй Монгол түмэн Тавантолгойн хишигт буянд залбиран тамын тогооноос гарах нь хэмээн найдаж байсан хэрэг. Гэвч зон олны залбирал найдлага талаар болох нь шиг байна.
Аль ч өнцгөөс нь харсан Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсэг улстөрийн тохиролцоо хийж байна гэж хардах үндэслэл хангалттай байна. Тавантолгой ордын ашиглалтын эдийн засгийн тооцоог монголчуудад ажлын хэсгийнхэн үзүүлээгүй. Чухлаас чухал тэрхүү тооцоог зөвхөн гурван их гүрний компаниуд дотроо хэлэлцээрээр шийдлээ.Шийдэл нь Хятадын тал 40 хувь, АНУ 24 хувь Орос-Монголын хамтарсан консерциум 36 хувийг эзэмших шийдэл. Хачирхалтай нь хамтарсан консерциумд байгаа Монголын тал яг хэдэн хувийг эзэмших нь тодорхойгүй. Ямартай ч Засгийн газрын хуралдаанаар уг тооцоог санал нэгтэйгээр алга ташин бараг л баяр ёслолын байдалтайгаар сайшаан дэмжсэн. Товчхондоо Тавантолгой ордод их гүрнүүд геополитикийн хэдэн хувийн давуу эрх эдлэх тухай улс төрийн хуваарилалтыг Засгийн газар хөхүүлэн дэмжсэн гэсэн үг. Тэгсэн мөртлөө энэхүү асар их баялгийн эдийн засгийн тооцоо буюу газрын доорх нүүрсний хэдэн хувийг хэн авах тухай мэдээллийг Монголын олон нийт огт мэдэхгүй.
Эдийн засгийн тооцоог үзүүлээч хэмээн шаардахаа ч мэдэхгүй сууж байна. Тавантолгой шиг дэлхийн хэмжээний орд дээр эдийн засгийн ирээдүйн тооцоо туйлаас чухал гэдгийг захын тэнэг ч гадарахаар атал энэ талаар таг байгаа нь үнэхээр “гамшиг” гэхээс өөр хэлэх үггүйдэхэд хүргэлээ. Чухамл бушуу туулай борвиндоо баастай хэлэлцээр хийлээ. 100 хувь монголчууд эзэмшинэ гэж хөөрөөд байсан Тавантолгой ийнхүү дашийн шогийн замаар орлоо. Засгийн газрын хуралдаанаас гаргасан хэвлэлийн мэдээнд Тавантолгой ордын нүүрс тээвэрлэлтийн зардлыг хассан борлуулалтын орлогоос таван хувьтай тэнцэх төлбөрийг “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д өгнө гэсэн байна билээ.
Гэхдээ тээвэрлэлтийн зардлыг хассан орлогоос таван хувийг манайх авах юм гэсэн. Харамсалтай нь тээвэрлэлтийн зардал хэд болох тооцоог хэн ч монголчуудад хэлж өгөөгүй, өгөхийг ч хүсэхгүй байна. Хэдийгээр ОХУ транзит тээврийн тарифаа 52 хувиар буулгаж магадгүй гэсэн яриа гарсан ч одоогоор оросууд ямар ч тоо бидэнд амлаагүй, хөнгөлөлт өгөөгүй. Өгөх ч үгүй биз. Өнөөдрийн байдлаар Тавантолгой ордын олон улсын шалгаруулалтын хэлэлцээрт үлдсэн гурван том компанийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрууд ямар ч мэдээлэл өгөхгүй байгаа. Монголын Засгийн газартай 40:24:36 гэсэн тохиролцоо хийсэн компаниуд одоо хүчээ нэгтгэн Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлийг тохирч эхлэх нь мэдээж.
Тавантолгой ордоос эзэмших хувиа улс төрийн хувьд баталгаажуулсныхаа дараа бидэнд эдийн засгийн тооцоо гаргаж өгнө гээд ойлгочиход болно. Харин манай Засгийн газар ард түмнийнхээ ядууг далимдуулан хөрөнгө оруулагчаас урьдчилгаанд нэг тэрбум ав.доллар авах болсон гэж айлдсаар… Муу амлаж байгаа юм биш нөхдүүд, ирэх сонгуульд хаях зоосоо олохын улд Тавантолгойн асуудлыг яг энэ чигээр нь шийдэхийн тулд асаалттай танк шиг давшина. Ичих нүүргүй энэ цагийн төрийн түшмэдийг яалтай. Эсвэл аанай л маанайж суусаар Оюутолгой шиг алдах хэрэг үү. Монголчуудаа тунгаагтун.
URL: