Төр нь мартчихсан манай спорт

schools-out-nature-reclaiming-an-old-school-gym-beautiful-decayБид спортод илүү элэгтэй, сэтгэлтэй улс гэдгээ үйлдэл бүр дээрээ харуулах юм. Аса аварга маань Б.Сумьяаг Японы Биеийн тамирын дээд сургуульд сургахаар болж, бид ирэх 2022 оны өвлийн олимпод үзэх зүйлтэй боллоо гэж аваргадаа баярласнаа илэрхийлж сууна. Гэхдээ ганц нэгээр нь гадагшаа сургаж байхаар тэндээс багш дасгалжуулагч авч ирээд олон залуусыг багаас нь бэлтгэвэл илүү үр дүнтэй юм шиг санагддаг.

Гэвч нэг хүний чадал, нэг хүнийг сургаж байгааг нь их зүйл гэж хүлээн авах хэрэгтэй л дээ. Ганц Б.Сумьяагийн асуудал дээр л гэхэд олимпийн хороо тайлбар хийгээд нэлээд сандраад авна лээ. Тэгвэл Б.Сумьяагаас гадна олон асуудал байна. Өвлийн олимпод оролцохоор ердөө гурван тамирчин эх орноосоо мордсон. Түүнийг дагаж хэдэн дарга явав. Өвлийн паралимпид нэг тамирчин оролцохоор болж удахгүй мордоно. Харин түүнийг таваас зургаан хүн дагалдаж явахаар харагдсан. Энэ бол бидний шүүмжлээд буй асуудлуудын нэг юм. Гэтэл зарим улс орны иргэдэд хаана, хэн ямар спортын наадамд оролцож, ямар хувцас өмссөн байх нь ёстой падлий үгүй. Өөрсдийн амьдралаа л аваад явдаг байх жишээтэй. Энэ нь л бидний спортод ямар элэгтэй, сэтгэлтэй улс вэ гэдгийг хэлээд байна л даа.

Сониноос манай гурван жүдоч Араб руу иргэншлээ солих тухай яригдаад эхэлсэн. Араб тэдэнд жилийн 30-аад мянган ам.долларын цалин өгнө гэж амалсан байна л даа. Харьж яваа бөхчүүд хэдэн жил өндөр цалин аваад өөрсдийгөө хөгжүүлж байгаад ирнэ л биз. Бидэнд бол хамаагүй асуудал шүү дээ. Гэтэл эх оронч сэтгэл үгүй гээд л шүүмжилсэн байгаа юм. Энд эх орноо бодлоо гээд амьдрал нь дээшлэхгүй, амжилт нь ахихгүй байхад яалтай ч билээ. Тэгвэл ийм асуудал ганцхан жүдогийн шигшээд бус Монголын спортын салбарыг бүхэлд нь нөмрөөд байгаа. Санхүүжилт байхгүй. Ийм шалтгаанаас болоод маш олон өсөх ирээдүйтэй тамирчид замналаа орхиж, ажил хөдөлмөрийн салбар руу урваж байна. Харин амжилт гаргана гэж зүтгэсэн хэд маань төрөө горьдохоос өөр зүйлгүй хоцорч байна.

Яг л энэ асуудлаар шатрын их мастер А.Энхтуул өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Тэрээр “Нэг юм хэлчихье! Өвлийн олимп, жүдогийн 3 Эмират болох нь энэ тэр гэж шуурч байгаа энэ үед би шатрын хамт олноо төлөөлөөд нэг юм хэлчихье!
• “Дэлхийн шатрын холбоо” 1924 оны 7 сарын 20-ны өдөр “Бид нэг гэр бүл” гэсэн уриатайгаар байгуулагдаж байв. Одоо ФИДЕ буюу “Дэлхийн шатрын холбоо” 5 тивд нийт 185 улсын гишүүн холбоодтой юм. Зөвхөн энэ байдлаас авч үзэхэд шатар гэгдэх шинжлэх ухаан мөн оюуны спорт маань ямар их цар хүрээ, нэр хүнд, чансаатайг харуулж байгаа хэрэг.
• 90 сая гаруй хүн амтай улс өнөөг хүртэл ганц ч ОУ-ын шатрын Их мастер цолтонгүй ч дэлхийд өрсөлддөг шатарчид ихтэй бөгөөд их мастер-grandmaster болох гээд өдийг хүртэл ухантаж явна. Мөн цухас дурдахад бидний тэгж их цагаачлаад байдаг Япон, Солонгос зэрэг орнууд өнөөг хүртэл ганц ч ОУ-ын шатрын “Их мастер” цолтонгүй байгаа гэдгийг тод тэмдэглэхийн ялдамд Монголын шатарчид хаана ч таарсан үргэлж тэднийг хожиж, улсын хөгжил дутуу ч оюуны хөгжлөөрөө ямагт илүү гэдгээ баталж байна. Гэтэл улсаас дэмжлэггүй мөн улсын шигшээ багаас төсөв байхгүй гэх үндэслэлээр шатрын спорт хасагдсан хэдий ч гуравхан сая Монголчуудаас бүхэл бүтэн 8 ОУ-ын шатрын Их мастер буюу уг спортын дэлхийн хамгийн том цолтнууд төрсөн байна. Цаашдаа ч олон Их мастер цолтонгууд өлгийдөн авах болтугай! Гэсэн хэдий ч олон таван юм тоочилгүй, гоморхсон ч гаднаа ил гаргасангүй, зөвхөн зорилгынхоо төлөө хөдөлмөрлөж үүнийг нь боломжтой эцэг эх, байгууллагууд нь дэмжсээр чимээгүйхэн амжилт өөд даруухан мацаж явна. Харин оюунаа хүндэлдэг ОХУ, Энэтхэг, БНХАУ, Норвеги, Азербайжан, Франц гэх мэт маш олон орнууд бүхий л бололцоогоороо, зөв системтэй дэмжиж өдгөө хамгийн хүчтэй шатарчидтай болоод байна.
• Шатрын спорт үзэхэд удаан, мөн чимээгүй, өндөр зэрэглэлийн орчинг үзэгчдээс шаарддаг тул билет борлуулалт муу байж болзошгүй гэх нэрийдлээр олимпийн наадамд өнөөг хүртэл багтаж чадахгүй байгаа ч “Дэлхийн шатрын холбоо” хоёр жилд нэг удаа өөрсдийн олимпоо багийн төрлөөр хийгээд түүх бичихэд хангалттай олон жилийг ардаа үджээ.
• Шатар бол шинжлэх ухаан, урлаг, спортын цогц гэж алдарт эрдэмтнүүд олонтаа хэлсэн байдаг. Ийм ч утгаараа шатар хүнийг соёлжуулан боловсруулдаг. Үүнийг элит гэж нэрлэнэ! Нас, хүйс, жин, өндөр, нам, өргөн, бүдүүн, сонсголтой, сонсголгүй, бэртэлтэй, бэртэлгүй, хараатай, хараагүй гээд бүгдийг харгалзахгүй хүн бүрт ижил түвшинд өрсөлдөх боломжийг шатар олгодог. Үүнийг сонгодог гэж нэрлэнэ!
• Бидний хэдэн шатарчид ёстой л нөгөө эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг шиг бүх цаг үед л чимээгүй байсаар ирсэн ч эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд оюунлагаар мандуулсаар байгаа гэдгийг бахархалтайгаар хэлчихье” гэжээ.

Тиймээс 90 сая хүн амтай хөгжлөөрөө тэргүүлэгч гүрэнд ганц ч байхгүй “Шатрын спортын Их мастер” манайд найм байдаг гээд бодохоор бид оюунаараа дэлхийд тэргүүлэгч юм аа гэж бахархах сэтгэгдэл төрөх юм. Гэвч эд маань өөрийнхөө хүчээр л энд ирсэн. Эцэг, эх, анд нөхөд, албан байгууллагын санхүүжилтээр. Төр тэднийг харж, халамжилж гийгүүлсэнгүй. Нийтлэлийн эхэнд дурдсан даа. Аса аварга 2022 онд Монголчуудыг өвлийн олимпод үзэх зүйлтэй болгох гээд хичээж ажиллаж байна. Өөрөө ч хэлсэн “арай эрт уулзахгүй яав даа” гэж. Гэтэл манай төр юу хийсэн бэ? Хөрөнгө санхүү дутмаг, хямралтай эдийн засагтай юм уу гэхээр тийм биш ээ. Нэг тамирчинг таван дарга дагалдаад олимпийн наадам үзэж болдог хэрнээ, улсын нэр хүндийг өргөж байгаа тамирчдаа дэмжих болохоор элдэв шалтаг, шалтгаан тоочдог энэ л Монголын муухай араншин. Бид их спортод хайртай, бас дэмждэг. Бусад улс оронтой харьцуулахад спортын асуудалд их л нухацтай ханддаг юм шиг. Гэвч энэ зүгээр л дүр эсгэлт бололтой. Харин жинхэнэ спортдоо хайртай улс гүрэн тамирчнаа хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж, аливаа спортын наадамд дарга нараа явуулж, зугаацуулахаас илүүтэйгээр тамирчдаа явуулж, туршлага судлуулдаг сэтгэлтэй байх юм аа. Бид хэзээ тэдэн шиг болох вэ.

Ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих