УБТЗ, “ТМХС Монгол” компаниудад нэгжлэг хийжээ
УБТЗ, “ТМХС Монгол” компаниудад эдийн засгийн цагдаагийн газраас өчигдөр орой нэгжлэг хийж байна гэсэн мэдээллийг, эх сурвалжаас нь мэдээлсэн юм.
Эх сурвалж мэдээлэлдээ “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглах, мөнгө угаах гэх мэт асуудлаар эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж буй тухай Авлигатай тэмцэх газар албан ёсоор мэдэгдэж байсан билээ. Түүнийг оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулан ОХУ-д үйлдвэрлэсэн зам засварын машиныг өндөр үнээр худалдан авсан, өнөөдөр үйлчилж буй хууль дүрмийг зөрчин 1000 ширхэг актлагдсан ачааны вагон оруулж ирсэн гэх мэдээ олны анхаарлыг татсан. Гэтэл олон нийтийн мэдэхгүй бас нэгэн хэрэг ил болж байх шиг байна. Бидний олж авсан мэдээллээр 2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн айлчлалын үеэр хоёр улсын ерөнхийлөгч нар УБТЗ ХНН-ийн дүрмийн санг 250 сая ам.доллароор нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан байдаг. Энэхүү тохиролцооны хүрээнд Монголын тал 125 сая ам.долларыг 2012 онд УБТЗ-ын дансанд шилжүүлсэн бол, Оросын тал “ВТБ” гэгч банкнаас зээл авч зээлдсэн мөнгөөрөө 2ТЭ-116УМ серийн гол замын зүтгүүр 30 ширхэгийг, ТЭМ-18 ДМ серийн сэлгээний зүтгүүрийг худалдан авч УБТЗ-д нийлүүлжээ. Хачирхалтай нь Оросын талын хувь нийлүүлэгч буюу “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгээс өөрийн хүлээсэн үүргийн дагуу зээлдсэн хөрөнгийн хүүг УБТЗ тодорхой хугацаанд төлж ирсэн байдаг. Зарим шинэ зүтгүүрүүдийн оронд их засвар хийгдсэн зүтгүүрүүдийг ч нийлүүлсэн гэдэг мэдээлэл байдаг.
Баримт үзвэл Оросын талын нийлүүлсэн зүтгүүрүүд нь 5 жилийн баталгаат хугацаатай байжээ. Ийм ч учраас зүтгүүрүүдийн үйлдвэрлэгч компани болох “Трансмашхолдинг” гэгч нь Монгол улсад өөрийн охин компани болох “ТМХС Монгол” ХХК-ийг төлөвлөгөөт засвар хийх нэрээр Монголд байгуулсан юм. Тэгээд үйлдвэрлэгчийн баталгаат хугацаа нь хүчин төгөлдөр байхад тус компани нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус бүхий л төрлийн засварыг хийдэг болжээ. Мөн тус компанийн үйлчилгээний ажилтнуудын цалинг УБТЗ төлдөг байсан нь илэрчээ. Үүгээр зогсохгүй засварын хөлс, сэлбэг худалдан авах гэх мэт ажил гүйцэтгэсэн нэрээр 2010-2016 онуудад УБТЗ-аас нийт 78 тэрбум төгрөг гаргуулсан байна. Улаанбаатар төмөр замын 25 зүтгүүр ажиллаж эхэлбэл сервис үзүүлэгч гэх “ТМХС Монгол” ХХК 1 цагт 60.000 төгрөг авдаг байсан бол эвдэрсэн тохиолдолд бүхий л зардлыг ийнхүү гаргуулан авдаг онцгой давуу эрх эдэлдэг байжээ. “ТМХС Монгол” компанитай байгуулсан гэрээг 2010 онд өнөөгийн УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа тухайн үед үүрэг гүйцэтгэгч байхдаа зурсан гэж мэргэжлийн хүмүүс хэлцгээж байна. Тус зүтгүүрүүдийг оруулж ирсэнээр Монгол инженерүүд, ажилчдын гараар бүтээж байсан “2 загал” зүтгүүрийг “булшилсан” гэдэг. Энэхүү хил дамнасан эдийн засгийн гэмт хэрэгт УБТЗ-д ажилладаг Монгол болон Орос дарга нар холбогдох нь тодорхой болсныг Улаанбаатар төмөр зам, “ТМХС Монгол” ХХК-д хийсэн нэгжлэгүүдээс харагдана.” гэсэн юм.
Өчигдөр ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан УБТЗ-ын Удирдах газар болон “ТМХС Монгол” компанийн байранд нэгжлэг хийж байна гэсэн мэдээ ирснийг ийнхүү хүргэлээ. Бид энэ талаарх тодруулга мэдээг эргэн хүргэх болно.
Undesten.mn
URL: