“Жи-Тайм”-ын хохирогчдын тоо 12 000-д хүрчээ

g-time“Жи-Тайм” гэх сүлжээний за­лиланг Монголд нэвтрүүлж, ма­най олон иргэдийг хохироосон Казахстаны иргэн М.Марат нарт холбогдох хэргийн мөрдөн бай­цаалт саяхан л дуусаж, яллах дүг­нэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүү­лэх бэлтгэлээ мөрдөгчид базааж байна. Өнгөрсөн наймдугаар сард прокурорын байгууллагын эх сур­валжийн мэдээлснээр хохирог­чийн тоо 10 000 орчимд хүрсэн, хохирлын хэмжээг нарийвчлан тогтоогоогүй гэж байсан юм. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээллээр “Жи-Тайм” гэх залилангийн сүлжээг Монголд нэвт­рүүлж, иргэдийг хууран мэхэлсэн Марат Маженов, түүний хамсаа­тан Э.Оюунчимэг тэргүүтэй хү­мүүст залилуулсан 12 000 хохи­рогч мөрдөн байцаалтын шатанд тогтоогджээ. Иргэдэд учруулсан хохирлын хэмжээ эцсийн байд­лаар 22 тэрбум төгрөгт хүрсэн гэд­гийг эх сурвалжууд хэллээ.

“Жи-Тайм”-ын толгойлогч М.Маратыг 2016 оны хоёрдугаар сард монголчуудаас луйвардсан таван тэрбум гаруй төгрөгөө Ка­захстан руу гэр бүлийнхнийхээ нэр дээр шилжүүлээд хилээр га­рах гэж байхад нь цагдаагийнхан баривчилснаас хойш өнөөг хүр­тэл хэргийг эцэслэн шийдвэрлэж чадаагүй байгаа. Уг сүлжээний толгойлогчдыг саатуулсны дараа цагдаагийнхан орон нутгаас мөр­дөгчид татан шалгаж эхэлсэн бө­гөөд энэ үед “Жи-Тайм”-ын эхэнд элссэн хэсэг хүн дээрх хоёр ял­лагдагчийг хаацайлж, хохирсон иргэдэд худал мэдээлэл тарааж байсан. Тэдгээр хүмүүст мөр­дөн байцаах ажиллагаанд саад учруулсан хэмээн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч Эрүүгийн шинэ хуулиар хариуцлагаас чөлөөлсөн билээ.


URL:

Сэтгэгдэл бичих