С.Эрдэнэ: Энэ бол нэг сайдыг огцруулахад ахадсан шалтгаан

ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг огцруулах тухай бичгийг УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, С.Эрдэнэ, Ц.Сэдванчиг нар өнгөрөгч даваа гаригт УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Огцруулах бичиг өгөх болсон үндэслэлийн талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Яагаад Д.Зоригт сайдыг огцруулах бичиг өргөн барих болсон юм бэ?

-Огцруулах үндэслэлээ долоон зүйлээр тодорхойлсон байгаа. Энэ бол товч дурдсан зүйл нь юм. Эдгээрийг задлаад, бусад асуудлуудыг нь оруулах юм бол долоогоор тогтохгүй олон асуудал бий.

2008 оноос хойш эрчим хүчний салбарт дорвитой ямар өөрчлөлт гарав, салбарын ажил ямар түвшинд явна вэ гэдэг талаар гишүүдээс удаа дараа асуулга тавьдаг байсан. Ялангуяа эрдэс баялаг, уул уурхайн ашиглалттай холбоотой асуудлаар ханддаг байсан. Тэгэхэд ЭБЭХ-ний сайд Д.Зоригт эдгээр асуудалд хариу өгдөггүй. Хэрэв хариу өгсөн тохиолдолд маш хайнга, хүндлэлгүй ханддаг. Аливаа асуудлыг худлаа ярьж, бөөрөнхийлж, тухайн цаг үеийг аргацаасан байдлаар хариулдаг олон явдал бий.

Эрчим хүчний хангалт харьцангуй тааруу байгаа. Улаанбаатар хотод бүр эрс муу. Ялангуяа захын гэр хорооллын эрчим хүчний хангамж маш муу байна. Тиймээс эрчим хүчний асуудлыг яаралтай шийдэхгүй бол нийслэлийн эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг шийдэж чадахгүй байна. Үүний тулд тавдугаар цахилгаан станц барих тухай удаа дараа ярьдагч салбарын сайд нь энэ талаар тоймтой ажил хийдэггүй.

-Огцруулах бичиг “Оюу толгой”-н гэрээний талаар нэлээд тодорхой зүйлийг тусгасан байсан ?

-”Оюутолгой”-н гэрээ бол гадныханд зориулсан гэрээ болчихсон. Үүнд нь салбар хариуцаж байгаа сайд нь хариуцлагатай алхам огт хийхгүй байна. УИХ-аас гарсан олон тогтоолын хэрэгжилтийг хангаж өгөхгүй байна. Тухайлбал, УИХ-ын 57 дугаар тогтоолд анхны хөрөнгө оруулалтаа нөхмөгц Монголын талын эзэмших хувь хэмжээг 51 -ээс доошгүй хувьд хүргэх тухай Засгийн газарт үүрэг болгосон. Гэтэл энэ талаар “Оюу толгой”-н гэрээнд ямар ч зүйл заалт байхгүй. Яг энэ байдлыг гишүүд маш их хэлсэн. Гэтэл тоогоогүй.

“Оюу толгой”-н анхны хөрөнгө оруулалтыг хийсэн техник, эдийн засгийн үндэслэлээр тооцоод үзэхэд бидний тооцоогоор бол 1.8-2 жилд нөхөх бүрэн боломж бий. Тухайн үед нэг тонн зэсийн баяжмалын дэлхийн зах зээл дээрх үнэ 3320 ам.доллар байсан. Гэтэл өнөөдөр есөн мянган ам.долларт хүрчихээд байна. Шинэ он гараад 10 мянган ам.доллар хүрэхгүй гэх баталгаа байхгүй. Зэсийн эрэлт хэрэгцээ улам л өснө.

Гэтэл гэрээнд Монголын талын эзэмших хувь 30 жилийн хугацаанд 34 хувь байхаар заачихсан. Үүний дээр “Оюу толгой”-д ажиллах монгол ажилчдын хувь хэмжээг бууруулах оролдлогыг манай сайдууд өөрсдөө хийж байгаа. Ний нуугүй хэлэхэд, Монголын ард түмнийг төлөөлж байгаа Засгийн газар юм уу, гадаадын олигархи компаниудын эрх ашгийг төлөөлж байгаа Засгийн газар юм уу гэдэг нь ойлгомжгүй болсон.

-Тэгвэл “Таван толгой”-н ордыг эзэмших, ашиглах талаар ямар будлиантай зүйл байна вэ?

-УИХ-ын 39 дүгээр тогтоолд “Эрдэнэс-Таван толгой” компанийг байгуулж, “Таван толгой”-н нийт эзэмшлийн талбайг хуваахгүйгээр лицензийг шууд “Эрдэнэс-Таван толгой” компанид шилжүүлнэ” гэж заасан байгаа. Гэтэл өнөөдөр “Эрдэнэс-Таван толгой” компанийг албан ёсоор байгуулсан нь мэдэгдэхгүй, Улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна.

15 сая хувьцаа гаргаж, иргэд аж ахуй нэгжид олгоно л гэж байна. Гэтэл тэр хувьцаа нь хэзээ гарах гэж байгаа юм, ямар үе шатандаа явж байгаа нь ч тодорхойгүй байна. Тэгсэн мөртлөө хөрөнгө оруулагчдыг зарладаг, тэдгээр нь бүгдээр гадны компаниуд байх жишээтэй. Яагаад Монголын компани тэр ажлыг нь хийж болдоггүй юм. Манай компаниуд санал тавиагүй бол өөр хэрэг.    Гэтэл санал тавьсан маш олон компани байгаа. Харин тэдэнд манай Засгийн газраас үйл ажиллагааг нь дэмжих ямар ч бодлого явуулахгүй, харагдахгүй байна.

Мөн сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлж байгаа нэрийн дор өч төчнөөн сая төгрөг үр ашиггүй цацсан гэх мэтээр яриад байвал олон асуудал байна. Энэ бол нэг сайдын хувьд ахадсан шалтгаан. Нарийн ярих юм бол Засгийн газар хариуцлага хүлээх хэмжээнд хүрчихээд байна.

-Нэг сайдыг нь огцруулах бичиг өргөн барьсан нь хамтарсан Засгийн газрыг ганхахад хүргэлээ хэмээн ярих хүмүүс байна?

-Гадаадад бол томоохон осол аваар гарахад л салбар хариуцсан сайд нь хариуцлага хүлээдэг. Нийгмийн салбарт улс орныг цочроосон зөрчил гарахад сайд нь хариуцлага хүлээдэг. Гэтэл манайд энэ байдал огт байдаггүй. Сахилга, хариуцлага хаана явна вэ. Төрийн бүх шатанд авилга, хүнд суртал хэвээрээ л байна.

Бидний өргөн барьсан өргөх бичиг нь Засгийн газарт том сануулга болох болов уу гэж бодож байна. Дахиад хэнэггүйтэх юм бол бид дахиад л асуудал тавина. Энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал.

-Тэгэхээр дараа дараагийн сайдуудыг огцруулах талаар ярина гэсэн үг үү?

-Энэ бол хэн нэгэн хувь хүний мууг үзэх гэсэн юм биш. Үнэхээр улс орны өмнө тавигдаж байгаа нийгмийн шаардлага, олон түмний бидэнд ирүүлж байгаа санал хүсэлтэд тулгуурлаж бид энэ шаардлагыг тавьсан.

-Таныг “Эх оронч улс төрч”-өөр шалгаруулсан байсан. Та яагаад энэ шагналыг авсан гэж бодож байна вэ?

-Би үүнийг шагнал гэж ойлгохгүй байгаа. Надад улам илүү үүрэг хариуцлага ногдуулж байна л гэж бодож байгаа. Уг нь УИХ-д байгаа 76 гишүүн бүгдээрээ л эх орон байх ёстой. Тийм байгаарай гэж ард түмэн сонгосон. Харамсалтай нь чадахгүй байна л даа. Өнөөдөр улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг хүн маш ховор болсон. Довоо шарлуулсан бодлого төдийхөнд эргэлддэг болчихсон. Төр засгаас гарч буй шийдвэр нь бүгд гадныхны эрх ашигт нийцсэн байдаг. Энэ нь төрд ямар ч хяналт байхгүй байгаагийн илрэл. Улс төрийн хяналтгүй болохоороо төр дампуурч эхэлдэг. Үүний жишээ нь “Оюу толгой”, “Таван толгой”-н гэрээ. Хэрэв сөрөг хүчин байсан бол эрх баригчид ингэж даврахгүй байх байсан. Энэ бол өнөөдрийн улс төрийн тогтолцооны гажиг. Парламентын засаглалд олонхи нь засаглалаа бариад цөөнх нь хяналтаа тавьдаг байх ёстой.

Т.ГЭРЭЛ


URL:

Сэтгэгдэл бичих