НҮБ: Улаанбаатарын агаарын бохирдол хойч үеэ үгүй хийж байна
НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол эх орныхоо ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж буй талаар нийтэлжээ.
Уг нийтлэл өнгөрсөн сарын 22-нд тус байгууллагын албан ёсны “www.unicef.org” сайтад нийтлэгдсэн байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдол ирэх жилүүдэд буурах хандлага ажиглагдахгүй байна. Ирэх 2025 онд агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлт газар авч, улс даяар утаанаас үүдэлтэй хүүхдийн өвчлөлтөд 4.8 тэрбум төгрөг зарцуулах тооцоо байна. Энэ тооцоо нь өмнөх жилүүдийн үзүүлэлтээс 33 хувиар өссөн үзүүлэлт аж.
Монголын нүүр тулж буй хамгийн том бэрхшээл бол агаарын бохирдол юм. Агаарын бохирдлын улмаас тус улсад нярайн эндэгдэл, бага насны хүүхдүүд өвчлөлт элбэгшиж буй. Эрх баригчид хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн шат дараатай алхмуудыг хийж байгаа ч хараахан үр дүнгээ өгөхгүй байна.
Өвлийн улиралд тус хотын агаарын бохирдол дээд цэгтээ хүрдэг. Улаанбаатар хотноо тус улсын хүн амын тэн хагас нь амьдардаг. Агаарын бохирдол хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, тус улсад өвчлөлт газар авсаар байгаа нь НҮБ, түгшээж буй.
Үүнээс гадна Улаанбаатар хотын баруун дөрвөн замын орчимд өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд PM2. 5 тоосонцрын бохирдол нэг метр куб 3,320 микрограмм хүрснийг тогтоожээ. Энэ нь ДЭМБ-ын зөвшөөрсөн стандартаас 133 дахин их байгаа юм.
Сүүлийн 10 жилд 10 мянган хүнд ноогдох амьсгалын замын өвчлөл огцом нэмэгдэж, 2.7 дахин өссөн гэнэ. Уушгины үрэвсэл 0-5 хүртлэх насны хүүхдүүдийн эндэгдлийн хоёр дахь гол шалтгаан болсон талаар НҮБ, өмнө нь тус улсын эрх баригчдад сануулсан.
Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй дүүргүүдэд амьдарч буй хүүхдүүдийн уушгины багтаамж, хөдөө нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгааг мэргэжилтнүүд тогтоожэээ. Амьсгалах эрхтний асуудлаас гадна агаарын бохирдол нь нярай хүүхдийн тархины эдийг гэмтээж, хүүхдийн танин мэдэхүй хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.
“Улаанбаатарт амьдарч буй хүүхдүүдийн эрүүл мэндийн хамгийн том аюул агаарын бохирдол болоод байна. Агаарын бохирдол хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсаар. Агаарын бохирдлоос болж жирэмсэн эхүүд тамиргүй, жин дутуу, уушгины өвчлөлт, бронхит, астма, тархины хөгжил дутуу хүүхэд төрүүлэх эрсдэлтэй. Агаарын бохирдол Монгол Улсын иргэдэд заналхилж байна” хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгч Алекс Хейкенс мэдэгдлээ.
Тэрбээр “Агаарын бохирдлыг бууруулах нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах урт хугацааны тогтвортой шийдэл. Хэрвээ хурдлахгүй бол олон мянган хүүхэд өвчилнө. Засгийн газар агаарын бохирдлыг бууруулж, ирээдүй хойч үеэ хамгаалахгүй бол өдрөөс өдөрт хүүхдүүд өвчлөх болно” хэмээн цохон тэмдэглэжээ.
Агаарын бохирдлоос хүүхдээ хамгаалахын тулд дараахь зөвлөмжийг санал болгож байна:
1. Агаарын бохирдол, түүнээс хамгаалах арга хэмжээ, агаар цэвэршүүлэх технологи, түлшийг ашиглах, хүүхдийн амьсгалын замын өвчлөлийг эрт илрүүлэх, эмчлэх гэх мэт асуудлаар олон нийтэд ойлголт, мэдээлэл өгөх
2. Пневмококкал буюу уушгины үрэвслийн эсрэг вакцины хамра хүрээг өргөжүүлэх
3. Хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, сургуулийн агаарын чанарыг сайжруулах
4. Хамгийн сүүлийн үеийн утаа шүүгч маск хэрэглэх, ач холбогдлыг нь сайтар ойлгуулах, танин мэдүүлэх.
Б.Дэлгэрцэцэг
URL: