ЯВУУРГҮЙ ШУНАЛ
Сарьсан багваахайн ченж Хятадууд ханшаа өсгөж 800 мянгаас 1 тэрбум төгрөг амлажээ.Хөдөөний ажилтай ажилгүй мянга мянган залуус машинтай нь машинаараа,мотоциклтой нь мотоциклоороо,юу ч үгүй нь хүний унаанд дайгдан босцгоов.1932 оны бослогоос хойш Монголчууд ингэж үймээгүй.Сарьсан багваахай орогнон амьдарч байж болох уул нуруу,ой хөвч,хадан цохиог бүхэлд нь самнаж хэрвээ тааралддаг л юм бол Хятадын улаан хамгаалагчдаас дутахааргүй харгислан устгахаар улангасчээ.
Хэдхэн хоногийн өмнө энэ аймшигт хүн сүрэг өөр өөрсдийн нутгийнхаа овоон дээр идээнийхээ үлдэгдэл ул боов,сүү архи, элдвийн хог хаман аваачиж баян болгож өгөхийг гуйн залбирч зогссон юм.Тэдний үл гүйцэлдэх,уудам тэнэг шуналд нь баяссан Хятадууд элгээ хөштөл инээн тохуурхав.Чулуу хөөлгөв.Хярвас ханхалтал нь шатаав.Сарьсан багваахайн үүр олж аваачаад Хятадын гараас хэдэн зуун саяыг байтугай арван мянган төгрөг авсан хүн ч гарсангүй.
Гэхдээ хар Хятадын хорон санаат цуурхал Монгол орон даяар хаварын өвсөнд ассан түймэр шиг дүрэлзэн асаж мөд унтрах янз алга.Хүмүүс бүр олноороо явцгаав.Ханш нь өссөөр.Гэхдээ хэн ч баяжсангүй.Иймэрхүү олныг хамарсан хийрхэл дундад зууны загалмайтны аян дайны үед л байсан.Сарьсан багваахайнд явагсад хамаг мөнгө төгрөг,шатахуун тосоо барж ядарч цуцан харьж эхэлжээ.
Одоо үнэнийг хэлэх цаг болсон.Сарьсан багваахай гэгч хүйтэн цуст,гар далавчтан Монгол оронд бараг өвөлждөггүй юм.Цөөн тоотой өвөлждөг ч хадны ангал гүнд дулаахан газарт ичих тул хүнд олдохгүй.Тэгээд ч үүр барьдаггүй.Дулаан оронд өвөлжөөд хавар нь ирж хоёр гурван улаан цурав ангаахайг хаа орогносон газраа гаргадаг.Биендээ хорт хавдар байтугай ханиад эдгээх ч эмчилгээний чанар агуулдаггүй.
Харин ч 20 гаруй төрлийн халдварт өвчин,тахлын вирус тээж явдаг.Монголчуудын үүрдийн дайсан Хятадууд биднийг яаж хорлох вэ гэж үдэш оройгүй бодож байдаг атгаг санаат мангас юм.Энэ муухай санаанаагаа манайхны дийлдэшгүй шунаг сэтгэлд нь хэдэн төгрөгний ханш хэлэхэд л болчихно.Бид тэдний хамгийн хямдхан бөгөөд тэнэг дайсан нь юм.
Түүх сөхвөл Манжийн үед ч тийм байсан.Амбаны эсрэг бослого гаргасан сайн эрсээ бусад Монголчууд нь хэдхэн лан ембүүгээр барьж өгөөд гурил будаа,дээлийн торго авдаг байсан.Зах зээлд шилжсэнээс хойш Хятадууд мөнгө л амлавал буга гөрөөс,чоно,тарвага,гахай,хэрэм зурам,өвс ногоо,мод чулуу,шарил чандар юуг л бол юуг алаад,тастаад,түүгээд,ухаад,зулгаагаад хүйс тэмтрээд аваачаад өгч ирсэн.
Улаандаа улайж цагаандаа цайсан.Сүүлдээ хүүхэд хулгайлж гаргадаг болсон.Хятадад 30 жил байдгаа зөөгөөд хэдэн үеэрээ байтугай энэ насаараа баяжсан хүн бараг алга.Харин байсан бүхэн нь байхгүй болжээ.Ямар ч олз ололгүй хий самарсан нь ч олон.Хятадад хорлогдохоо больцгооё.Сарьсан багваахай чамд ямар ч гэм хийгээгүй,бас үнэ хүрэхгүй.Тэр байгалийн идэш тэжээлийн суваргын чухал төлөөлөгч,шавьж устгагч чамаас илүү гавъяатан.Мөрөөр нь орхи.
Х. Батжаргал
URL: