Улсын баатар Э.Бат-Үүлийн хийж чадаагүйг Су.Батболд барах уу?
Хотын дарга асан Э.Бат-Үүл 2013 онд хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх шийдвэр гаргаж байлаа. Шавыг нь тавьж, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга асан Р.Гончигдорж, НИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Баттулга нар тууз хайчилж, нэг хэсэгтээ шуугиж байв. Барилгын ажлыг БНСУ-ын “Халла Гонсол” компани гүйцэтгэхээр болж, төсөвт өртөгийг 37.1 тэрбум төгрөг байхаар тогтоосон байдаг.
Гэтэл хотын захиргааг СХД рүү нүүлгэх асуудал цаг хугацааны явцад бүдгэрсээр, одоо үлгэр болон жаргаад байна.
2016 оны сонгуулиар МАН ялалт байгуулж, нийслэлийн Засаг даргаар Су.Батболд сонгогдсон. Түүнийг нийслэлийн хөгжлийн асуудалд нэлээд ул сууртай хандах болов уу гэсэн бас л үлгэр ярьж, улстөржөөд эхлэв. Тэрээр нийслэлийн төр захиргааны байгууллагыг Яармагийн дэнж рүү нүүлгэх юм гэнэ.
Ер нь манай улс төрд залгамж чанар гэж байдаггүйн нэг тод жишээ нь энэ болж байна. Нэг дарга нь гараад өмнөх даргынхаа үүсгэсэн асуудлыг ухраадаг, унтраадаг, үгүйсгэдэг болоод байна. Нэг нам гарахаараа улсын эрх ашгийг бус намын болон хувь хүний эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг болсны тод жишээ нь бас энэ юм. АН нам төрийн эрхэнд гарахаараа Төв талбайг Чингисийнх болгож, МАН гарахаараа Д.Сүхбаатарын талбай болгодог шиг нийслэлд АН ялвал төр захиргааны байгууллагыг Баянхошуу руу, МАН гарвал Яармаг руу нүүлгэнэ гэж дайрдаг болох нь ээ янз нь. Нийслэлийн хөгжил энэ мэтээр бол яав ч урагшлахгүй биз ээ.
Мөн энд Хотын дарга асан Э.Бат-Үүлийн эхлүүлсэн хотын захиргааг нүүлгэх төслийг магтах гэсэнгүй. Тэр бол үнэлгээ, үйл ажиллагаа, төлөвлөгөө, биелэлт муутай муу төсөл байсан. Тиймдээ ч АН-ын баг нийслэлийн удирдлагад ажиллаж байх хугацаанд биелэлээ олж, Нийслэлийн төр захиргааны байгууллагууд тийшээ нүүж чадаагүй. СХД-ийн тухайн байрлалын газрыг чөлөөлж, барилгын ажлын зураг төсөл ч гарсан байдаг.
Үүнд мэдээж асар их хөрөнгө зарцуулсан. Нүдний цөцгий мэт хэлбэртэй байна хэмээн зураг төслийг гаргаж, тус байрны нүдний хэсэгт нийслэлийн иргэдээ хүлээн авах танхимыг байрлуулна. Энэ нь иргэдээ нүдний цөцгий мэт хайрлах санаа юм гэсэн PR тухайн үед мөн ч их явсан даа.
Мөн хотын захиргааг нүүлгэх сургаар тэнд байгаа газрын үнэ өсч, ашиг хонжоо хайгчдын зарим нь нэлээд хөлжиж, нэг хэсэг нь аавын хаалга татсан сураг ч бий. Ийм нэгэн балагтай үлгэрийг л Хотын дарга асан Э.Бат-Үүл найруулсан, гол дүрд нь тоглосон. Одоо Су.Батболд яг ийм үлгэрийг Яармагт эхлүүлэх гэж байна. Уг нь бол Яармаг, Баянхошуу руу нүүснээр ач холбогдлын хувьд ямар ч ялгаа байхгүй. Нийслэлийг ийм ойрхон газарт нүүлгэх нь автомашины түгжрэл, агаарын бохирдол гээд нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдэж чадах гарц нь биш гэдгийг олон судлаач хэлдэг. Тэгснээс Өвөрхангай Хархорин, Сэлэнгэ рүү нийслэлээ нүүлгэж нэлээд хол газарт шинэ хотыг буй болгож чадвал энэ нь өөрөө хөгжлийн шийдэл, гарц юм. Эх оронч, зоригтой байдлаар ийм алхмыг хийж чадахгүй, хоёрын хооронд хоноцийн сэтгэлээр нийслэлийн хөгжилд хандаж байгаа нь Яармаг руу хотын захиргааг нүүлгэх ээлжит шоунаас харагдаж байна. Гэхдээ энэ асуудал бараг л бүтэхгүй байх. Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл хотыг нүүлгэх гээд бараагүй, харин энэ удаа Су.Батболд нүүлгэж хийж барах уу?
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.БАТСАЙХАН
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Үхсэнийх нь БААТАР? Юуны төлөө гэж?