Монголын баялгаар тогоогоо тосолж байгаагийн хувьд эзэн улсын эрх ашгийг илүүтэй хүндэтгэх ёстой
Хүлээлгийн танхимд буй Тавантолгойн цахилгаан станц/ТТЦС/-ын бүтээн байгуулалт нэг л тодорхойгүй, үүл манан дунд орчихлоо. Олон жил яригдаж, сонгуульд зориулсан поп амлалтын нэгэн болтлоо өндөр авсан энэ цахилгаан станц үгээр бус үйл хэргээрээ бодит биелэлээ олох боломж холдоод явчихав уу, ойртоод ирэв үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Монгол Улсын Засгийн газар Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээгээ цуцалснаар Монголын улстөрчдийн цээжинд багтаж, толгойд нь бөмбөрдөг Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалт эдүгээ салаа замын уулзвар дээр бүдэг бадагхан сүүмэлзэж үлдэв. Дээрхи гэрээг цуцалсаны дараа Оюутолгой компаниас нийтлүүлсэн мэдэгдэл Өмнөд бүсийг Оюутолгой, Цагаансуваргатай нь эрчим хүчээр хангах учиртай 450Мвт станцынтархин дундуур татаад авсантай адил юм болоод байна.
“Төрж” амжаагүй ч төсөөлөлд ирсэн Тавантолгойн цахилгаан станц
Улстөрчдийн үе улиран ярьдаг Тавантолгойн цахилгаан станц маань одоогоор төсөөлөл төдий байна. Үндсэндээ амь орж хөдлөөгүй мега төсөл. ТТЦС төслийг хэрэгжүүлснээр өмнөд бүсийн төдийгүй нийт Монгол улсын хувьд эдийн засгийн томоохон эерэг нөлөөллийг бий болгоно. Цаашдаа цахилгаан эрчим хүч экспортлох үндэс суурийг тавина. Хүчин чадал нь 450 Мвт. Станцын бүтээн байгуулалтад 1 тэрбум ам.доллар орж ирэх боломжтой. Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэж барих учраас цахилгааны үнэ хямд, 40-50 жил баталгаатай ажиллана. Оюутолгойд эрчим хүчээ нийлүүлж, тус уурхайн импортолж буй эрчим хүчний 160-200 сая ам. долларын гадагшлах урсгалыг дотооддоо үлдээнэ. Өөрөөр элбэл Оюутолгойд 200 Мвт эрчим хүч нийлүүлнэ. Бүтээн байгуулалтад шаардлагатай 1 тэрбум ам.долларын хөрөнгийн зээлийн хугацаа 15 жил. Монголын талын хөрөнгө оруулагч MCS 30 хувийг төлнө, үлдсэн 70 хувийг Марубени корпораци гаргана. Гэхдээ ТТЦС төслийн компанийн 34 хувийг MCS, 66 хувийг Марубени эзэмшиж байна.Төслийн хүрээнд 230 км урт, 220 квт-ын шугам сүлжээ барина. Засгийн газар энэ төслийг хэрэгжүүлсний дараа хувийн хэвшилд хүлээлгэж өгнө. Ийм л төсөөлөл бий.
Хэнийх нь үгэнд итгэх вэ?
ТТЦС-ын бүтээн байгуулалтын талаар Монголын тал болон гол хэрэглэгч болох Оюутолгой хоёр зөрүүтэй байр суурь илэрхийлж байгаа. Тодруулбал:
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: -Дөрвөн жилийн дотор өөрсдөө /Оюутолгой компани/ барьж, хангана гэдэг бол цаг хугацааны хувьд маш шахуу. Гэтэл Таван толгой цахилгаан станц төсөл өөрөө ТЭЗҮ нь бэлэн болсон, ажил эхлүүлэхэд бүрэн боломжтой хувилбар байгаа.
ТТЦС төслийн захирал Д.Батбилэг: -450мвтын хүчин чадалтай цахилгаан станц барих ёстой. 2018 онд ажил нь эхэлчихвэл 2020 онд ашиглалтад орох боломжтой
Оюутолгой ХК: -Засгийн газрын төслийн нэгж, “Эм-Си-Эс” ХХК (ТТЦС-ын дотоодын хувь эзэмшигч), Рио Тинто, “Оюу толгой”-н хамтын хүчин чармайлтаар ТТЦС-ын ажил урагшилж байгаа боловч ТТЦС-ын төслийг сонирхох хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчийн тоо цөөхөн байгаагаас төслийн ахиц удаан байна. Амин чухал асуудлуудыг шийдсэн ч дараа нь олон шатны хэлэлцээр, зээлийн судалгаа зэрэг багагүй ажил хийх шаардлагатай тул ТТЦС нь дөрвөн жилийн дотор ашиглалтанд орох боломж хомс байна.
ТТЦС төслийн нэгжийн захирал Д.Батбилэг: -Цахилгаан станцын ТЭЗҮ бүрэн хийгдсэн. Хөрөнгө оруулагч талтай ярилцаад батлан даалт авчихвал цахилгаан станцаын ажил энэ хавраас эхлэх боломжтой. Хамтарсан консорциум хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж байгаа. Японы болон БНСУ-ын банкууд зээл өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн.
Оюутолгой ХК: - Одоогоор ТТЦС-ын төсөл дээр “Оюу толгой”-н шаардлага хангахуйц албан ёсны техникийн болон эдийн засгийн санал ирүүлэх стратегийн хөрөнгө оруулагч байхгүй байгаа бөгөөд ийм хөрөнгө оруулагчгүйгээр төслийн санхүүжилт татах боломжгүй юм.
ТТЦС төслийн нэгжийн захирал Д.Батбилэг: Рио Тинто компанийн зүгээс өнөөдрийн байдлаар Таван толгой цахилгаан станц төслөөс ямар нэг байдлаар татгалзаагүй, хамтраад ажиллаж байгаа. Үнийн хэлэлцээ болон батлан даалтын хэлэлцээг хийгээд явж байгаа.
Оюутолгой ХК: -“Оюу толгой” компанийн зүгээс дөрвөн жилийн дотор хэрэгжүүлэх боломжтой эрчим хүчний эх үүсвэрийг шийдвэрлэх ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд үүнд уурхай дээрээ цахилгаан станц барих хувилбарыг эргэн судлаж байна. Энэ ажлын хүрээнд бид шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ажлаа эхлүүлж, Эрчим хүчний яаманд хандах болно” гэжээ.
Хоёр талын илэрхийлж буй байр суурь ийм зөрүүтэй яваад байгаа бөгөөд ямартай ч талууд нэгдмэл бус санаа оноотой байгаа юм байна.
Асуудал аль талдаа байна вэ?
ТТЦС-ын тавилан ингэж бүдгэрлээ. Үүнд хэн буруутай вэ? Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг цуцалснаараа Засгийн газар буруутай юу, аль эсвэл өдий болтол мега төслөө ажил хэрэг болгож чадаагүй яваа төслийн нэгжийнхэн, хөрөнгө оруулагч MCS компани болон Марубений хамтарсан баг уу, эсвэл гол худалдан авагч болох учиртай Оюутолгой компани уу гэхчлэн асуудал ар араасаа хөвөрнө.
Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр Оюу Толгой өөрсдөө барина гэж байхад урдуур нь орж бид хийгээд та нарт тогоо зарна гэж ажлыг нь зогсоогоод 5 жил гаран өнгөрсөн байна гэх шүүмжлэлийг Засгийн газартаа хаяглаж байгаа.
Төслийг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлэх учиртай. Энэ ч үүднээсээ бичиг цаасыг бол хангалттай үйлдвэрлэсэн байдаг. Тухайлбал, Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай цахилгаан станц барих тухай 2013 оны 71 дүгээр тогтоол, Төсөл санхүүжүүлэх тухай 2013 оны 80 дугаар тогтоол, Төрийн өмчийн оролцоотой компани байгуулах тухай 2013 оны 129 дүгээр тогтоол, Тавантолгойн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх тухай 2013 оны 261 дүгээр тогтоолуудыг тус тус баталжээ. Түүнчлэн төслийн нэгж нь 2013 оноос үйл ажиллагаа явуулж, энэ хугацаанд төслийн техник эдийн засгийн үндэслэл болон судалгаа шинжилгээний ажлуудыг хийгээд байгаа ажээ.
Гэвч цаг хугацааны хүчин зүйл гэж бий. Хийхээсээ илүүтэй ярьдаг, түүгээрээ шоуддаг, сүртэй эхэлж даржин төгсдөг тэр жишиг л ТТЦС-ын бүтээн байгуулалтад саад тээг болжээ. Оюутолгой компанийн мэдэгдэлд “Оюу толгой компани нь Монгол Улсын Засгийн газраас албан ёсоор тавьсан саналыг дэмжиж, уурхай дээрээ 2012 оноос барьж эхлэхээр ажиллаж байсан өөрийн эзэмшлийн цахилгаан станцын ажлыг зогсоосон бөгөөд ТТЦС-ыг байгуулах ажлыг бүрэн дэмжиж, ТТЦС-ын судалгааны ажил болон хөрөнгө оруулагч нартай хийсэн хэлэлцээрүүдэд оролцож ирсэн билээ” хэмээн дурдсан нь буй. Тэгэхээр Оюутолгой компанийг буруутгах шалтгаан бас бага мэт.
Ганцхан үнэн гэвэл ТТЦС-ын төсөл удааширснаас Засгийн газар, Оюу толгой хэн нь ч хожоогүй. Харин Хятадууд л хожсон. Хэрвээ Хятадаас жилдээ 160 сая долларын өртөг бүхий эрчим хүч худалдаж авдаг бол өнгөрсөн таван жил 800 сая. амдоллар буюу нэг цахилгаан станц барих мөнгийг гадагш нь урсгажээ. Одоо дахиад наанадаж 4 жил энэ мөнгө гадагшаа урсана.
Эзэнгүйдэх 200 Мвт эрчим хүчээ яах вэ?
ТТЦС-ын төслийн нэгжийн захирал Д.Батбилэг саяхны нэг ярилцлагадаа “Таван толгойн цахилгаан станцын хувь заяа Рио-Тинтогийн гарт байгаа” гэжээ. Нэг үгээр хэлбэл бидний хүсэл зоригоос үл хамаарахаар болчихсон юм байна.
Оюутолгой компани нэгэнт уурхай дээрээ цахилгаан станц барих хувилбарыг эргэн судалж байгаагаа мэдэгдсэн болхоор ТТЦС-ын үйлдвэрлэх эрчим хүчийг худалдан авах баталгааг зээлдэгч нарт өгнө гэдэг эргэлзээтэй. Ингэвэл өмнөд бүсийг хангах 450 мВт-ын станц баригдах эсэх нь бас таавар. Хэрэв баригддаг юмаа гэхэд Оюутолгойд нийлүүлэх байсан 200 мВт-ын эрчим хүчээ хааш нь хэрхэн шингээх вэ гэсэн асуудал гарна. Экспортлох уу, эсвэл төвийн бүсийн хэрэгцээндээ нийлүүлэх үү. Алслагдсан аймаг орон нутгийг эрчим хүчээр хангахад шугамын алдагдал гэж “хулгайч” бий. Манайд ойролцоогоор 20-23 хувийн алдагдалтай байдаг болохоор орон нутагт үйлдвэрлэсэн эрчим хүчийг тэнд нь шингээж хэрэглэвэл мэдээж илүү үр дүнтэй байж таарна. Тэгхээр энэ бол сайн арга биш, зөв сонголт биш болж таарна.
Оюутолгой уурхайн талбайдаа цахилгаан станц барих нь боломжит гурван хувилбарын нэг мөн ч гэлээ үнэ өртөг нь гүний уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 5.3 тэрбум ам.долларын дүнд багтаагүй. Тийм болхоор цахилгаан станцын өртөг зардал тэр хэрээр манай 34 хувийн эзэмшилд ногдох зардал дээр нэмэгдэж, ямаан дээр тэмээний гарз гэдэг шиг л юм болох дүр зураг харагдаад байгаа юм.
Гэхдээ Оюутолгой компани Монголын баялгаар тогоогоо тосолж байгаагийн хувьд баялгийнх нь эх орон, эзэн улсын эрх ашгийг илүүтэй хүндэтгэн үзэх ёстой. Энэ бол бизнесийн ёс зүй. Тэгээд ч монголчууд ТТЦС-аа барьж байгуулаад одоо импортолж буй үнээс хямдаар эрчим хүчээ нийлүүлье гэж байгаа тэр саналыг нь хангахад түншийн хувьд боломжит бүх хэлбэрээр дэмжих ёстой биз ээ.
П.Булган
Эх сурвалж: Unen.mn
URL: