Эмгэнэлээ бид өөрсдийн гараар бичиж байна

CaptureМонголчууд бид уруудаж байна, зүдэрч байна, амьдрал доройтлоо, туйлдаж байна гэж гомдоллох болсон нь дан ганц төрийнхнөөс бус сүсэг бишрэлийн буруу номоос болоогүй байгаа гэж бодож үзсэн үү? Энэ их туйлширсан элдэв янзын шашны зан үйл энх цагийг бус эмгэнэл авчирч байгаа юм биш биз. Жил бүр тахилгат ёсон хазайн хэлбийсээр өдгөө үүнд байгаль дэлхий хэлмэгдээд багагүй хугацааг үдлээ. Нэг хэсэг нь өлсөж, ундаасаж байхад нөгөө хэсэг нь засал ном нэрээр замбараагүй цамаан загнаж байх. Таван өнгийн хадаг зүүлээ гээд талбиун сайхан нутаг минь өнгө нэмэхгүй. Таван тансаг идээ заслаа гээд байгаль түүгээр тэтгэгдэхгүй, булаг шанд нь сэргэж, ундрахгүй. Энх амгалан цагт өөрсдөө бид эмгэнэлээ бичиж, энэлэнт амьдралыг дэргэдээ залж авчрах уу?

Энэ дүр зураг “Алив чиний нөгөө говь газрын хонин гүрвэл болж төрнө гэсэн?” гэж “Сэрэлт” киноны хэсгийг эрхгүй санагдуулна. Буруу номтны үгэнд итгэж, бусармаг үйл хийх нь буяныг бус нүглийг л хураана гэдгийг бид хэзээ ойлгох вэ. Бурхдаа шүтэж, байгалиа бузартуулдаг нь хаанахын ямар ёсон бэ? Энэ бол шашинлаг ухаан бус самуурсан ухамсар гэлтэй. Хэтрүүлэн бодвол хэн нэгний явуулгаар улс орныг мөхөөх бодлого байж мэдэх. Урьд цагт биднийг ингэж оюун ухамсрын хүлээсэнд оруулж байсан гашүүн түүх бий гэдгийг умартаж үл болно.

Хэт их сүсэг бишрэлд автсаар бид чинь байгаль эхийг хилэгнүүлж, лус савдагийн хорлол болоод байгаа юм биш биз гэдгийг эрхэм Та нэг эргэцүүлэн бодоод үзээрэй.


Я.Хулан

Undesten.mn


URL:

Сэтгэгдэл бичих