С.Батсүх: Аав минь 50 нас хүрч байж тал дунд нь очоорой гэж захисан
Энэ удаагийн дугаарын зочноор гавьяат жүжигчин, дуучин С.Батсүхийг урилаа. Түүнтэй амьдрал, уран бүтээлийнх нь тухай ярилцсанаа хүргэе.
–Сайн байна уу. Сайхан шинэлэв үү та?
-Сайхан шинэллээ. Би ойрын жилүүдэд ихэвчлэн цагаан сарын үеэр гадаадад байсан. Харин энэ жил эх орондоо байж, золгуут хийлээ.
–Төрсөн нутагтаа очсон уу?
-Энэ жил нутагтаа очиж амжсангүй. Хоёр эгч болон хадмын талынхан бүгд хотод бий. Тэдэндээ хүндэтгэл үзүүллээ. Бусад дүү нар минь надад ирж золгосон. Сонирхуулахад, манайд 130 гаруй хүн ирсэн байна лээ.
–Цагаан сар гэдэг холыг уулзуулдаг, бэлгэдэлтэй сайхан баяр юм аа?
-Шинийн нэгэн гэдэг ахмадынхаа тохойг өргөж, нялх балчируудынхаа алгыг тэнийлгэж баярлуулах өдөр. Энэ өдөр амнаас нь дандаа цагаан үг ундарч, хүн бүхний буян заяа дэлгэрдэг. Нэг ёсны ямар ч хир буртаггүй хайрын баяр гэж би ойлгодог.
–Таны хувьд “Завханы Батсүх” гэж түмэндээ хүндлэгдсэн. Тэр сайхан нутгийн уул ус, мөнх цаст Отгонтэнгэр хайрханы ивээлээр нутгийн хүүгийнх нь урлагийн зам дардан байдаг байх даа?
-Би Отгонтэнгэр хайрханы өвөрт өссөн хүүхэд. Манай гэрийн өвөлжөөнөөс их тод харагддаг юм. Харин аав минь 50 нас хүрч байж тал дунд очих ёстой шүү гэж захисан нь ердөө ч санаанаас гардаггүй юм.
–Аавынхаа захиасыг биелүүлсэн үү?
-Одоогоос хоёр жилийн өмнө Даян дээр очсон. Харин жил бүр өвөрт нь очиж, залбирдаг. Бас дуугаа дүрсжүүлэх гэж хэд, хэдэн удаа ойрхон очиж байсан юм байна.
–Та хэр шүтлэгтэй хүн бэ?
-Өөрийгөө айхтар шүтлэгтэй хүн гэж хэлмээргүй санагддаг. Учир нь би шүтлэгтэй биш шүтдэг хүн юм билээ. Харин төрсөн нутаг, уул усныхаа дэргэд очоод дуулах бүртээ сэтгэлдээ ажил үйлс, амьдралаа даатгаж залбирдаг даа.
–Таны уран бүтээлд Монголын тал нутаг тэр дундаа Завханы үзэсгэлэнт байгаль зон ардын тухай дуу багагүй хувийг эзэлдэг. Тэр сайхан нутаг энэ олон жил онгод хүслийг тань хөглөсөөр ирэв үү?
-Зөвхөн Завхан аймаг төдийгүй Монголын хөдөө бүхлээрээ жаргалын орон. Миний уран бүтээлд энэ сайхан үзэсгэлэнг үг, аялгуу, сэтгэлээрээ мөнхөлсөн бүтээл цөөнгүй бий. Тухайлбал, “Дорнын намуухан Отгонтэнгэр”, “Бадар хундага” гээд олон сайхан уран бүтээл бий.
–Та гитар их сайхан тоглодог юм билээ?
-Би Завхан аймгийнхаа Хөгжимт драмын театрт орохоос өмнө тухайн үеийн алдартнууд болох Д.Банзрагч, В.Оросоо нарын дууг гитартай дуулдаг байлаа. Нэг ёсны өөрийнхөө стилийг тодорхойлж байсан нь тэр байж.
–Нутгийнхаа театрт багагүй хугацаанд ажилласан. Энэ үеэс л дуучин болохоор шийдсэн үү?
-Би 1983 онд Хөгжимт драмын театрт орсон. Аливаа зүйлийн эхлэл бүхэн бэрхшээлтэй, сурах зүйл олонтой байдаг. Энэ замыг би ч ялгаагүй туулсан. Үзэгчид намайг хэрхэн хүлээж авч байна, надад зориулж алга таших нь уу үгүй юу гэдгийг их удаан ажигласан. Бүр урлагийн замналаа орхиод барилгачин болдог ч юм билүү гэж бодож байсан үе бий.
–Хэрэв барилгачин болчихсон бол…?
-Тухайн үед шантарч хойшоо ухарсан бол магадгүй өдийд өөр мэргэжлийн хүн болчихсон байх биз. Гэхдээ эхлээд өөрийгөө олох ёстой юм байна гэж бодсон. Тиймээс зүтгэсэн, улам хичээсэн.
–Хичээл зүтгэлийн үр дүнгээ үзэж одоо та ард түмнийхээ хүндлэлийг хүлээж сууна. Энэ л уран бүтээлч, дуучин болсны хамгийн сайхан үе байх даа?
-Эхлээд гурван жил өөртэйгөө ажиллая гэж шийдсэн. Тэгээд “Завхан гол”, “Дуут нуур” дууг дуулахад сонсогчид их сайхан хүлээж авсан нь уран бүтээлчийн хувьд их урам болсон доо. Тэр үеэс хойш тэдгээр хүмүүсийн хүндлэл, итгэлийг дааж явахсан гэсэн бодлоо өнөөдрийг хүртэл мартаж, гээсэнгүй.
–Яагаад хот руу ирэх болсон бэ. Энд ирээд таны уран бүтээлийн сэдэв, агуулга өөрчлөгдсөн болов уу?
-Аав минь Орост боловсрол эзэмшсэн сэхээтэн хүн байлаа. Тиймээс хаана зах зээл байгааг, хэрхэн яаж амьдрахыг надад сургасан. Бид ч ялгаагүй сэтгэл хангалуун амьдрахын тулд уйгагүй уран бүтээл хийж байгаа шүү дээ. Тиймээс театртаа 10 гаруй жил ажилласныхаа дараа хотод суурьшиж, уран бүтээлийн замналаа үргэлжлүүлэх сонголтыг хийсэн дээ.
–Энэ сайхан билэгт өдрүүдэд та ая дуугаараа сонсогч олонтойгоо мэндчилэхгүй юм уу?
-Өнөөдөр орой “АСА” циркэд сонсогч түмэнтэйгээ ая дуугаараа золгоноо. Шинийн наймны билэгт сайн энэ өдөр “Завхан нутаг жаргалын орон” шашин соёлын тоглолт болох гэж байна. Манай нутгаас төрсөн алдартнууд уран бүтээлээ өргөхөөс гадна хамба лам нар засал ном айлдах юм. Уран бүтээлчийнхээ хувьд нөхөрсөг нохой жилийн анхны ая дуугаа энэ өдөр өргөх болсондоо бэлгэшээж байна.
–Бяцхан дуучин Б.Бат-Энэрэл хамт дуулах уу?
-Энэ удаагийн тоглолтод оролцохгүй. Энэ жилээс аль болох биеийг нь даалгахыг зорьж байна. Миний хүү ирэх сард тоглолтоо хийх гээд их завгүй байгаа. Саяхан шинэ байрандаа орж, нэвтрүүлгээ хийлээ. Хэвлүүхэн ярих хүүгээ хараад нулимс дуслуулж л суулаа. Нэг талынхаа ханыг Отгонтэнгэр хайрхны зурагтай ханын цаасаар бүрчихсэн нь сэтгэлд их сайхан санагдсан.
–Та хоёрын хувьд шинэ уран бүтээлийн олз омог хэр арвин байна?
-Тоглолтдоо зориулаад хэд, хэдэн шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. Гэхдээ Б.Бат-Энэрэлийн хувьд нэг дуугаа олон давтдаггүй. Нэг, хоёр удаа бэлдээд бичүүлчихдэг онцлогтой. Харин миний хувьд “Дэндэрийн үлгэр” гэсэн кино концерт хийлээ. Энэ бүтээлд миний нэрийн хуудас болсон “Дуут нуур”, “Завхан гол”, “Бүүвэй ээж” гээд хит дуунууд багтсан.
–Нэрний хувьд содон юм. “Дэндэрийн үлгэр” гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Хуучин манай нутагт Дэндэр гээд үлгэр ярьдаг хүн байсан юм. Тэр хүний ярьсан үлгэр, хууч домгоос сэдэвлээд кино концерт хийх санаа төрсөн. Удахгүй үзэгчдийн хүртээл болгоно. Мөн “Хаан заяатай орчлон” цомог гараад удаагүй байна. Өнгөрсөн онд ихэнх цагийг жаахан шавьтайгаа студид өнгөрөөсөн учир шинэ дуу олонтой болжээ. Түүнээс өмнө уран бүтээл хийхээрээ ихэвчлэн шинэ, залуу уран бүтээлчидэд өгчихөөд, өөрөө тэр бүр дуулахгүй байсан юм. Харин Б.Бат-Энэрэлийнхээ буянаар эргээд уран бүтээл минь ундарч байна.
–Их хэвлүүхэн эгдүүтэй хүү шүү. Хүүхэдтэй ажиллах таны хувьд хэр хүндрэлтэй байв?
-Хүүхэдтэй ажиллах их хэцүү юм билээ. Найз шиг, үеийнх нь юм шиг өөртэй нь тоглож, наадаж байж ойлголцолно. Ер нь сод авьяастан, хутагт хувилгаадыг олонд таниулж, авьяасыг нь хөгжүүлсэн хүн нь ихэвчлэн гэр бүл, ойр дотныхон нь байдаг. Тэднийг шүтэж, өөрт нь үнэмшүүлж өөрийг нь таниулдаг юм билээ. Б.Бат-Энэрэлийн хувьд ч ялгаагүй.
–Тайзан дээр хамт дуулахад эхлээд хэцүү байсан уу?
-Жаахан хүүхэд учир аянаасаа зөрнө, үгээ мартана гээд бэрхшээлтэй зүйл олон байсан. Одооноос л эвээ олж байна. Өнгөрсөн онд тоглолт бүрт дуулуулаагүй. Харин энэ жил олон газраас дуулуулаач гэсэн санал тавьж байна. Өвөрмонголоос гэхэд л өдөрт хоёр, гурван удаа залгах юм. Нөгөөдөр Өвөрмонголд очиж, хоёр газар дуулахаар болсон. Ирээд тоглолтынхоо бэлтгэлд орно гэсэн төвөвлөгөө гаргачихсан байна лээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: