МОНГОЛ УЛСЫН ГАДААД ВАЛЮТ ДОР ХАЯЖ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЭХ ЁСТОЙ
Ийнхүү эрчтэй доройтож байсан Монголын эдийн засаг тогтворжиж, өнгөрсөн онд 5.1 хувийн өсөлттэй гарсан. Манай улс ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд донор орнуудаас нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт авах учиртай. Тус хөтөлбөрийн хүрээнд улирал бүр орж ирэх 38 сая ам.доллар валютын нөөцийг нэмэгдүүлж буй. Одоогийн байдлаар гадаад валютын нөөц 3.2 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм. Үүнд мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.1 тэрбум ам.доллар болж өссөн нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Үр дүнд нь ам.долларын ханш бага багаар буурсаар байна. Оны эхэнд ам.долларын дундаж ханш 2425 төгрөгтэй тэнцэж байсан бол энэ сарын 14-нөөс эхлэн буурч, тав хоногийн дотор 30 төгрөгөөр суларч, 2395 төгрөгтэй тэнцэж байна. Харин он гарснаас хойш 380 төгрөгөөс буухгүй байсан юанийн ханш ийнхүү хоёрдугаар сарын дунд үеэс буурч эхэллээ.
Гадаад валютын улсын нөөц 400 сая ам.доллараар өсөв
2012 оны эцэст дөрвөн тэрбум ам.доллар байсан гадаад валютын улсын нөөц 2016 оны долдугаар сард 1.2 тэрбум ам.доллар болтлоо буурч, гадаад валютын цэвэр нөөц сөрөг утгатай болоод байв. Сүүлийн жил гаруй хугацаанд Монголбанк 680 сая ам.долларын өр төлбөрийг гадаад валютын улсын нөөцөөс төлж барагдуулаад буй. Тухайлбал, дотоодын арилжааны банкуудтай байгуулсан урт хугацаат своп хэлцлийн өр төлбөрийг цэвэр дүнгээр 160 сая ам.доллараар бууруулж, Засгийн газар, Хөгжлийн банкны гадаад зээлийн үйлчилгээний эргэн төлөлт, бондын хүүгийн төлбөрт 340 сая ам.доллар, Монголбанкны алтны урьдчилгаа санхүүжилтийн зээл, Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хүүгийн төлбөрт 180 сая ам.долларыг тус тус төлсөн. Түүнчлэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх зорилгоор нэг тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний гадаад валютыг дотоодын валютын захад нийлүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, сүүлийн жил гаруй хугацаанд нийт 1.7 тэрбум ам.долларын өр төлбөрийг Монголбанкнаас санхүүжүүлж, зах зээлд нийлүүлсний дараа гадаад валютын нөөц 400 сая ам.доллараар нэмэгдэж, 1.6 тэрбум ам.долларт хүрсэн юм. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд тохирсон тодорхойлолтоор гадаад валютын цэвэр нөөц өнгөрсөн нэг жилийн хугацаанд 760 сая ам.доллараар сайжирчээ.
Энэ нь гадаад валютын нөөцийг сэргээх чиглэлд авсан дараах арга хэмжээний үр дүн аж. Нэгдүгээрт, Монголбанкны гадаад зах зээлээс татан төвлөрүүлсэн өртөг өндөр, хугацаа богино, алтаар эргүүлэн төлөх нөхцөлтэй өмнө нь авсан зээлийг 2016 онд багтаан бүрэн төлж барагдуулсан. Ингэснээр 2017 оноос эхлэн дотоодын алт олборлогч аж ахуйн нэгж, иргэдийн Монголбанкинд тушаасан алт нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэв. Хоёрдугаарт, Монголбанкны алт худалдаж авах үнийг Лондонгийн үнэт металлын захын ханшаар, аливаа хямдруулалтгүйгээр худалдан авч эхэлсэн. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжийн Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 2017 оны эцсийн байдлаар 20.01 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс есөн хувиар өссөн. Гуравдугаарт, Хятадын Ардын банктай байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээг 2020 он хүртэл гурван жилээр сунгасан. Энэ нь богино хугацааны гадаад өр төлбөрийн дарамтыг бууруулж, гадаад валютын нөөц нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн юм.
Гадаад валютын нөөц бол улс орны тусгаар тогтнолын баталгаа, үндэсний баялгийн нэг хэсэг бөгөөд үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг хадгалах, хямралын үед улс орны эрсдэл даах чадварыг хангах, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэж тодорхойлдог. Хэдийгээр гадаад валютын нөөц 3.2 тэрбум ам.долларт хүрсэн ч энэ нь чамлалттай нөөц гэдгийг эдийн засагчид хэлж байна. Тухайлбал, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд гадаад валютын нөөцийг үндэсний импортын нэг жилийн хэрэгцээг хангах хэмжээнээс багагүй төвшинд байлгахаар заасан байдаг. 2017 онд Монгол Улсын импорт өмнөх оныхоос 29 хувь нэмэгдэж 4.3 тэрбум ам.долларт хүрсэн юм. Хэрэв энэ өсөлт 2018 онд хадгалагдана гэж үзвэл бид хамгийн багадаа 5.5 тэрбум ам.долларын гадаад валютын нөөц бүрдүүлж байж нэг жилийн хэрэгцээг хангах төвшинд хүрэх юм байна. Өөрөөр хэлбэл, одоогийн байгаа гадаад валютын нөөцийн хуримтлал нь богино хугацаанд үүсч болох эрсдэлийг даахуйц хэмжээнд хүрэлцээтэй боловч гадаад цочрол, дунд, урт хугацаанд үүсч болох бусад эрсдэлийг хааж чадахгүй гэнэ. Иймд гадаад валютын нөөцийг цаашид тасралтгүй нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай юм.
“Алт дилерийн хэрэг”-ийг мартаж болохгүй
Гадаад валютын нөөцөд халдсан “Алт дилерийн хэрэг” гэх аймшигт алдааг мартаж болохгүй. Одоогоос 20-иод жилийн өмнө тухайн үеийн төр засгийн нөлөө бүхий хүмүүс дилер гэх мөрийтэй тоглоом тоглосны гайгаар 100 орчим сая ам.доллар алдаж, барьцаанд нь 4.4 тонн алтаа тавиад туучихсан түүхтэй. Монголын ард түмний өмч болох тэр их алтыг шөнөжин онгоцоор зөөж гаргасан гэдэг. Сэжиг авхуулахгүйн тулд нууц байдалд хийсэн байдаг. Үүний уршигаар улсын сан хөмрөг хоосорч байв. Уг нь хүн ам цөөнтэй манай улсыг нэг хэсэгтээ элбэг аваад явчих их хэмжээний хөрөнгө байсан байгаа юм. Доктор профессор, зохиолч, сэтгүүлч Д.Цэмбэлийн 1998 онд эмхэтгэн хэвлүүлсэн “Алт дилер, Ардын банк. Мөнгө цагаан, нүд улаан” номонд “1991 оны аравдугаар сард Засгийн газар нэгэн хаалттай хуралдааныг яаравчлан хийлгэжээ. Уг хуралдааны протоколыг “Маш нууц” гэсэн зэрэглэлтэйгээр, эдүгээ ч чандлан нууцалсаар байна. Энэ бол дуулиант алт дилерийн хэрэг байв. Өчүүхэн хэсгээр нь импортыг санхүүжүүлж, ямар ч хүнд үед улс орноо нэг хэсэгтээ аваад явчихад элбэг хүрэлцэхүйц 100 сая шахам ам.долларыг ардчиллын толгой нь эргэсэн хэсэг бүлэг хүн дур мэдэн эцгийнхээ хөрөнгөөр туйлж сурсан айлын эрх жаалууд шиг дилер хэмээх нэг ёсны мөрийтэй тоглоомд алдчихжээ” гэсэн байдаг. Энэ бол бидний мартаж боломгүй том сургамж. Хэрэв энэ үеэс эхлэн гадаад валютынхаа нөөцийг тогтмол нэмэгдүүлж байсан бол өдийд ОУВС-гаас тусламж хүсээд явахгүй л байсан байх.
Өнөөдөр эдийн засаг уналтаас дайжиж, нэг алхам урагшилж байгаа үед гадаад валютаа нэмэгдүүлэхийн тулд тууштай бодлого шаардлагатай гэдгийг эдийн засагчид хэлдэг. Монгол Улсын гадаад өр 26 тэрбум ам.доллар, хувийн хэвшил 16 тэрбум ам.доллар, Засгийн газрын өр зургаан тэрбум ам.доллар, Төв банкны өр 1.9 тэрбум ам.доллар, арилжааны банкуудын өр 2.1 тэрбум ам.долларт хүрсэн. Эцэстээ энэ өрийг төлөх л учиртай. Өр төлбөрийн чөтгөрийн тойргоос ойрын хэдэн жилдээ гарахгүй бол манай улсын хөгжил доройтож, тусгаар тогтнолд аюул заналхийлнэ гэдгийг учир мэдэх хүмүүс сануулсаар байгаа. Иймд гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, дотоодын нөөц бололцоог бүрэн ашиглах ёстой гэдгийг тэд хэлж байгаа юм. Ингэхийн тулд томоохон ордуудаа ашиглах, эдийн засгийг төрөлжүүлэх, дэлхийд толгой цохих шинэ технологи нэвтрүүлэх улиг болсон зорилтоо ажил хэрэг болгох л хэрэгтэй.
У.ГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: