АМЕРИКИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХАРЬ ГАРАГИЙНХАНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАДАГ УУ?

АНУ-ын засгийн газар харь гарагийнхантай холбоо тогтоосон тухай материал үе үе нийтлэгддэг. Харин 1991 онд Женевийн одон орны хүрээлэнгийн захирал Р.Шнайдер өөрийн мэргэжил нэгт нөхөр Милтон Куперын үнэхээр итгэмээргүй баримтуудыг дурдсан «Нууц засгийн газар» гэдэг илтгэлийг олон нийтэд дэлгэжээ.
Купер илтгэлдээ 1947-1952 онд Америкийн нутаг дэвсгэрт харь гарагийн 5 орчим тооны хөлөг газардсан талаар бичжээ. Тэдгээрийн зарим нь сүйрч, нөгөө хэсэг нь ослын буулт хийсэн бөгөөд харийн хүний 65 цогцос, нэг амьд биет америкчуудын гарт орсон байна.
Нью-Мексико муж улсад хоёр аппарат газардсан тухай баримт байдаг. Эдгээр аппарат нь сүйрсэн байдалтай олджээ. Эхнийх нь 1948 оны хоёрдугаар сарын 13-нд Ацтек орчмын өндөр уулын тэгш өндөрлөг газарт, нөгөөх нь мөн оны гуравдугаар сарын 25-нд Нарт хавцалд олдсон байна. Харь гарагийнхны хоёр дахь багийнхан аврах баг эсвэл эхний хөлөгтэй юу тохиолдсоныг олж илрүүлэхээр нисч ирсэн байж магадгүй гэж таамаглаж байжээ. Хоёр дахь хөлөгт харийнхны 17 цогцос байжээ. Энэ үйл явдлын талаарх баримт «Маш нууц» зэрэглэлийн материалуудад хадгалагдаж байгаа гэнэ.
1947 оны эцсээр Америкт нэлээд хэдэн «нисдэг таваг» газардсаны дараа тухайн үед Засгийн газрыг тэргүүлж байсан Гарри Трумэн бүрэлдэхүүнд нь нэртэй эрдэмтэд багтсан «Сайн төсөл», «Граж төсөл» гэдэг тусгай багуудыг байгуулж байжээ. «Граж төсөл» нь улс төрийн зорилгоор харь гарагийнхны тухай жирийн иргэдэд ойлгуулахын тулд хуурамч мэдээлэл тарааж байв.
1952 оны арваннэгдүгээр сарын 4-нд ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний аюулгүй байдлын нууц удирдах газрыг /ҮАБНУГ/ байгуулжээ. «Сигма» гэж нэрлэсэн энэ төслийн гол зорилго нь харийнхантай холбоо тогтоох байсан бөгөөд ҮАБНУГ нь тэдний холбоог барьж авахын тулд дэлхийн бүх радио холбоог чагнаж байв. Түүнээс гадна тус байгууллагын ажилтнууд харийнхны талаарх мэдээллүүдийг алдахгүй байх үүрэгтэй байжээ. Трумэн харь гарагийнхны асуудлыг яг л буухай шиг дараагийн ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэрт шилжүүлэн өгсөн байна. Түүнийг засгийн эрхэнд байх хугацаанд харь гарагийн хөлгүүд манай гараг дээр сүйрсээр байжээ.
Энэ хугацаанд сүйрлээс амьд үлдсэн нэлээд хэдэн харийнхныг олзолсон байна. Эйзенхауэр болон Олон улсын харилцааны асуудал хариуцсан зөвлөлийн гишүүн Нельсон Рокфеллер нар харь гарагийнхныг ажиглахаар нууц байгууллага байгуулжээ. Уг байгууллагыг Дийлэнх-12 /Д-12/ гэж нэрлэдэг байв. Харин 1954 онд өөр ертөнцийнхөнтэй анх удаа албан ёсоор холбоо тогтоожээ. «Нисдэг тавгаараа» Холломэн цэргийн баазад ирсэн хүнтэй төстэй харийнхан Америкийн Засгийн газарт хэлэлцээ хийх санал тавьсан байна. Тэд Орион одны ордоос нисч ирсэн бөгөөд төрөлх гараг нь экологийн тэнцвэр алдагдсаны улмаас мөхөж байгаа талаар ярьсан гэнэ. Тэдэнд амьдрах орон зай хэрэгтэй байсан аж. Харийнхны газардсан хоёр дахь газар бол Эдвардс бааз гэнэ. Тэнд Эйзенхауэр биечлэн очиж, харийн гийчидтэй гэрээ байгуулжээ. Гэрээнд харийнхны талаас дэлхийн нэрээр бол «Крилл» гэдэг элчин сайд гарын үсэг зурсан гэнэ. Тэдэнтэй байгуулсан гэрээний үндсэн болзол нь нэг нэгийнхээ хэрэгт оролцохгүй байх юм. АНУ харийнхныг дэлхий дээр байх хугацаанд нь нууцлах үүрэг хүлээжээ. Бас нягт хамтран ажиллах заалтуудыг даган мөрдөж байв. Гэрээнд тэргүүний технологиудаа солилцох, бие биеийнхээ бие организмд биологийн судалгаа хийх боломж олгох талаар тусгасан аж.
Ямар нэгэн хор хөнөөл учруулахгүйгээр дараа нь бүх зүйлийг мартуулах болзолтойгоор дэлхийн хүмүүсийг хэсэг хугацаанд авч явахыг /хулгайлах/ харийханд зөвшөөрсөн байна. Ийм гэрээ байгуулсантай холбогдуулан түүний болзлуудыг хангах зорилгоор бүх л бүтэн систем байгуулжээ. Колорадод харь гарагийн объектуудын аюулгүй байдлыг хангах асуудал хариуцсан үндэсний тагнуулын газар байгуулагдсан байна. Америкчууд «Редлайт» гэдэг төслөөр харийнхны нисдэг аппаратыг эзэмшсэн бол харин энэ ажиллагааг энгийн технологиор бүтээсэн аппаратуудыг олон нийтэд үзүүлэх «Сноуберд» гэдэг төслөөр халхалж байжээ. Газар дор хоргодох байгууламж нэрээр харийнханд зориулсан нууц бааз байгуулсан байна. Энэ бүх ажлыг Д-12 байгууллага хариуцаж хийсэн бөгөөд М.Куперын хэлснээр, энэ бүх ажиллагааг одоо ч явуулж байгаа гэнэ. Харь гарагийнхны ачаар АНУ сансрыг эзэмших асар том хөтөлбөр хэрэгжүүлэхэд дөхөм болох технологийг эзэмшсэн байна. Гэхдээ харийнхан зөвхөн өөрсдөд нь ашигтай нөхцөлд л дэлхийн хүмүүст тусалж байжээ. Харин эсрэг тохиолдолд тэд өөрсдийн ашиг сонирхлынхоо төлөө түрэмгий авир гаргаж байсан аж. Гэрээнд тусгагдсан контакт /харилцаа/ өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа гэнэ.
Гэхдээ энэ бүх дуулиан тарьсан баримтуудыг нотлох гэрчүүд байхгүй юм. 2001 онд Милтон Купер нас нөгчсөн бөгөөд мэдээллийг шалгах, мөн түүний ашигласан эх сурвалжийг олж тогтоох боломжгүй. Тэгэхээр орионцчууд дэлхий рүү довтлох гэж байгаа тухай ярих нь эрт байна.
Д.Жаргал


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих