Байгалийн бас нэг “бүтээл”
Нийслэлчүүдийг аз жаргалтай байлгахын төлөө сунайж хэвтэхийн оронд сунаж мөргөх шахан яваа хотын Ерөнхий менежерийг харахаар өрөвдөж, халагламаар ч юм шиг. Эс бөгөөс сүсэгтэн ард түмний сэтгэл зүйд “зул” асааж, хийсэн гэмээ цайруулах гэсэн өрөвдөлтэй үйлдэл мэт. Магадгүй хүний их эмч мэргэжлийг улс төр судлаачтай хутгаж, удирдахуйн ухаанаар чимсэнээр онол практик холилдож ийм үр дүнд хүргэсэн ч байж мэдэх юм.
Хэд хэдэн мэргэжил эзэмшсэн Т.Гантөмөр 1982 онд Сүхбаатар аймгийн Хилийн цэргийн 0146-р ангид Хүний их эмчээр ажлын гараагаа эхэлж байжээ. 1992-2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдон ажилласан туршлагатан. Баянзүрх дүүргийн Засаг дарга, Ерөнхий сайдын зөвлөх, нийслэлийн МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байсан арвин намтартай нэгэн.
Хот дүүргүүдээс бүрддэг тул түүнийг нийслэлийн Ерөнхий менежерээр томилогдоход олон хүн талархаж байлаа. Гэвч байгалийн гамшиг “далладаг” нэгэн гэлтэй тамгаа гардаад удаагүй байтал үер болов. Тодруулбал, нийслэлийн Захирагчийн ажлын албаны түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод удаагүй буюу 2016 оны долдугаар сард 28-нд дуу цахилгаантай хүчтэй аадар бороо орж, 38 орчим минут үргэлжилсэн уг борооны улмаас хот бүхэлдээ усанд автсан. Тэр дундаа өөрийнх нь Засаглаж байсан Баянзүрх дүүрэгт үерийн гамшиг нүүрлэв. Дарь-Эх, Баянзүрх дүүргийн I хорооны уулзвар, XV хороо, 84 дүгээр сургуулийн орчим, “Цэцэгжүүлэлт” компани, “Эко” хороолол гээд 5-6 газар үерт автсан юм. Тэр дундаа “Бөхийн өргөө”-ний урд талын хороолол дундах 250 метр, Нарны гүүрийн зүүн талын 150 метр, Буян хувьцаат компанийн зүүн талын автозамууд нэг метр 50 см гүнзгий усанд автсан. Мөн тэр хавийн байшингуудын подволь усанд автаж, иргэд хохирол амссан юм.
Мэдээж хэлж ирдэггүй хийсч ирдэг гай гэж бий. Удалгүй өвөл болж цас оров. Хотын даргатай хамт хуруу даран цас тоолж суусан хүн бол Ерөнхий менежер. Тиймдээ ч тэрбээр сэтгүүлчдийн асуултад “Байгалийг би байтугай нь зохицуулж чадахгүй, миний дүү. Би хэлж байна шүү. Э.Бат-Үүлийн үед их цас орж байсан, одоо тэрнээс их цас орж байна. Тэгвэл өнөөдөр зөвхөн эхний өвлийн эхний сард их цас орж байна. Та нар энэ талаас нь яагаад мэдээлж болдоггүй юм” хэмээн хээвнэг хэлж суусан юм даг. Тэр бүү хэл, нийслэлийн халтиргаа гулгаанаас болж иргэд бэртэж гэмтэж байна, давс, бодисоо хэрхэн нөөцөлсөн талаар лавлахад “Атга давсаа хаагуур цацахаа бид мэднэ” гэж даахалзаж билээ.
Үүнээс хойш хотын Ерөнхий менежерээс цасны тоо, давсны хэмжээ асуухаа больсон юм. Мань хүн ч тоогоо алдаа биз. Байгалийн гамшиг хойно яалтай гээд хойш тавьсан гэхэд ч болох юм даг уу. Түүнээс хойш энэ эрхмийг харьяа газруудынхаа ажил байдалтай танилцаж байгаагаар л харах болж. Гэтэл хөөрхий битүүний өдөр Манба дацан хийдэд очиж, Гүсэн түгийн мандал өргөж яваагаа хэвлэлийнхээ албаар дамжуулан ихэд сурталчилна билээ. Түүний энэ үйлдэл ирэх цагийн сайн сайхан бүхнийг нийслэлийн иргэддээ ерөөн, ирж буй жилдээ хийх аливаа үйл хэрэг, ажил үйлсийг нь даатгаж байгаа үйл юм гэсэн. Аштай юу, одоо л аз жаргалтай амьдрах эхлэл тавигдаж байгаа нь тэр юм даг уу. Ээ халаг гэж.
“НИЙГМИЙН ШУУДАН” сонин
URL: