Ард түмнээ архиар угжигсдыг төрд байлгамааргүй байна
Хэвлэл мэдээллийнхнээс байнга зайгаа авдаг Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга сүүлийн үед улс төрд байнга шуугиан тарих болсон. Хэвлэлд өгсөн ярилцлагаасаа бол Засгийн газрын хуралдаан дээр банга хүртсэн сайд Ардчилсан намын хамгийн хүчтэй фракц болох МоАХ-г тэргүүлдгийг монголчууд мэднэ. 12 сард хуралдахаар товлосон Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар Х.Баттулгатай нилээн олон нөхөд нь яс үзэж магадгүй дүр төрх үүсчээ.
Тэрээр засгаа шүүмжлэхийн зэрэгцээ УИХ-д архи, тамхины бизнес эрхэлдэг нөхөд дэвшихгүй байх хуулийн төсөл санаачлаад өргөн барьсан. Даанч нэлээн чамбай судалгаатай хуулийн төслийг нь Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэхгүй унагаад хаячихсанд Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд ихээхэн бухимдсан сураг дуулдсан.
Эрхэм сайдын өргөн барьсан хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд шулуухан эсэргүүцэж байгаагаас гадна УИХ-ын дэд дарга Г.Батхүү АПУ гэсэн том архины үйлдвэртэй юм чинь яаж дэмжигдэх вэ дээ гэсэн яриа Төрийн ордноор хэсүүчлэх болсон. Угаас АН дотор архины бизнес эрхэлдэг нөхөд цөөнгүй бий.
Тиймээс тэдний бизнесээр бойкотолж төрд орох эрхийг нь хаах гэж байгаа Х.Баттулгын төсөл таалагдахгүй нь ойлгомжтой. Гэхдээ эхэлсэн л бол эцсийг нь үздэг зантай сайдын хувьд тийм ч амар хуулийнхаа төслийг татчихья гэсэн санаа байхгүй гэдэг нь тодорхой. Хүний сонгох, сонгогдох эрхэнд халдлаа. Хувийн бизнес рүү өнгийлөө гэж уурлах гишүүдийн бачимдлыг бизнест удсан нөхөр тооцсон нь дамжиггүй. Автомашины татварын хууль хэлэлцэж байгаа мөчүүдэд архиар ард түмнээ угжигсдыг төрөөс жийх Халтмаагийн хүүгийн төсөл хэл ам дагуулж, намын нөхдийг нь шазуураа зуухад хүргэж байна.
URL: