Ний нуугүй хэлэхэд энэ төсөв миний санаанд хүрээгүй
Энэ удаа Н.Алтанхуягтай уулзаж ярилцлаа.
-Сонгуулийн тухай хууль нэлээд хэл амтай байсан ч хоёр нам зөвшилцөлд хүрсэн. Энэ долоо хоногтоо батлагдчих байх. АН-ын зүгээс санасан, хүсэн хүлээсэн үр дүнд хүсэн хууль болж чадсан уу?
-Аль нэг намын хүссэн үр дүн гарахгүй. Зүгээр намуудын ойлголцлын үндсэн дээр зөвшөөрсөн үр дүн л гарах шинжтэй байгаа. Угаасаа тэр чиглэлийн төлөө ажиллаж байна. АН-ын хүсэл гэвэл 26 тойргоос нэг нэгийг сонгоод 50-ийг пропорциналиар явуулъя гэсэн ш дээ. Тэр явахгүй нь тодорхой болсон. Одоо 48:28 гэсэн тоон дээр л яриад явж байна. Гэхдээ бид тоо гэхээсээ хамгийн гол нь сонгуулиа шударга явуулах бломж нөхцөлийн чиглэлийн санал, заалтуудыг түлхүү орууулж байгаа. Энэний үр дүн гарах байх аа.
-Засгийн газар томоохон төсөв хөтөлбөрүүдийг баталж гаргаад л байдаг. Гэвч гарсан хөтөблөр төслүүд нь санхүүжилтгүй гэсэн шалтгаанаар удааширалтай, бүтэл муутай байдаг гэх шүүмжлэл бий. Энэ ямар учиртай юм бэ. Хөрөнгө санхүүжилтийг хаанаас бүрдүүлж ажлаа урагшлуулах ёстой юм бол?
-Энэ асудлаар тодорхой төслийн хүрээнд ярих ёстой л доо. Түүнээс биш Засгийн газраас гарсан төсөл бүхэн мөнгөгүй болоод зогсдог гэвэл худлаа. Сүүлийн үед зарим төслүүд дээр мөнгөний хэрэгцээ үүсээд байнаа гэдэг чинь Монгол Улс урд хожид байгаагүй их хэмжээний маш том хөрөнгө оруулатыг хийж байгаатай холбоотой. Төмөр зам, станц, байшин, зам барина л гэдэг. Маш их хэмжээний, бид нарын хувьд урд хожид чихэндээ сонсож байгаагүй хэдэн их наяд бүхий хөрөнгө оруулалт тоо яригдаж байгаа учраас манайхан асуудлыг шийдэх арга зам болгож Хөгжлийн банк байгуулсан юм. УИХ, Хөгжлийн банкаараа дамжуулж хэрэгцээт мөнгийг босгох ажил эхлээд явж байна. Мэдээж банк байгуулагдангуут маргааш нь мөнгө нь бий болчихно гэж байхгүй. Түүнчлэн төслүүдийн хувьд дутуу хөтүү юм юу байдаг юм бэ гэхээр техник эдийн засгийн үндэслэл нь дутуу байдаг юм. ТЭЗҮ нь хийгдээгүй юманд хэнбугай хаанаас ч мөнгө өгдөггүй байх жишээтэй асуудлууд байгаа учраас яг л журмаараа л явж байгаа юм. Бодит байдал дээр Монголд их хэмжээний мөнгө шаардагдаж буй нь үнэн.
-Ингэхэд Сайншандын аж үйлдвэрийн паркын асуудал ямар шатандаа байгаа вэ?
-Сайншандын аж үйлдвэрийн паркын асуудал дээр бид юу барих вэ гэдэг ч юм уу хүслийн жагсаалтаа биччихээд сууж байгаа шүү дээ. За одоо нүүрсээ кокс болгоно, газрын тосоо аваачиж бензин болгоно, төмөрөө хайлуулж ган болгоно гээд баахан хүслийн жагсаалт биччихсэн. Тэгээд Америкийн нэг компанийг зөвлөх компаниар шалгаруулсан. Одоо зөвлөх компани маань газар дээр нь очиж судалгаа хийж байгаа. Дээр нь энд яг ямар үйлдвэр барих нь зүйтэй вэ гэдэг дээр гол саналаа өгөх юм. Зөвлөх компанийн дүгнэлт ирэх хоёр, гуравдугаар сараас бэлэн болно. Тэр үед нь бид ийм ийм үйлдвэрүүдийг барьж болох юм байна гээд ажлаа эхэлнэ дээ.
-Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаа нэр бүхийсайд нарыг Засгийн газрын хуралдааны үеэр дээр ажлаа сайн дураараа өгч, засгаас гар гэж шахсан гэсэн?
-Мэдэхгүй ээ, бид нар засаг дээр тийм юм ярьдаггүй, ажлаа л ярьдаг.
-Танай нам “Архигүй Монгол хүн” дэд хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Ингэхэд Х.Баттулга сайдын өргөн барьсан хуулийн төсөлтэй танилцсан уу. Уг нь УИХ дахь эрх ашгийн сонирхлыг хязгаарлахаар давгүй төсөл шиг санагдсан?
-Мэдэхгүй, би олж үзээгүй.
-Таны эрхэлдэг асуудын нэг нь чөлөөт бүс. Чөлөөт бүсийн ажил асуудал хэтэрхий удааширалтай байгаа гэх шүүмжлэлийн хариуд юу хэлэх вэ?
-Харин ёстой хурдасч байгаа ш дээ. Уддаг гэж 2003 оноос л ярьсан. 2003 оноос ярьж байгуулсан гэхээр найман жил болсон байгаа биз. Найман жил болсон гэдэг утгаараа ажил удаашралтай байгаа нь үнэн. Гэхдээ сүүлийн гурван жилд Замын-Үүд, ялангуяа Алтанбулаг дээр ажил урагшилж байгаа. Энэ жил Алтанбулаг дээр 17 тэрбум төгрөг төсөвлөсөн. Дараа жилийн намар болоход Алтанбулаг хөдөлгөөнд орчихно. Өөрөөр хэлбэл ажиллаж эхэлнээ гэсэн үг. Яагаад удаад байсан юм бэ гэвэл жилийн жилд хоёрын хооронд 200 сая төгрөг тавьдаг байсан юм билээ. Чөлөөт бүс гэдэг их том мөнгө тавьж, том бүтээн байгуулалт хийж байж босох эд байхгүй юу. Одоо 17 тэрбум төгрөг тавьчихсан болохоор Алтанбулгийнхаа газар доогуур явдаг ус, бохир гэхчлэн дэд бүтцийн асуудлаа шийдчихнэ. Дэд бүтцийн асуудлаа шийдчихээр хувийн хэвшлийнхэн өөрсдөө юмаа бариад эхэлчихнэ.
Замын-Үүдийн тухайд ганц хашаа хатгаад л таван жил болчихсон газар ш дээ. Одоо тэр ганц хашаан дотор нь ганц байшин л байгаа. Бид Замын-Үүдийг хөдөлгөөнд оруулахын тулд Хятадаас авсан 300 сая ам.долларын зээлийн 31 сая ам.долларыг яг тэр хашаан дотор оруулж байгаа. Тодруулбал дэд бүтцийг нь барьж эхэлнээ гэсэн үг. Гэхдээ энэ мөнгө бүх асуудлыг шийдэхэд багадна. Асуудлын зөвхөн гуравны нэгийг л зохицуулахад хүрэх мөнгө гээд ойлгочих. Ямартай ч эхний ээлжинд Хятадын компани шалгарч зураг төслийг нь хийгээд эхэлчихсэн. Хавраас зарим ажлууд нь эхэлнэ. Хэрвээ газар доорх дэд бүтцийг нь байгуулчих юм бол тэр газар их үнэд хүрнэ. Тэгээд тэр газруудаа тодорхой хэмжээгээр зарж эсвэл түрээслэхэд бэлэн нойль, халуун хүйтэн ус, дулаан, цахилгаантай газар үнэд хүрэх нь тодорхой. Түрээслэж олсон мөнгөөрөө төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалтаа хийнэ. Өөрөөр хэлбэл үлдсэн гуравны хоёртоо хөрөнгө оруулалт хийнэ гэсэн төсөөлөлтэй байна. Ер нь хоосон хашаа гэж яригдахаа болино. Өнөөдөр Замын-Үүд дээр очвол нэг хашаа, нэг байшин л байгаа. Өөр юм байхгүй нь үнэн. Харин Алтанбулагт овоо юмнууд хийгдчихсэн шүү.
-Түүнээс гадна сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотыг хэдээр тогтоох вэ гэж яригдаад байгаа. Энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-УИХ дахь хоёр нам 20 хувийн квот тогтооё гэж яриад, дэмжээд л явж байна.
-Намын зүгээс бүсгүйчүүддээ ямар дэмжлэг үзүүлэх вэ?
-Намын зүгээс ч гэсэн Сонгуулийн хууль яаж батлагдах нь вэ тэр жишгийг л харна даа.
-Эмэгтэйчүүд 48,28-ын аль алин дээр эмэгтэйчүүдэд 20 хувийн квот огох ёстойгээд байгаа шүү дээ?
-Аль аль нь гэж юу байхав 76-гийн 20-ыг л гэж ярина ш дээ.15-16 хүний л асуудал.
-Багш нар цалин нэмэх хугацааг наашлуул гэсэн тэмцлээ үргэллүүлнэ гээд байгаа. Энэ тохиолдолд яах ёстой вэ. Ямар гарц байна вэ?
-Мэдэхгүй, салбарын сайдаас нь л асуух хэрэгтэй. Асуугаад ярих хэрэгтэй.
-УИХ-ын хувьд 2008 оны сонгуулийн дараа цалинг нэмэгдүүлнэ гэж амласан ч одоо 10 сараас цалин нэмнэ гэхээр энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд амжихгүй болчих юм биш үү?
-Цалин нэмэх саналыг Засгийн газар хоёр удаа оруулж, УИХ баталчихлаа. Гэхдээ бид нар нэг юмыг их зөв хийх ёстой. Монголд цалин нэмэх сургаар бүх юмны үнэ нэмэгддэг уламжлалтай болчихсон. Тиймээс засаг өнөөдөр цалин нэмнэ ч гэдэг юм уу ил зарлахаа болих ёстой. Тэр үед л хүмүүст өгсөн мөнгө мөнгө шиг мөнгө болно. Тэгэхгүй сар өдрөө зарлаж байгаад өгөхөөр юмны үнэ нэмэгдчихээд байна. Өгсөн өгөөгүйн ялгаа байхгүй болчихоод байна. Тиймдээ ч цалинг нэмэгдүүлэхийн хажуугаар юмны үнийг хазаарлах бодлого зохистойгоор барих хэрэгтэй байгаа юм. Харин бид энэ бодлогыг хэрэгжүүлж чадахгүй байна.
-Багш нарын яриад байгаа асуудлыг сайдуудын багцын хүрээнд шийдвэрлэх боломжгүй юм уу?
-Байхгүй ш дээ. Тийм их мөнгө гэнэтхэн нэг сайдын багцанд гарна гэж байхгүй. Тийм учраас л сууж ярих хэрэгтэй гээд байгаа юм. Ер нь бол яг юу болоод байгааг би сайн мэдэхгүй байна.
-Төсөв батлагдлаа. Сонгуулийн шоуны төсөв гэж гоочлуулж байсан ч цаг хугацааны хувьд хүлээх, засч залруулах боломж байсангүй. Таныхаар энэ төсөв ямар төсөв болов доо?
-Хэцүү ш дээ. Мэдээж сонгуулийн жил юм чинь сонгуультай холбоотой л төсөв байгаа. Нууц биш шүү дээ. Урд урдах жилүүдээс сайн, ер нь л сайн төсөв хийе гэвэл сайн танах хэрэгтэй. Арвилан хэмнэдэг, хэрэггүй юманд хөрөнгө оруулдаггүй байх ёстой. Ний нуугүй хэлэхэд энэ төсөв миний санаанд хүрээгүй. Гээд одоо яахав дээ, нэгэнт сонгууль болох гэж байхад төсөвгүй суултай нь биш гээд л төсвөө баталлаа.
-Хамтарсан засгийн бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна. Одоо эргээд харахад хамтарсан Засгийн газар байгуулсны сайн ба муу тал гэвэл та юу хэлэх вэ?
-Хүмүүсээс л асуух хэрэгтэй.
-Та гал тогоонд нь ажиллаж байгаа учраас асууж байна л даа?
-Дотор нь сууж байгаа хүний хувьд хэрэлдэж, нэг нэгнээ дэгээдэж унагааж байснаас хавьгүй дээр юм байна л гэж өнгөрсөн гурван жилийг харж байна. Өмнө нь би нэг жил хамтарсан Засгийн ажиллаж байсан ш дээ. Тэр үед жаахан хэл амтай л байсан. Тэгээд яахав дээ, бид одоо сурч байна. Хоёр удаа хамтарсан Засгийн газар байгууллаа. Эхнийхээ Засгийн газрын тухайд нэг жил болоод л хэрэлдэж салсан. Харин энэ удаа хоёр толгой, жижиг, дунд үйлдвэрлэлийн тал дээр юм хийе гэж хийх зүйлээ ярьж тохирчихсон байсан учраас овоо тогтуун гурван жил гаруй явчихлаа. Нөгөөтэйгүүр өмнө нь салж хагацаж байсан практикаасаа аль аль нам нь их юм сурч дээ л гэж бодож байгаа.
-Таныг эзгүйд АН-ынхан Н.Алтанхуягаа авч хаяхаар хор найруулж эхэллээ гэх шум түгсэн?
-Би юу хэлэхэв дээ. Хэлсэн хүмүүсээс нь асуухгүй юу. Би л лав тийм юм ярьж, хэлээгүй.
-Монголын улстөрд удамших шинж тэмдэг илрэх боллоо. Хаан ширээ залгамжилж байгаа мэт авирлах нь арай л хэтийдээд байх шиг. Хувь хүний хувьд та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-За даа мэдэхгүй юм. Залуу хүн өөрөө зүтгээд гараад ирвэл чи тэрний хүүхэд юм чинь болохгүй гээд байж болохгүй байх. Зүгээр угсаа залгамжлуулна гэдэг зүйл байхгүй. Би энэ байдлыг шал өөрөөр харж байгаа шүү. Улстөрч хүний хүүхэд улстөрч болоод явбал явна л биз. Харин хөрөнгөтэй хүний хүүхэд мөнгөөр далайлгаж, мөнгөөр зодож, улстөр хийх хандлага давамгайлж байгаад би эмзэглэдэг. Түүнээс биш улстөрд ардын хүүхэд чадлаараа гараад ирвэл аав, ээж нь юу хийдэг байсан нь ямар хамаа байхав. Гэхдээ сүүлийн үед мөнгөөр зодож улстөр хийх, улстөрд орох буруу хандлага ажиглагдаж байна. Хэдийгээр хамтраад явж байгаа ч ийм асуудал Ардын намын зарим залуучууд дээр их ажиглагдах болсон. Нууц биш шүү дээ. Бүх хүн л хэлж байна. Их буруу хандлага залуусын дунд бий болж байна. Миний хувьд би намынхаа залуусыг амихандаа дэмжихийг хичээдэг. Гэхдээ дэмжих дэмжлэг багатай л дээ.
Сэтгэл зүрхнийхээ дэмжлэгээр л дэмжих юм. Тэгээд ч мөнгөний төлөө Ардчилсан намд ордог залуу бараг байхгүй. Яагаад гэвэл нэгд, засагт олигтой байсангүй, засгийн эрхийг олон жил барьсангүй. Тэгэхээр гудамжинд явж байсан энэ нөхөдтэй нийлээд яах юм бэ гэж бодноо доо. Тэр ч утгаараа манай намд орж байгаа залуусыг сэтгэл зүрхний дуудлагаараа орж ирдэг юм болов уу гэж хардаг. Хоёрт, АН-д албан тушаалын төлөө ордоггүй юм байна билээ. Манайд хуваарилах албан тушаал байхгүй. Тэгээд ч хамтарсан засагт орсон нь албан тушаал хуваарилна гэсэн үг биш. Тиймээс АН руу тэмүүлж буй залуучуудын хүсэл тэмүүлэл арай өөр юман дээр суурилдаг юм байна гэж би ойлгосон. Тийм учраас боломж л гарвал залуучуудаа дэмжчихсэн гэж боддог юм.
URL: