Киев хотын Номын сангаас байнгын үйлчлүүлэгч эмээд уншлагын булан тохижуулж өгчээ
Бусдад тус хүргэхэд заавал гавьяа байгуулах шаардлага үгүй. Заримдаа эргэн тойронд юу болж байгааг анхааралтай ажиглан, олж харснаа бусадтай хуваалцаж, тусламж хүсэхэд л хангалттай байх үе бий…
Энэ явдал Украин улсын Киев хотод болсон байна. Фэйсбүкийн нэгэн хэрэглэгч хотын нэгэн худалдааны төвийн номын тасагт ном уншиж зогсох эмээгийн зургийг нүүр номын хуудсандаа байрлуулжээ. Зургийг хальт харахад онцын гойд гэхээр юм үгүй… Гагцхүү олон хүний сэтгэлийг хөдөлгөм түүх цаана нь бий. Учир нь, зурган дээрх эмээ худалдааны төвд сүүлийн 15 жилийн турш… зөвхөн ном унших л гэж ирж байгаа гэнэ. Унших дуртай эмээг таньсан хүмүүсийн үлдээсэн комментоос сонирхуулбал:
- Энэ настай эмэгтэй 15 жилийн өмнөөс Ашан худалдааны төвд ном унших гэж ирдэг болсон. Энэ хугацаанд тус худалдааны төв нь нэрээ гурвантаа сольчихоод байхад энэ эмэгтэй ирсээр л байгаа. Миний хувьд энэ эмэгтэй тус худалдааны төвийн нүүр царай гэхэд болно. Нэг удаа би түүнтэй хэдэн үг сольж үзэж билээ. “Та энд ойр ойрхон ирэх юм аа” гэхэд тэрээр “Гэрт хийх юм олдохгүй юм өө. Дээр нь амьдрал хэцүү байна аа, хүүхээ…” гэж хэлээд санаа нь зовсон уу яасан… барьж байсан номоо тавиур дээр буцааж тавиад яваад өгсөн. Араас нь хараад их өрөвдсөн шүү.
- Эмээг ном уншиж байгааг харахаар л хайр хүрээд байдаг юм. Ёстой мундаг эмээ!
- Мөрөөрөө, хөөрхөн эмээ. Нэг бус удаа таарч байсан. Хүнээс юм гуйж байгааг нь хэзээ ч хараагүй юм байна. Байнга л ганцаараа явж байх юм билээ, их өрөвдмөөр…
Хүмүүс эмээгийн зургийг шэйрлэх болсон байна. Тэгж байтал эмээг сайн таньж мэддэг хүмүүс ч эмээгийн түүхээс хуваалцажээ.
- Энэ эмээг Анастасия гэдэг. Хүндхэн амьдрал туулж яваа нэгэн. Нөхрийгөө амьд ахуйд өөрийгөө анхаардаг, хоёр хүүхдээ урлаг соёлын газруудаар тогтмол дагуулж явдаг хүн байсан. Нөхөр нь бурхан болсноос хойш амьдрал нь доройтож, үр хүүхэд нь ч эхийгээ анхаарахаа больсон. Хүү нь хэрэг төвөгт орооцолдох болж, охин нь ч буруу замаар орсон доо. Бид нэг ангид сурдаг байлаа.
Нүүр номын хэрэглэгчид эмээгийн хүнд амьдралд бус, харин түүний зогсоогоороо ном уншдагт нь ихээхэн эмзэглэсэн байна. Тэдний дийлэнх нь:
- Худалдааны төвийн захиргаанд Настя эмээгийн түүхийг ярьж өгч, түүнд сандал гаргаж өгөх хүсэлт гаргацгаая. Хөөрхий… ямар ном хулгайлаад, урж тасдаад, завааруулаад байх биш. Тэглээ гээд тэднээс (худалдааны төвөөс) хорогдчихгүй. Харин ч эмээ бөөн баяр болно доо… гэх мэт коммент үлдээж эхлэв.
Тэд Настя эмээд уншлагын булан тохижуулж өгөх тухай ч хэлэлцэж эхэлсэн байна:
- Эмээд жижгэвтэр ширээ, сандал тавьж өгөх хэрэгтэй. Номоо уншиж сууг. Худалдааны төвийн охид хүүхнүүд эмээг аяга цайгаар дайлж байна биз…
Аз болж эмээгийн зургийг өнөөх худалдааны төвийн захиргаа олж харсан байна. Тэд Настя эмээд зориулж гар доорх материалаар авсаархан гэгчийн уншлагын булан тохижуулж өгчээ. Одоохондоо Настя эмээ өнөөх буланг нь тойроод л яваад байгаа сурагтай… Гэхдээ нэг л өдөр тэрээр өөрт нь тусгайлан зассан зөөлөн буйдан дээр тухлан сууж, хүссэн номоо амтархан уншина байх…
Twizz.ru сайтаас тоймлон орчуулсан:
Ука Өлзийбат 2018-02-18
URL: