Үндсэн хуулийн хавар

olloo_mn_1421114779_vndsen-huuli-1-550x300

Ч.ҮЛ-ОЛДОХ

Цагаан сар болдгоороо болов. Гэлээ ч улс орны хувьд ч, улстөрчид хийгээд  ард түмний зүгээс ч ихээхэн  хүлээлттэй хавар эхэллээ. Учир нь  УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх  асуудлын жагсаалтад  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг  хэлэлцэхээр оруулсан. Дэд шүүхэд бүртгэлтэй улс төрийн бүх  нам  анхаарал хандуулж байгаа. МАХН гэхэд л Тавдугаар Үндсэн хууль ийм байвал  улс орноо босгож, ард иргэдээ амаржуулна  хэмээн шинэ төсөл боловсруулснаа орон даяар танилцуулж иргэдийн саналыг тусган Их чуулганаараа хэлэлцүүлж батлаад байна. Тус намын дарга Н.Энхбаярын хувьд   “Манай намын алсын хараа бол Шинэ дээд Үндсэн хууль. Үүнийгээ ард түмэнтэйгээ хамтран баталж, хэрэгжүүлэхийг уриалж байгаа юм. Энэ Үндсэн хууль батлагдсан цагаас Монгол хүн бүр байгалийн баялгийн эзэн болж, хүүхдээ сургуульд үнэгүй суралцуулан, ахмадаа үнэгүй эмчлүүлж, залуу гэр бүл орон сууцтай, шүүхийг хараат бус, сонгууль шударга болно гэх зэрэг бидний хүсэн хүлээж буй зүйлс амьдралд хэрэгжинэ” гэж тайлбарласан.

Мөн тэдний боловсруулсан хуулийн төсөл УИХ хоёр танхимтай байх  тогтолцоог  дэвшүүлж, монгол хүн төрийн хамгаалалтад байна, ардын хянан шалгах хороо байгуулна  гэсэн зорилтуудыг тусгаснаараа онцлог гэдгийг тус намынхан хэлж байгаа юм.

Ардын намын хувьд  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг  Зөвлөлдөх санал асуулгын далавчин дор  боловсруулснаа  одоо “нисгэх” л үлдсэн гэцгээж буй  ч тэр нь  батлагдах хүртэл  яаж “дэвэх”-ийг  таашгүй.  Магадгүй эрх баригч нам УИХ-д 65  суудалтай үнэмлэхүй олонхдоо  эрдэж хүчээр батлаад явахыг санаархаж байж мэднэ. Тэгвэл парламентад  суудалгүй  намуудын зүгээс “Улс төрийн бүх намын зөвшилцлөөр  шийдэх ёстой” гэсэн байр суурийг хатуу илэрхийлдэг.  Бас нэг зүйл нь “Буудлаа, буудлаа  гэвч  байгаа    оноо  ч уу, үгүй ч үү” гэгчээр Ардын намынхан 65-уулаа нэгэн цул байж чадах уу. 33, 32-ын бүлгээр талцвал, цаана нь АН-ын  есөн гишүүн алийг нь дэмжихээ хараад сууж байгаа.

Өмнөх туршлагаас үзвэл  манай  төр, засаг болохгүй бүтэхгүйгээ  үүнээс л боллоо хэмээн Үндсэн хууль руугаа чихдэг. Энэ удаа хямрал, доройтлоос  гарах гарц, гаргалгааг хайж эцэг хуульдаа өөрчлөлт оруулъя гэдгийг  дуу нэгтэй хэлж байгаа юм. Нөгөө талаас, улстөрчид, эрх  баригчдын буруутай үйлдлүүдэд хариуцлага нэхсэн иргэний хөдөлгөөн, ТББ-уудын зүгээс энэ хавар жагсаал, цуглаан, өлсгөлөн суулт  зарлаж тэмцэхээ  илэрхийлэх болов.  Эдгээр үндэслэлүүдийг авч үзэж  энэ удаа  олон сонирхлын  дундуур, түүнчлэн зөвшилцөл  хэлцэлд тулгуурлан  Үндсэн хуульд   ямар нэг  хэмжээгээр өөрчлөлт оруулах нь гарцаагүй гэдгийг улс төрийн хүрээнийхэн үзэж байгаа юм.Тэгэхээр ирж буй  цагийг Үндсэн хуулийн хавар ч гэж томъёолж болох юм.

Одоогоор Ардын намын санаачилгаар  УИХ, Засгийн газрын түвшинд томилогдож ажилласан Үндсэн хуулийг өөрчлөх Ажлын хэсгийн ахлагч, 1992 оны Үндсэн хуулийг батлагчдын нэг,  УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн хэлсэн  “Ямартай ч  хуулийн төслийг  УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр боллоо. Батлаад 2021 оноос мөрдөгдөх үү, эсвэл дараагийн парламентад даатгаж үлдээх үү гэдгийг одоогийн УИХ мэдэх хэрэг” гэх дугтуйтай үг  хоёрдмол утгаар олон нийтэд ойлгогдож байгаа. Гэхдээ олонх нь  Ардын намын эсвэл Ажлын хэсгийн байр суурь гэхээс илүү  зөвлөлдөх санал асуулга болон нэмэлт өөрчлөлтийн төслийг шүүмжлэгчдэд хаягласан гал унтраах  үг гэж  хүлээж авсан. Үнэндээ Зөвлөлдөх санал асуулгад оролцогчдыг санамсаргүй  түүврийн аргаар сонгосон  гэж байгаа ч  “сонгогдсон” хүмүүсийн хүрээнд, нэг талыг барьсан байдалд  “өөрчлөх үү, үгүй юу” гэж асуусан төдийхнөөр асуулга явуулсан гэдгийг  нэр бүхий эрхмүүд ч хэлсэн, хэвлэлүүд ч бичсэн. Тэр бүү хэл “ Зөвлөлдөх санал асуулга бол гадны захиалгаар хийсэн хулгай. Нэг нам доторх захиалгат бүлэглэл  Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй “ гэсэн  үг 1992 оны Үндсэн хууль батлагчдын амнаас  унасан. Тэд зүгээр нэг хэлчихээгүй байх.

Үндсэн хуулийг өөрчлөх асуудал олон жил яригдсан ч ажил хэрэг болж байгаагүй хуучин сэдэв. АН-ын зүгээс  өнгөрсөн хугацаад  хоёр ч  хувилбараар эсэргүүцлээ  илэрхийлж ирэв.  Эхнийх нь “Дордуулсан долоон өөрчлөлтөө буцааж 1992 оны Үндсэн хуулийг эхний байдалд нь оруулсны дараа нэмэлт өөрчлөлтийн тухай ярь” гэж шаарддаг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг ялалт байгуулснаас хойш  “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж  Ардчилсан  Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж, Ерөнхий сайдынхыг нэмэгдүүлэх гэж байгааг хэрхэвч зөвшөөрөхгүй” гэсэн байр суурийг түлхүү илэрхийлэх болсон. Гэтэл өөрсдөө З.Энхболдыг намын дарга,  УИХ-ын даргын албыг давхар хашиж  байх үед  ийм утгатай хуулийн төсөл оруулахаар зүтгүүлж  байсан удаатай.

Өнөөдөр  “Төрийн эрхийг ард түмэн барих ёстой болохоос  нэг  нам, эсвэл аль нэг архаг улстөрч, бизнесийн бүлэглэл барьдаггүй юм” гэсэн нийгмийн давалгаа, иргэний хөдөлгөөнүүдийн байр сууриас харвал ард  түмэн  төрийн эрхийг  ээлжилж, эсвэл хамтран барьж ирсэн МАН, АН-д төдийлөн итгэл үзүүлэхгүй. Тэдний аль нэг нь дийлэнх  олонх  буюу хүрд эргүүлэх бололцоотой байгаа  үед Үндсэн хуульд ямар нэг өөрчлөлт оруулах эрхийг тэдэнд өгөхгүй  нь тодорхой. Энэ тохиолдолд улс төрийн өөр нам, гуравдагч хүчинд найдаж түлхүүр атгуулах нөхцөл үүсч болзошгүйг ажиглагч, судлаачид хэлж байгаа юм.

Өөр нэг хувилбар нь Үндсэн хууль дахь   төрийн  бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн  заалт.  Энэ хаврын улс төр хэт халж, иргэний хөдөлгөөнүүд  аль нэг талд худалдагдахгүй  өмнөхөөсөө идэвхтэй бас цул  байх аваас УИХ-ыг  тарааж, Засгийн газрыг огцруулах шаардлага бодитой болж  ч мэдэх юм. Дээр нь Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр  дэвшиг­чидтэй холбоотой олон  тэрбумын асуудлыг сөхөж  зарим судлаачийн хэлж  байгаачлан сонгуулийг  хүчингүй  гэж үзэх аваас  ард түмэн төр, засгийн бүх эрх мэдлийг авч “Шилжилтийн Засгийн газар” байгуулах боломж үүсч мэдэх юм.

Олон сонирхлын  огтлолцол дээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл   энэ хаврын чуулганы  хэлэлцэх  асуудлын нэг болоод  байна. Мэдээж олон талаас нь хэлэлцэнэ, Жагсаал, суулт, тэмцэл, талцалтай хэлэлцүүлгийн эцэст  эцэг хуулиа, өөрчлөх үү, болих уу гэдгээ шийдэх нь. Өөрөөр хэлбэл, өөрчилнө, шинэчилнэ гэж байнга ярьдаг ээлжит сэдэв энэ удаагийн хаврын чуулган, М.Энхболдын даргалсан УИХ-ын үед хэрхэн өрнөж, яаж  дуусдаг  бол?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих