Архины хордлогын дуудлага 242 удаа иржээ
Нийслэлийн эрүүл мэндийн газар болон харьяа эрүүл мэндийн 26 байгууллага 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 17:30 цагаас 19-ний өдрийн 09:00 цаг хүртэл эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай үзүүллээ.
“Сар шинийн баярын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллах тухай” ЭМЯ-ны 1а/542 албан тоотын хэрэгжилтийг хангах зорилгоор “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2018 оны А/16 дугаар тушаалыг гаргаж, харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлсэн. Энэ дагуу эрүүл мэндийн байгууллагууд хариуцлагатай жижүүр томилж, сар шинийн баярын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардагдах эм, ороох боох материал, өвчтөний хоол, хүнсний нөөцийг ханган, аливаа аюул, осол, гамшгаас сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллалаа. Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн Мэс засал, Дотор, Хүүхэд, Шүдний кабинет, мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Шүд эрүү нүүрний төв баярын өдрүүдэд 10:00-16:00 цаг хүртэл ажилласан байна.
Сар шинийн баярын үеэр түргэн тусламжийн 3884 дуудлага, үүнээс хүүхдийн 440, насанд хүрэгсдийн 3444, осол гэмтлийн 589, архины хордлого 242, төрөх 131, бусад 2885 дуудлага авч үйлчиллээ.
Мөн ӨЭМТ-өөр 1726, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвөөр 64 хүнд тус, тус үйлчилсэн бөгөөд 2183 насанд хүрэгсэд,1212 хүүхэд хэвтэн эмчлүүлж, яаралтай тусламжийн тасгаар 2618 иргэн үйлчлүүллээ.
Нас баралт 8, үүнээс гэнэт нас барсан 2, өвчний учир 4, архины хордлого 2 байгаа бөгөөд эхийн эндэгдэл гараагүй байна.
Нийслэлийн түргэн тусламжийн төв болон дүүргийн салбаруудад 2018 оны 02 дугаар сарын 16-19-нийг хүртэлх хугацаанд нэмэлтээр 3 эмч, 3 автомашин ажиллуулсан буюу жирийн өдрүүдээс 13,5 хувиар нэмэгдүүлэн өдөр бүр нийт 43 эмч, 12 сувилагч, 43 тоноглогдсон автомашин үйлчилгээнд ажиллажээ.
Тухайн өдрүүдэд нийт 3576 дуудлага авч үйлчилсэн байгаа нь өмнөх оны мөн үеэс 24,6 хувиар нэмэгдсэн байна. Нийт дуудлагын өвчлөлөөр нь авч үзвэл, артерийн даралт ихдэлт, архитай холбоотой болон авто осол, зүрх судасны өвчлөлийн дуудлагууд зонхилж байлаа.
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн дуудлага 6,3 хувиар буурсан байна. Яаралтай дуудлагын 84,7 хувьд нь 20 минутын дотор үйлчилж, жирийн өдрүүдээс 20 минутын очилт 0,6 хувиар нэмэгдсэн байна.
Архидан согтуурсантай холбоотой дуудлага /гудамжны согтуу/ 6,6 хувиар нэмэгдсэн бөгөөд олон хүнийг хамарсан авто ослын 2 дуудлага гарсныг хүлээгдэлгүй, тусламжийг яаралтай үзүүлсэн.
Баяр амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад гарсан зөрчил дутагдалгүй, хэвийн ажилласан байна.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
URL: