Эм хоол биш шүү дээ, Монголчуудаа
“Моод монголоор дуусдаг” гэдэг үг халагдлаа хэмээн хашгирч өөрийн улсыг хөгжиж байна хэмээн баярлах хүн олон. Энэ нь хүмүүсийн байгаа байдлаас харагддаг.
Гэхдээ энэ үг хүмүүсийн амь настай холбоотой байдаг эм бэлдмэлийн тухайд үгүй бололтой. Учир нь гадны улс оронд хэрэглэгдэхээ больсон эм бэлдмэлүүд манай улсад хэрэглэгдсээр байгаа юм.
Зах зээлийн шуурганд амь зогоохын эрхэнд хүн бүр янз бүрийн ажил хийж байсан тэр үед хамгийн ашигтай бас эрсдэлтэй наймааны нэг нь эмийн бизнес байсан. Хэдийгээр Монгол Улсын үйлдвэрлэлд голлох үүрэгтэй салбар нь уул уурхайн салбар гэдэг ч боловсруулах салбарын дотор эмийн үйлдвэрлэл, мөн эмийн импорт цөөнгүй хувийг эзэлж байгаа юм. Монголчууд ч эмийг хоол хүнс мэт өргөн хэрэглэдэг болж.
Өргөн хэрэглэдэг гэсний учир нь эмийн сангуудын тоо борооны дараах мөөг шиг олширч тэд хамгийн их орлоготой байх болсноос тэр юм. Түүнчлэн хөдөө орон нутагт хангагдаж байгаа эм бэлдмэлүүдэд ямар нэгэн баталгаа байхгүй. Хотод эмийн сангууд хэт их төвлөрч эмийн бөөний төвүүд нь хөдөөгийн сумд руу эмийн хангалт хийдэг. Хотоос очсон эм хөдөө орон нутаг, суманд стандартад нийцсэн эмийн санд зарагдана гэж үгүй.
Төрөл бүрийн бараа зардаг сумын дэлгүүрийн нэг захад өнөөх эмчийн заавраар олгогддог эм хэвтэж байх нь олонтой. Эмийг Монголчууд ингэж л эмх замбараагүй хэрэглэж байна. Эмийн хэрэглээ ингэж эмх замбараагүй бизнес болж хувирсан нь нийгмийн байдалтай шууд холбоотой.
Ялангуяа ядуурал газар авч, амьдрах орчин муудсанаас хүн амын дундах өвчлөл нэмэгдэж эмийн эрэлт хэрэгцээг ийн нэмэгдэхэд хүргэсэн биз. Бас нийт хүн амд ногдох эмнэлгийн үйлчилгээний чанар тааруу, хүрэлцээ муугаас иргэд эмийн компаниудын рекламны заавраар элдэв эм хэрэглэхийг илүүд үзэж эмх замбараагүй болсон эмийн бизнесийг бүр ч хөхиүлэн дэмжих болсон нь бодит үнэн юм.
Нийгэмд бий болсон энэ нөхцөл байдлыг мөнгөтэй болох хүсэлтэй хүмүүс овжноор ашиглаж арай илүү мөнгөтэй нь эмийн бөөний төв, эмийн импортын компани эрхэлж, арай бага мөнгөтэй нь тэднээс эмийг нь худалдаж аваад эмийн сан ажиллуулах болсон. Ялангуяа эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд өвлийн улиралд ханиад томуу газар авч эмийн сангуудын ачаалал нэмэгддэг гэдэг.
Энэ үед л тэдний сезон орж жилийнхээ гол орлогыг нугалж авдаг байна. Ингэж эмчийн хяналтан дор худалдаалагдах ёстой эм орлого ихтэй бизнес болж хувирсан. Эмх замбараагүй хэт их хэрэглээ, хангалтын цаана хуурамч бүтээгдэхүүн байдаг нь бичигдээгүй хууль гэлтэй. Хуурамч эм гээч зүйлд ч олон иргэн хохирсоор байна.
Хуурамч эмийн хяналт манайд сул байгаа нь ийм тохиолдлыг улам бүр нэмж ард иргэд туршилтын туулай болсон хэвээр буй юм. Хилээр ямар нэгэн хяналт шалгалтгүй орж ирсэн эм, эмийн бүтээгдэхүүнд хордож амь насаа алдсан тохиолдол байхыг үгүйсгэх аргагүй юм.
Монгол Улсын хөгжилд үйлдвэрлэл чухал үүрэгтэй боловч ийм зүй бус хэрэглээг хөхиүлэн дэмжсэнээр үндэстнээ аюулд оруулах зам ойрхон болж байгааг хууль дүрэм зохиож байгаа эрхмүүд анхааралдаа авч, эмийн хэрэглээ гэдэг зүйлийг хууль журмандаа нарийн тусгаж өгөх хэрэгтэй болоод байна.
Манай улсад үр зулбуулах нэг л эм бүртгэлтэй байдаг
Зөвшөөрөлгүй ямар эм бэлдмэл манай улсад зарагдаж байгаа, эмийн бүртгэлийн талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн З.Зузаанаас тодруулсан юм.
-Манай улсын эмийн бүртгэлээс хасагдсан зөвшөөрөлгүй эмүүд эмийн сангуудад их зарагдаж байгаа нь иргэдийн эрүүл мэндэд заналхийлcэн асуудал болж байгаа?
-Энэ асуудал манай байгууллагын хувьд яригдаж байгаа чухал асуудлын нэг. Хүний эмийн зөвлөлийн хурлаар энэ талаар танилцуулсан байгаа. Зарим улс орнуудад хэрэглээг нь хязгаарласан байтал манай улсад хэрэглэгдэж байгаа талаар эргэж харж үзэхээр болсон.
Эмийн бүртгэлээс эмийг хасахад тухайн үйлдвэрлэгч компани нь тухайн улсын зах зээлийг жижиг ч гэдэг юмуу ямар нэгэн ашиггүйгээр ажиллаж байгаа тохиолдолд хасдаг. Мөн эмийн бүртгэлээс хасдаг нэгэн шалтгаан нь тухайн эмээс ноцтой ямар нэгэн зүйл илэрч олон хүний амь насанд хүрсэн, тахир дутуу болгосон гэх зэрэг гаж нөлөө үзүүлсэн тохиолдолд хасдаг. Түүнчлэн ард иргэдийн гомдол, санал мэргэжлийн эмч нарын дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газраас хасах хүсэлт гаргавал хасч болдог.
Гэхдээ манайд харамсалтай нь Мэргэжлийн хяналтын газар болон эмнэлгүүдээс эм хасах талаар ямар нэгэн санал ирдэггүй. Эмч нар нөгөө л бичиж сурсан эмээ бичээд өгчихдөг. Гэтэл тэр нь зөвшөөрөлгүй эмийн бүртгэлээс хасагдсан эм байдаг. Тийм учраас эм бүртгэлийн үйл ажиллагаа нь дүрэм журмынхаа дагуу явдаг. Нэг эмийг бүртгэсэн бол таван жилийн хугацаатайгаар компьютер дээр автоматаар бүртгэгдэж хугацаа нь дууссан бөл хүний оролцоогүйгээр хасагддаг. Ингэж хасагдсан эм их бий.
-Манай иргэдийн түгээмэл хэрэглэгддэг боловч бүртгэлээс хасагдсан ямар эмүүд байгаа вэ?
-Ерөнхийдөө улсын бүртгэлд бүртгэгдсэн эмийн бүртгэлийг харж байхад Польш, Герман, Унгар Орос зэрэг улсын цөөн тооны эмүүдийг хассан байгаа. Энэ нь бүртгэлийн хугацаа нь дууссан шалтгаанаар хасагдсан. Жишээлбэл Унгар улсад үйлдвэрлэгддэг преднизолон гээд эм уухаар, Польш улсад үйлдвэрлэгдсэн Лорендин А, С гээд арьсанд түрхдэг мазууд, Америкийн Антифлю гээд дусаалга гэх мэтчилэн эм, эмийн бүтээгдэхүүн хасагдсан байгаа.
-Бүртгэлээс хасагдсан эмнүүд улсын бүртгэлд оролгүйгээр зарагдсаар байгаа. Энэ талаар?
-Улсын бүртгэлээс хасагдсан л бол импортоор орж ирэх ямар ч нөхцөл боломж байхгүй. Хэрвээ орж ирж байгаа эмүүд нь бүртгэлгүй л бол хууль бусаар орж ирсэн баталгаагүй эм. Үүнийг Мэргэжлийн хяналтык байгууллагынхан хяналт шалгалтаа хийж илрүүлэх хэрэгтэй.
-Манай монголчуудын хамгийн их хэрэглэдэг парацетамолыг бүртгэлээс хасч зөвшөөрөлгүй эмийн тоонд оруулсан гэсэн?
-Энэ эмийн тухайд бусад улс оронд хэрэглэгдэж байгаа хасагдаагүй. Гэхдээ эмэнд тунгийн зохицуулалт гэдэг маш чухал. Тохирсон тун хэмжээгээр эмчийн заавраар хэрэглээгүйгээс болж нөгөө эмнээсээ хордох тохиолдол их бий. Манайхан нэг толгой нь өвдөнгүүт юу юугүй эмийн сан ороод эм аваад уучихдаг. Эм хоол хүнс биш гэдгийг сайн ухамсарлах хэрэгтэй. Парацетамол нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зайлшгүй байх ёстой эмийн жагсаалтын зургаад бичигдсэн. Хамгийн гол нь энэ эмийг тунгаар нь хэрэглэх.
-Сүүлийн үед үр зулбуулах эмийн хэрэглээ манай улсад их болсон. Эдгээр түгээмэл хэрэглэгдэж байгаа зулбуулах эмнүүд бүртгэлтэй байдаг уу?
-Хятад улсад үйлдвэрлэгдсэн мезопростол гээд зулбуулах эм бүртгэлтэй байдаг. Энэ эм нь албан ёсны үйлдвэрлэгч компаниас ирүүлсэн лабораторийн шинжилгээ үйлдвэрлэгчийн бүрдүүлсэн бичиг баримт, материал дээр үндэслэн ямар нэгэн асуудалгүйгээр нийлүүлэгддэг.
Энэ эмийг эмчилгээний стандартад орж эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой. Одоогоор манай улсад үр зулбуулах өөр эм бүртгэгдээгүй.
-Эмийг сурталчилж болохгүй гэдэг ч манай улсад энэ бол хэрээс хэтэрсэн асуудал болоод байгаа?
-Зар сурталчилгааны тухай хуулинд жоргүй олгодог эмийг сурталчилж болно гэж заасан байдаг. Гэхдээ энэхүү рекламыг хийхийн тулд эмийн зохицуулалтын газарт хандаж рекламаа цацахаасаа өмнө үзүүлж хянуулан Хүний эмийн хурлаар орж зөвшөөрөх, зөвшөөрөхгүй эсэхийг нь шийддэг.
Г.Тогос
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ghh