Зарим ахмад тамирчны ахуй амьдралыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв
Хүн төрөлхтний энх тайвны бэлгэдэл олимпийн наадмаас Монгол Улс анх медаль хүртсэний 50 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр /2018.02.13/ олимпийн дэвжээнээс медаль хүртсэн тамирчдыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд уулзалтын эхэнд Монголын тамирчид олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ойн баярын мэндийг хүргээд, амжилтаа буухиалуулсан олон сайн шавь төрүүлэхийг хүсэн ерөөв. Мөн энэ удаагийн уулзалт Пёнчаны өвлийн олимптой давхцаж байгаагаараа онцлог болохыг тэмдэглээд, 2020 оны Токиогийн олимпод бэлтгэх, амжилтаа улам бататгах талаар санал зөвлөмжөө өгөхийг хүсэв.
Дараа нь Хөдөлмөрийн баатар З.Ойдов, Ардын багш Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, олимпийн хүрэл медальт Р.Даваадалай нар болон олимпийн медальтнуудын ар гэрийнхэн үг хэлж, сар шинийн босгон дээр хүлээн авч уулзаж буйд Улсын Их Хурлын даргад талархал илэрхийллээ.
Мөн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор олгож буй цалин, урамшууллыг УИХ-ын хууль, тогтоомжийн хэмжээнд баталгаажуулж өгөх, 1964 оны Токиогийн олимпийн багийн ахмад тамирчдыг 2020 оны олимп үзүүлэх арга хэмжээ авах, олимпийн медальтнуудын алдрыг мөнхжүүлэх, зарим ахмад тамирчдын ахуй амьдралыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд тамирчдын санал, зөвлөмжийг сонссоны дараа дээрх асуудлыг Засгийн газар, холбогдох байгууллагуудтай ярилцаж, боломж бололцоогоо судалж, бодитой ажил болгох тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: