Монголын шоронд хоригдож буй Мухаммед Ибрахим Муншиг гэгч нь террористуудыг санхүүжүүлэгч байсан уу
Австрали, Их Британи улсын давхар иргэншилтэй Мухаммед Ибрахим Муншиг гэдэг луйварчин эр Монголын шоронд хоригдож байгаа билээ. Түүнд манай шүүхээс өнгөрсөн оны намар 11 жилийн хорих ял оноосон юм. Монголын ашигт малтмалаас олз шүүрэхээр тэр дөрвөн жил гаруйн өмнө манай улсад анх хөл тавьжээ. Тэгээд мань эр “Моннис интерэйшнл” компани болон Ашигт малтмал газрын тосны газрын дарга нарыг хууран мэхэлж Баянхонгор аймаг дахь Шинэжинст, Говь-Алтай аймгийн Зээгтийн нүүрсний орд зэрэг нийтдээ 60 гаруй ордын лицензийг Бритиш, Виржин арлуудад бүртгэлтэй хэд хэдэн оффшор компаниудаараа дамжуулан худалдаж авсан байв.
Мухаммед Ибрахим Муншиг зөвхөн “Моннис интерэйшнл” компанид гэхэд 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол урчуулсан юм. Монголын ашигт малтмалын орд газруудыг хамтран эзэмшинэ, Оло улсын томоохон хөрөнгийн биржүүдэд хувьцаа арилжаална, IPO хийж их хэмжээний мөнгө босгоно гэсэн түүний уран гоё үгэнд манай бизнесийн томчууд тийнхүү шургаж унатлаа хууртагдсан юмсанж. Мөн Малайзын Засгийн газрын тэтгэврийн сангаас 4 тэрбум орчим ренгитийг Монголын “Гоби Коул” компани руу оруулсан гэх боловч энэ мөнгө нь ор сураггүй болсон байлаа.
Хамгийн ноцтой нь Монголын ашигт малтмалын лицензүүдийг луйврын замаар оруулах Муншигийн хуурамч төслүүдээс түүний оффшор компаниудын данс руу хэдэн сая ам.доллар урсаж орсоныг одоогоор таах аргагүй байгаа юм. Нөгөөтэйгүүр, Муншиг нь оффшор компаниудаараа гадаадын террорист бүлэглэлүүдийг санхүүжүүлж байсан эсэхийг манай хууль хяналтынхан бүрэн шалгаж чадаагүй байна.
Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “ Бид зартай алан хядагч “Лалын улс” бүлэглэлийг бут цохиж чадсан” хэмээн сүртэй нь аргагүй зарлаж буй хэдий ч цаана нь тус бүлэглэлийн гар хөлүүд дэлхийн өнгөц булан бүрд бүгэж, санхүүгийн болон бусад бүх талын дэмжлэгийг үзүүлсээр байна. Манай өмнөд хөрш Хятадын уйгарчуудаас “Лалын улс” бүлэглэлд бөөн бөөнөөрөө элсэн орж Ливи, Сири, Ирак зэрэг улсад алан хядах ажиллагаа явуулах болжээ. Ер нь сүүлийн жилүүдэд “Лалын улс” бүлэглэл нь хамгийн их хөрөнгө мөнгөтэй бүлэглэл болоод байна. Тэдний санхүүгийн гол эх үүсвэр нь газрын тосны наймаа. “Лалын улс” бүлэглэл жилдээ 2 тэрбум ам.доллар олдог бол “Хамас” бүлэглэл 1 тэрбум ам.доллар, “Хазболлах” бүлэглэл 500 сая ам.доллар, “Аль Кайда” бүлэглэл 150 сая ам.долларын санхүүжилт босгодог гэсэн судалгаа бий.
Гэхдээ “Лалын улс” бүлэглэлийн мэдэлд орсон нутгуудын газрын тосны олборлолт сүүлийн үед эрс багассан тул өөр бусад улс орнуудын байгалийн баялгаас мөнгө босгох аргуудыг сүвэгчилж байгаа ажээ. Энэ өнцгөөс авч үзвэл Мухаммед Ибрахим Муншиг нь террористуудын захиалгаар ажилласан байж болзошгүй юм. Манай тагнуулынхан ч энэ талаар нарийн мэдээлэл олж авч чадаагүй бололтой.
Урьд нь Монголд иймэрхүү учир битүүлэг хэрэг нэг бус удаа гарч байлаа. Тодруулбал, Герман улсын иргэн М.Л.Клойбер гэдэг жар гаруй настай өвгөн 13 сая евротой орж ирээд тодорхой бус шалтгаанаар 2015 оны 4 дүгээр сард нас барсан бөгөөд түүний энэ их мөнгө хаашаа алга болсон нь таахын аргагүй оньсого хэвээрээ үлдээд байгаа юм. Харин М.Л.Клойберийн хэргийг шалгах асуудлаас үүдэн ТЕГ-ын асан Б.Хурц нь уг хэргийг анх мөрдөж байсан ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарыг хувийн өс хонзонгийн сэдлээр шоронд хорьж хэлмэгдүүлсэн гэх хэрүүл маргаан одоо болтол үргэлжилсээр байна. Эдгээрээс харахад манай хүчний байгууллагын томчууд гадаадын доншуур луйварчид, мөнгө угаагчид, терроризмын нууц санхүүжүүлэгчдийг дутуу дулимагхан шалгасан нэр зүүж өөгшүүлээд байна уу гэсэн хардлага хар аяндаа л босч ирээд байгаа юм.
Б.Баяр
Шуурхай.мн
URL: